Сар шинийн барын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, УБ хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулахаар болжээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцрох жолоочдод хандан дараах зөвлөгөөг өгч байна.
Баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх гэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгддэг. Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаатайгаар замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Мөн Шинийн 3, 4-ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул хууль дүрмээ дээдлэн биелүүлж өв уламжлалаа сахин хамгаалж хар сар болгохгүй байх нь та бидний гарт байгаа юм. Тиймээс хурдаа зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.