Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсантай ярилцлаа
-Та бол насаараа хөдөө сууж буй бичгийн хүн юм. Манай сонин хөдөө суугаа зохиолчдоос ярилцлага авч цувралаар гаргаж байна. Эл удаа танаас яриа авах боллоо. Та бол гучаад оны эхээр төрсөн насны хувьд Сүрэнжав, Бадарч, Цоодол, Урианхай гээд аваргуудаас ахимаг хүн. Тэгэхээр эртний хүн болж таарна. Их утга зохиолын босго хэдий үеэс алхав даа.
-Хотоос зайдуу сууж уран зохиолтой нөхөрлөсөн нь нэг талын их таатай санагддаг шүү. Байгаль дунд, чимээгүйн дунд, хааяа ганцаардлын орон зайд элдвийг бодох сонин байдаг. Магадгүй бие дааж өсөж өндийхөд нөлөөлдөг ч байж мэднэ. Би хөдөөдөө дуртай болохоор, хөдөөгөө өмөөрч байгаа хэрэг. Гэхдээ хөдөө бол хөдөө л байдаг шүү дээ. Гэтэл бичгийн ажил бичгийн ажил байдаг. Багшийн ажил бол бичгийн ажил юм даа.1957 онд дээд сургууль төгсөөд хүүхдийн дунд орж явчихсан нь зураг сонирхдог намайг шүлэг бичихэд хөтөлсөн юм. Он тоо нь эртнийх сонсогдовч 1960-аад оноос сонин хэвлэлтэй нөхөрлөж “Могойт голын модон гүүр” хэмээх хүүхдийн анхны номоо 1986 онд хэвлүүлсэн. Ер нь өөрийн уран бүтээлд хожуу орсон гэж болно. Миний анхны номын зургийг мэргэжлийн зураач Төгс-Оюун зурсан нь би өөрийгөө бас азтайд тооцдог юм.
-Булган хангайн нутгаас авьяас билэгтэй олон сайхан уран бүтээлч гарсан. Ихэнх нь таны шавь нар. “Уран-Өд” гэж дугуйлангийн үе үеийн найрагчдыг та өврөөсөө шувуу шиг нисгэсэн хүн дээ. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Миний залуу настай хамт төрсөн дугуйлан бол “Уран-өд” юм. Тэртээ 1957 онд багшлах ажилтай минь хамт буй болсон энэ дугуйлангаас олон зохиолч сэтгүүлч, багш нар төрж гарчээ. Товч дурдахад эхэн үеэс : Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг, Н.Хишигдорж, Ж.Батцэцэг, Д.Баттогтох, С.Оюунчимэг, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа, Ц.Чинбат, Б.Цэрэнжамц, Д.Ганчимэг, Б.Баасай, дунд үеэс Б.Эрдэнэсолонго, М.Хангал, Л.Ганзул сүүл үеэс Н.Мөнх-Идэр, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам гээд олон шавь нар бий. Алийг хэлж барах вэ. Он жил холдсон ч үл мартагдах сайхан уулзалт болж байлаа. Уран-өдийнхөн Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Ж.Лхагва нартайуулзаж Багшийн дээдийн Дашдорж багшийн дугуйлан болон радиогийн М.Шийрэвийн дугуйлантай холбоо харилцаатай байлаа. Монголын радиогийн сэтгүүлч Пүрэвсүрэн манай дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэж түүндээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс “Уран-өд” дугуйлан түүний нэг өд нь юм“ гэж тодорхойлсон нь сэтгэлд тод үлджээ.
-Он он жилд хөдөө суудаг болоод тэр үү уран зохиолын аваргуудаас жаахан дөлж явсан уу. Дотны найз нөхөд хийгээд уулзаж учирч явсан зохиолчдынхоо тухай дурсахгүй юу?
-Хөдөөд удсан болохоор хотынхон шиг дотор нь унаж тустал хутгалдаж явсангүй ээ. Харин нутгаараа ирсэн зохиолчдыг таньдаг таньдаггүй ч ирсэн л бол уулзаж, урьж дайлж явлаа. Нэг удаа “Үнэн” сонины сурвалжлагч Дамдинжав гуай М.Цэдэндоржтой анх танилцуулсан юм. Цэдэндорж “Чи арван шүлэг унш.Танайд ирлээ гээд би чамайг магтахгүй гэж билээ”. Би уншлаа. Тэрээр нэлээн дуугүй сууснаа “Шүлгийнхээ төгсгөлийг сайн хий. Төгсгөл дутуу байна.Тэгээд өөрийгөө хэн бэ гэж тань” гэж билээ. Өөр олон юм яриагүй. Харин Солонгосын нэг зохиолчийн амьдралын тухай хүүрнэж байсан сан. Тэрнээс хойш бид хоёр ойр харилцаатай байлаа. Өөрийгөө ойлгоход өөрийгөө хэн бэ гэж бодоход сургасан ачтан гэж одоо ч бодож явдаг юм.
-Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойгоор санагдана, та “Могойт голын модон гүүр” номоороо эвлэлийн шагнал хүртсэн дээ. Тэгэхэд хот хүрээнд ирсэн үү. Ирэхээрээ ямар хүмүүстэй уулздаг вэ?
-Тийм ээ, Хүүхдэд зориулсан шүлгийн номоороо зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Ц.Хулан, Б.Ичинхорлоо нартай хамт авч байсан санагдана. Хот орж ирэхээрээ зохиолч С.Надмид, Д.Төрбат нартай уулзаж учирч явлаа. Одоо бол шавь нарынхаараа зочилно доо. Тэр бүр хот орж ирэхгүй юм даа.
-Хөдөө очсон зохиолч бүрийнхээ уулзалтынхаа дурсамжаас он он жилээр нь ярихгүй юу. Ухаандаа тэр маань ирээд тэгж тэгж хэд хоног наргиж уран бүтээлээ ярьж онгод хиймориор халгиж байгаад буцтал дахиад тэр тэр нар зөрөөд ирж байгаа юм. Тэгээд л мөн уулзалт үдэшлэг, шүлэг найраг гээд явчихна гэх утгатай дурсамжууд юм шүү, багш аа?
-Юм л бол уран бүтээл ярьж, бие биенээ хөглөж, зөвлөж сургадаг нутаг нугын нэрторчуулагч С.Бадраа гуай, шүүмжлэгч Ц.Мөнх, уран нийтлэлч Д.Дашдорж, яруу найрагч алтан гадаст Жан.Шагдар, АрхангайнСоронзонболд нараас эхлээд Булган аймагт уран үгсийн чуулган болж олон зохиолчдын шүлэг зохиолыг сонсож явлаа. Энэ тухай дараа хөөрөлдье. Одоо эрхэмлэж явдаг хоёр хүний тухай товч дурсья. Намайг уран зохиолд анх хөтөлсөн багш маань Ө.Баасанжав. Би бол аргагүй л гарын нь шавь. Анхны минь номыг өлгийдөж авсан ачтан. Сайн байна уу, багш аа гэхээр “Өвгөний хүү би, өндөр болоод сүрлэг байна гэх. Өөрөө намхан болохоор нь би ихэд хөхөрдөгсөн. Хөгжилтэй сэргэлэн хүн байсан юм. Нөгөө нь хүүхдийн алдарт зохиолч Д.Содномдорж. Шүлэглэдэг, дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг их авьяаслаг энэ хүнийг би “багш аа” гэж хүндэлж явдаг. Одоо ч дурсдаг аа.
Дамдинсүрэнгийн Мандахсан
Цогтой золбоотой хөвгүүнд
Дамдинцоогийн Содномдорж
Цохолж хэлэх үг байна. гээд өнгийн балаар шүлэг бичээд өгч байлаа. Гарын үсгээ их чамин уран бичдэг байж билээ. Энэ хоёр хүний буянаар би хүүхдийн зохиолч хэмээх эрхэм нэрийг хүртсэн гэж эрхэмлэж явдаг юм.
-Утга зохиолд таны хайрлаж хүндэтгэдэг хүмүүс гэвэл хэн хэн байна?
-Ер хүнийг зохиол бүтээлээр нь, чин сэтгэлээр нь хүндлэх юм даа. Хүндлэх хүн байлгүй яахав. Хүнийг хүндэлснээр өөрөө дор болчихгүй шүү дээ. “Уран-өд” дугуйлан тайлангаа хийхдээ Б.Лхагвасүрэнгийн шүлгээр эхэлж М.Цэдэндоржийн шүлгээр өндөрлөдөг байлаа. Зохиолч Л.Дашням, Д.Урианхай, Г.Аюурзана, Л.Нямаа болон гарын шавь Баянаагаа хүндэлсээр өдий хүрлээ.
-Та бол яруу найргийн нэртэй төлөөллөөс гадна сайн багш хүн. Олон шавьтай. Багшийнхаа эрдмийнхээ талаар, төгссөн сургууль соёлынхооо талаар ярихгүй юу?
-Би УБДС-ийн унаган бүтээгдэхүүн. Нэг насаараа багшийн ажилд сэтгэл зүрхээ зориулав. Даасан 8-р ангиас маань Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг, 10-р ангиас Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа төрж гарсан юм. Барилгачин хүн бүтээж босгосон орд харшаараа бахархдаг бол багш хүн улс орныхоо нэр төрийг өргөж явдаг шавь нараараа бахархдаг онцлогтой. Багшийн мэргэжил сайхан, би багш нартаа баярлаж явдаг.
-Эрдэнэт хотод хэдэн оноос суурьшиж эхлэв. Хичнээн уран бүтээлийн ном туурвисан билээ?
-Би чинь нутагтаа байгаа хүн дээ. 1985 онд Эрдэнэтэд ирсэн. Уул түшсэн амьдралтай сайхан нутаг шүү. Зууны манлай болсон бүтээн байгуулалттай, дэлхийд нэртэй газар. Эрдэнэт бол миний зохиолч болох, өөрийгөө таньж төлөвшихөд нөлөөлсөн гэж омогшиж явдаг. Гэхдээ би олон номгүй гарын арван хуруунд багтах бүтээлтэй хүн юм. “Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн дуутай шүү.
-Та бол бүхий л насаараа шүлэг бүтээлээ туурвиж буй найрагч. Ер нь ингэхэд яруу найргийг залуу цагтаа бичдэг гэдгийг үгүйсгэдэг хүн бол та шүү дээ. Сүүлд гаргасан шүлгүүд чинь маш өөр, сонин сэтгэлгээний шүлгүүд байдаг. Тэр тухайгаа?
-Яруу найрагт нас хамаарахгүй гэж бодох дуртай. Он удах тусам харин ч өсөж төгөлдөршиж, буйр сууж, гүнзгийрдэг шиг санагддаг. Авьяастай төрсөн аавын хүү нас нь байдаг юм бол, нэг их яагаа ч үгүйбайж насаараа түрий барин –миний яруу найргийн нас төгслөө гээд байх нь нэг л аятайхан биш! Харин ч бодол нас нь жигдэрч, хур авьяасаа хурцалж гүнзгийрдэг юм биш үү гэж би өөрийгөө уруу татан “тэнэглэх” дуртай. Ийм л юм. Түүнээс залуу насны дүрэлцсэн гал цогийг яахан үгүйсгэнэ. Аль аль нь байж гэмээ нь сайныг бүтээх биз дээ.
Би өөрийгөө “Мандахсан гэж тэмүүлэхээс
Намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өдөөж хатгадаг нэгэн билээ. Миний л бодол шүү дээ. Хүн юу гэх ч билээ.
-Хөдөө суугаа зохиолч нөхөдтэйгээ хэр ойр байдаг бол. Холбоо сүлжээ юу байна?
-Одоо цаг бол дуртай цагтаа холбоо барьж ярьж хөөрч болох цаг. Малчин хүн бэлчээр дээрээсээ л хол суугаа хүүхдүүдтэйгээ ярьчихдаг үлгэрийн цаг юм. Би Сүхбаатар луу Амартайвантай, Дархан руу Цэндтэй, Говьсүмбэр лүү Энхтөр, Булган луу Дагваатайгаа ярьчихна шүү дээ. Саяхан П.Батхуяг маань цүнх дүүрэн ном илгээсэн байсан. Эрдэмтэн зохиолч Л.Дашнямынхаа гурван ботийг хүлээн авлаа. Яруу найрагч С.Оюун, Ж.Батцэцэг Б.Хүрэлтогоо нарынхаа шинэхэн бүтээлүүдтэйзолголоо. Энэнээс илүү сэтгэл оюуны сайхан холбоо гэж юу байх вэ. Тийм ээ, хөө.
Н.ГАНТУЛГА