Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” групп, “Булган хангай” дэвжээний бөх Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр модон хонин жилийн сар шинийн барилдаанд залуу заан Ч.Санжаадамбатай үлдэж үзүүр булаасан билээ.
–Хонин жилийн сар шинийн барилдаанд үзүүр булаалаа. “Хоёр гуяа савчиж шидлээд ирэхээрээ ч Өсөхөө заан аатай даа” гэж бөх сонирхогч олон хэлдэг. Өөрөө бол задгай барилдаантай бөх. Өнөө жилийн цагаан сараар их сайхан барилдаан үзүүллээ?
-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй байсан. Түүний үр нөлөө гарлаа гэж бодож байна. “Булганхангай” дэвжээнийхээ бөхчүүдтэй уламжлал ёсоороо бэлтгэлээ базаасан. Манай дэвжээнд улсын гарьд И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргалаар ахлуулсан олон хүчтэнүүд бэлтгэл сургуулилтаа хийдгийг бөх сонирхогч олон мэдэх байх. Миний хувьд санасан бодсон хэмжээндээ хүртэл сайхан барилдлаа. Үзэгч олонд түрүүлчихгүй яав гэсэн бодол байсан байх. Сар шинээр золгож, уулзсан бүхэн баяр хүргээд, “Санжаадамбыг барсангүй юу. Өсөхөөгөө түрүүлэх байх гэж харж байлаа” хэмээн хэлж байв. Миний хувьд сар шинийн барилдаанд анх удаа түрүү үзүүрт шалгарч, үзүүр булаасандаа ихэд баярлан, бэлгэшээж байна. Тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох барилдаан гэж манайхан хэлдэг. Өнөө жилийн наадмаар сайхан барилдах байх. Тийм итгэл төрлөө.
–Өмнө нь цагаан сарын барилдаанд хэрхэн амжилт үзүүлж байв даа?
-2012 оны луу жилийн сар шинийн барилдаанд тав давж их шөвгийн наймд үлдэж байсан юм. Тэр жил чинь Мөнхбат аварга түрүүлж, Мөнхбаатар арслан үзүүрлэж байсан. Говь-Алтайн Ду.Батбаяр начингаар дөрөв, Увсын П.Бүрэнтөгс арслангаар тав давж зургаагийн даваанд Сангисүрэн начинд тахимаа өгсөн. Харин дараа жилийнх нь сар шинийн барилдаанд зодоглож чадаагүй.
–Яагаад тэр билээ?
-Олимпийн аварга, эрхэм дотнын анд нөхөр Н.Түвшинбаярын хамт АНУ-ыг зорьж байв. Найз маань өвдөгний хагалгаанд орсон. Тэгэхэд нь хамт байж сар шинийн барилдааныг өнжиж байсан.
–Өнөө жилийн сар шинийн барилдаанд Бүрэнтөгс, Батсуурь гээд Увсын залуу арслангуудыг дараалж давсан. Тэд бол төрийн наадамд түрүүлсэн бөхчүүд. Арслангуудтай хэрхэн барилдсанаа хуваалцахгүй юу?
-Гурвын даваанд Өвөрхангай аймгийн арслан Б.Батдоржийг амлаж барилдаад давсан. Батдоржийн хувьд “Хилчин” спорт хороонд улсын арслан Б.Ганбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг улсын цолонд ойр яваа бөх. Дараа нь Говь-Алтайн Батбаяр начинтай оноолт таарсан. Өмнө нь олон удаа барилдаж байсан хэн хэнийхээ барилдааныг мэдэхийн хувьд барилдаан таарсан гэж хэлж болно. Тавын даваанд Мөнхбаатар арслан намайг амласан. Миний хувьд хутгах мэх хийгээд давсан. Үндсэндээ шийдсэн мэхээ хийсэн хэрэг. Намайг тийм хурдан мэх хийнэ гэж Мөнхбаатар арслан бодоогүй байх. Ингээд зургаа, долоогийн даваанд Бүрэнтөгс, Батсуурь арслангуудтай хүч үзсэн. Бөх сонирхогч уншигч олон ямархан барилдаан үзүүлснийг санаж байгаа болохоор юу ярих вэ. Ерөнхийдөө шийдсэн мэхээ хийгээд санасан хэмжээндээ барилдсан. Бүрэнтөгс арслантай ч, Батсуурь арслантай ч аль алинтай нь барилдаан таардаг бөхчүүд л дээ.
–Санжаадамбыг барсангүй юу нээрээ?
-Санжаадамба заан бол энэ цаг үед үнэхээр л барилдах гэж төрсөн сайхан бөх. Бөхийн ёс жудгийг чандлан хадгалж байгаа залуу хүчтэн гэж Санжаа заанаар бахархдаг. Бид өмнө нь олон таарч барилдсан. Түвшинбаярыг олимпийн аварга болоод ирэхэд Булган аймаг аваргадаа зориулж том баяр хийсэн. Улсын цолтой ихэнх бөхчүүд очиж барилдахад Санжаадамба бид хоёр түрүү үзүүрт үлдэж, миний бие түрүүлж байлаа. Санжаадамба цагаан сарын барилдаанд өмнө нь Өсөхөө аваргыг давж улсын цолгүй түрүүлж байсан удаатай. Даваа өгсөх тусам задгай барилддаг бөх л дөө. Миний хувьд жаахан түргэдсэн тал бий байх. Давуулах гээд буруудчихсан. Гэхдээ харгүй сайхан барилдаад л унасан.
–Сар шинийн барилдаанд өөрийгөө түрүү үзүүрт үлдэнэ гэж бодсон уу. Гэр бүлийнхэн болоод ойр хүрээний хүмүүс чинь ихэд баярласан нь мэдээж?
-Ямар ч барилдаанд тэд эд давна гэсэн ойлголт төрөхгүй шүү дээ. Зүгээр л сайхан барилдъя л гэж бодно. Өнөө жилийн цагаан сараар ч ялгаагүй. Тэгж л бодсон. Харин битүүний орой Булганы Бүрэгхангай суманд суугаа ээж рүүгээ ярьсан. “Хүү нь үзүүрлэчихлээ” гэтэл өмнөөс уйлаад, цаана нь байгаа ах дүү нар маань жигтэйхэн их баярлаж байгаа нь утасны цаанаас мэдрэгдэж байлаа. Унах, давах бүрт минь хамт байдаг Баасандорж ах маань мэдээж их баярласан. За тэгээд “Булганхангай” дэвжээний хамт олон, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, “Жигүүр гранд” группийн хамт олон маань ихэд баярласан болов уу.
–Баасандорж заан яагаад зодоглосонгүй вэ?
-Бэртлийн улмаас зодоглоогүй ээ. Түүнээс Баасандорж ахын бэлтгэл сургуулилт тун сайн байсан. Энэ оны эхээр болсон Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд харцага Оюунболдтой үлдэж түрүүлж байсан шүү дээ. Манай хүн цагаан сарын барилдаанд өмнө нь их сайн барилдаж байсан. Их шөвөгт ч шалгарч байсан. Энэ удаа бэртлийн улмаас барилдсангүй.
–Баасандорж заан та хоёрыг эгч дүүсийн хүүхдүүд гэдгийг хүмүүс мэднэ. Удам гарлынхаа тухай сонирхуулахгүй юу?
-Өвөө маань “Өндөр” Цэрэндолгор гэж аймгийн начин цолтой бөх хүн байсан. Манай аав болохоор огт барилддаггүй хөдөөний малчин хүн байв. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн сумын заан бий. Бүрэгхангайдаа бол “дархан аварга” юм даа. Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань. “Миний хүү мундаг бөх болно” гэж үргэлж урмын үгээр мялаадаг байлаа. Би чинь багаасаа л барилдах өвчтэй, сахилгагүй нөхөр байсан. Дээд ангийнхаа хүүхдүүдтэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон доо. Сургуулийн захирал Догсом гэж өөрөө бөхөд дуртай залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан юм. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрдөг сөн. Гуравдугаар ангийн сурагч аймгийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанд зодоглох гэж очоод бичиг баримтгүй гэж хасагдчихаад уйлж суусан даа. Бөхөд тэгж л амиа тавьдаг байж билээ.
–Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг бөх болно гэж ихэвчлэн мөрөөддөг. Өөрийн тань хувьд?
-Эхлээд сумын заан Ц.Мөнхбаатар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээдбайнд авсан даагыг нь хөтлөөд буцна шүү дээ. Өөрөө түрүүлчихсэн шиг л баярлана, хөөрнө, догдолно. Тухайн үед ах их л том бөх юм шиг санагддаг сан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргаас аваад л олон хүнийг биширч эхэлж байгаа юм чинь. 1994 онд Сумъяа аваргыг начин болох жил нь би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.
–Өсөхөө заан маань хэдийд анх өөрийгөө бөх болох нь гэж урамшиж байв. Хүмүүст сонин байх болов уу?
-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтайгаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлэн ихэд урамшиж байсан. Үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж эхэлсэн нь тэр. 2003 ондКазахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн. Эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ямар бахтайг тэгэхэд анх мэдэрч билээ.
–Аймгийн цол хэзээ хүртсэн бэ. Мөн улсын наадамд хэдэн онд анх зодоглосон бол?
-Хоёр мянга дөрвөн онд Булган аймгийнхаа наадамд аймгийн цол хүртчих санаатай зодоглосон юм. Тэгтэл тавын даваанд Түвшээтэйгээ (олимпийн аварга, хөдөлмөрийн баатар) тунаад өвдөг шороодсон. Өнөө цол авах мөрөөдөл будаа болж байгаа хэрэг. Ингээд жаахан гомдолтойхон байж байтал Дорноговь аймгийн наадам наймдугаар сард болох сураг дуулддаг юм байна. Аймгийн цол авчихсан гэж сэрүүн зүүдэлж байгаа үе тэнгийнхээ аваргуудтай давхиад очилгүй хаачихав. Дорноговийн наадам улсын наадмаас хойно болсон болохоор том цолтой бөхчүүд олноороо очсон байсан. Одоогийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Амартүвшин нарыг начин цолтой байхад нь өвдөглүүлж тухайн наадмын түрүү бөх болдог юм. Баярласан гэдэг тоймгүй. Ингэж л аймгийн арслан цол хүртэж байлаа. 2005 онд улсын наадамд анх зодоглосон. Төрийн наадам эхлэхийг өмнө нь зурагтаар л харж байсан. Зодог шуудгаа бүслээд цэнгэлдэх рүү ороод ирэхэд их гоё санагдаж билээ. Тэр жил Сэлэнгэ аймгийн начин Ш.Зоригтоор хоёр давж гурвын даваанд одоогийн улсын заан тухайн үед аймгийн арслан цолтой байсан Т.Санчираар тунаж давсан юм. Дөрвийн даваанд Б.Ганбат арсланд тахимаа өгсөн. “Миний дүү сайн бөх болно шүү” гэж хэлэхэд нь баярлаж билээ. Гурвын давааны төгсгөлд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бөхийг хэн ч амлаагүй хооронд нь тунааж байсан удаатай. Одоо бүгд л улсын цолтой хүчтэнүүд болж дээ. Төрийн наадамд анх зодоглосон жил Д.Баасандорж ах маань Хэнтийн Одхүү начингаар тав давж улсын цолонд хүрэхэд өөрийн эрхгүй баярлан наадмын талбай дээр уйлаад зогсч байсан.
–Өөрөө ахаасаа нэг жилийн дараа буюу 2006 онд начин болж байсан. Бас л өөрийн хүчээр цолонд хүрч их л баярлаж байсан санагдана?
-Тийм ээ, Т.Амартүвшин харцагыг начин цолтой байхад нь тавын даваанд давж өөрийн хүчээр цолонд хүрсэн. Тэр чинь 2006 он. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан жил. 1024 бөх зодоглосон төрт ёсны баярт улсын начин цол хүртсэндээ бэлгэшээдэг.
–Заан цолыг хэдэн онд хүртлээ?
-2009 онд улсын заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл ч сайн байсан. Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав, шинэхэн начин Эрдэнэбилэгийн Энхбатаар зургаа давсан юм. Зургаагийн даваанд ам сонсоход улсын цол дөнгөж хүртээд байсан гурван залуу байж байлаа. Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Э.Энхбат нар. Тэгээд л Энхбатыгаа авсан. Бид хоёр чинь нэг нутгийн нэг дэвжээний бөхчүүд шүү дээ. Харин долоогийн даваанд Н.Ганбаатар гарьдтай тунасан. Ганбаа гарьд бол надаас биеэр том, чац өндөртэй бөх л дөө. Түүнийг хутгах мэхээрээ давж заан цолонд хүрсэн.
–Заан цол хүртсэнийхээ дараа жил мөн л зааны даваанд шалгарч байсан. Тэгэхдээ зургаагийн даваанд өөрийн ах Д.Баасандоржтой тунаж байлаа. Тухайн барилдаанаа эргээд дурсахгүй юу?
-2010 оны наадам шүү дээ. Зургаагийн даваанд яалт ч үгүй Дорж ах (Д.Баасандорж заан)-тай тунадаг юм. Тэгээд яахав, хүч үзсэн. Энгийн амьдал дээр ах дүү болов ч төрийн наадмын дэвжээнд ах дүү гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ бүр чиг үнэн хүчийг үзээд хоёр биенээ цуцаагаад зүтгэхэд бас хэцүү. Хэн сайн байгаа нь л дээшээ барилдахыг бодно. Ингээд Дорж ахаар зургаа даваад долоогийн даваанд тэр жилийн түрүү бөх Б.Ганбат арсланд унасан юм. Тэр жил Ганбат арслан Өсөхөө аваргыг давж түрүүлснийг манайхан мэднэ. Наадмын түрүү бөх гэдэг арай өөр байдаг юм билээ. Яалт ч үгүй баралгүй унасан юм даг. Дараа жил нь би мөн л наадмын түрүү бөх болох П.Бүрэнтөгс арсланг тавын даваанд амлаж барилдаад тахимаа өгсөн.
–Ерэн жилийн ойгоор наадамчин олон Өсөхөө заандаа багагүй итгэл хүлээлгэж байсан. Ер нь цолоо ахиулах болов уу гэж тааварлаж байсан. Тэгтэл зургаагийн даваанд Д.Баасандорж заанд өвдөг шороодсон. Хүмүүс бол ахдаа өгчихлөө дөө гэсэн байдлаар хүлээж авсан даа?
-2011 онд Баасандорж ах үнэхээр гойд байсан. Төрийн наадмын түрүү болчихоод зогсож байхыг нь үгүйсгэх аргагүй байсан. Тийм болохоор ахыгаа дээшээ барилдана гэж бодсон. Тэр жил ах маань Т.Өсөх-Ирээдүй харцагаар долоо давж заан болсон доо.
Ярилцсан Н.ГАНТУЛГА