Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал”

Орцныхоо үүдээр орж явтал ард тар няр хийгээд явчихав. Эргээд хартал нэг хүүхэн жижгэвтэр суудлын машины цонхыг чулуугаар хайр найргүй балбаж харагдлаа. Хавь ойрд нь явж байгаа хүмүүс бүсгүй рүү харах хэдий ч хажуугаар нь юу ч болоогүй мэт зөрөөд өнгөрөх аж. Нөгөө хүүхэн “Чи ингээд уур хүргээд бай” хэмээн хашгичиж машины цонхыг хагалчихаад яваад өгөв. Намайг гэртээ ортол машины эзэн гарч ирээгүй юм. Магадгүй тэр цонхоороо энэ бүхнийг хараад зогсож байсан ч байж болох. Энэ явдлаас гурав хоногийн дараа тэр өдөр чухам юу болсныг олж мэдсэн. Нөхөр нь гэртээ хоноогүй аж. Гэтэл ажил дээр нь эхнэр нь ирээд зогсоолд байсан машиных нь шилийг хагалаад явсан нь тэр аж. Машины эзэн энэ явдалд огт бухимдаагүй гэсэн.Тэр машинаа нэг тойруулж харснаа “Манай эхнэр 400 мянган төгрөгөөр энэ удаа бухимдлаа тайлчихлаа. За яах вэ, 600 мянган төгрөгөөр уурлачихаагүй нь яамай” гэж хэлснийг дэргэд нь байсан хүн надад дамжуулсан юм. Эхлээд ухаан муутай хүүхэн мэт бодогдож байсан ч тэр бүсгүйн зоримог араншинг бахархмаар санагдсан. Нөхөр нь чухам яасан болоод тэр хүүхэн ийм алхам хийснийг мэдэхгүй шүү дээ.

Хайр, задгай мөнгө хээнцэрлэл, чимэг зүүлт биш. Магадгүй энэ тухай нөхөртөө сануулах гэсэн байх тэр бүсгүй. Хэн нэгнийг хайрласан бол эргүүлээд авч болдоггүй зүйл. Чи хүссэн бол тэр хайр ирж л таараа. Харин хариу нь муу сайн ямар үр дагавартай байх нь хамаагүй. Бас дэнгийн эрвээхэй шиг түүндээ оосорлуулаад чирэгдэж болно. Эсвэл хатан хаан шиг амьдарч болно. Энэ бол сугалаатай адил зүйл. Хайрлалцахадхэн нэг нь хариу нэхдэггүй гэдгийн үлгэр магадгүй дээрх хоёрын жишээ байж болох юм. Эд хөрөнгө бол олдоно. Харин тэр бүсгүйн “400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал” залууд түүнээс том ухаарлыг өгсөн байж болно. Хайраас хайр төрж тэр бүхэн бидний амь болон дэлбээлдэг утга ч энэ байж болох.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *