Сар шинийн бэлэг сэлт, идээ ундаанаас авахуулаад гэр орондоо сандал ширээ, аяга таваг худалдан авах гэсэн иргэдийн хөлд зах, худалдааны төвүүд дарагджээ. Тэр дундаа “Нарантуул” болон “Хүчит шонхор” зах илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Сансрын колонкоос “Нарантуул” зах орохоор цаг гаруй түгжрэв. Зүүн дөрвөн зам болон ХӨСҮТ-ийн баруун урд уулзваруудад гэрлэн дохиогоор бус замын цагдаагаар хөдөлгөөн зохицуулагдаж байлаа. Зүүн дөрвөн замаас урагш уруудсан гурван машин тутмын нэг нь бараг “Нарантуул” захын араас орох гэж ХӨСҮТ-ийн баруун урд уулзвараар зүүн гар тийш эргэж харагдав. Энэ хэсэгт замын цагдаа чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг нь хоёроос гурван минутын давтамжтай хааж, зах руу орох замыг чөлөөлж байсан хэдий ч ийн түгжирчээ. Халдвартын эмнэлгийн өмнөх автобусны буудлаас цаашхи тоос шороо боссон нарийн гудамжаар явган хүн, автомашин хоёр багтаж ядан чихэлдэнэ. Буудлын хажууханд хаалга нь зурагдсан суудлын автомашины хажууд зогсох тэрэгчин залууг нэгэн эмэгтэй “Түгжирч бөглөрөөд таг гацаж байхад хажуугаар гарах гэж зүтгээд байхдаа яадаг юм.
Чи ер нь эрүүл байна уу. Одоо чиний ажил дууссан эсэх нь хамаагүй. Шууд засварын газар явъя. Хаалгаа янзлуулъя” гээд их бухамдангуй загнаж байгаа харагдав. Цааш тав ч алхаагүй байтал захаас гарч явсан цаасан хайрцагтай томоо гэгчийн халуун тогоо тэвэрч явсан хижээл насны махлаг эр хоёр машин дундуур гарах гэж байгаад ар нуруугаараа нэгнийх нь толийг хуга татчихав. Гэтэл жолооч залуу “Замаа хардаггүй юм уу. Толь хугалчихлаа” хэмээн дуу хадаасаар машинаасаа буугаад ирэв. Өнөөх хижээл эр их л сандарч “Өө яана аа. Ахыгаа уучлаарай. Үүгээр гарах гээд хэсэг хүлээж хэсэг зогссоноо үүгээр зүтгэчихдэг нь буруудлаа” гээд хоёр гуравхан утсаар торгоогдон унжих толийг өргөж, дэмий л хуучин суурин дээр ньаваачна. Зах руу орохоор сөөм сөөмөөр урагшилсан урт цуваа таг гацсанд жолооч нар бухимдан “Хөөе, наад төмрийн сэгээ эндээс холдуулаач, зам таглаад тавьчих юм”, “Наанаа зогсоод ямар хугарсан толио бүтэн болгох биш. Эндээс зайдуухан гараад учраа ололц” гэх зэргээр араас нь хашгичин, дуут дохио хангинуулна. Жолооч залуу ч “Алив, та миний хажууд суу, эндээс холдъё. Захаас цагаан сараар хэрэглэх жаал зугаа юм авна гэсэн өнгөрлөө л дөө” гэсээр толийг нь хугалсан хижээл залууг машиндаа суулгав.
Захын хажуугийн хаалган дээр “Таван оймс 3000 төгрөгөөр аваарай” гэвэл миний урдхан талд явсан эмэгтэй “Шар улаанаас өөр гэгээлэг өнгөтэй байгаа юу. Хятадынх уу?” гэсээр хэсэг зогстол ард нь явсан би мөн л таг гацлаа. Хажуугаар нь зөрөөд гарах гэтэл ус ундаа зардаг урт лангуунд тулчихав. Нөгөө талаар нь зөрөх гэтэл өөдөөс хивс, ууцны таваг, хэвийн боов, сав суулга тэвэрсэн хүмүүс түрнэ. Азаар өнөөх эмэгтэй тэнд удаан саатсангүй дотогш орлоо”. “Улбар шар өнгийн өвлийн куртка, бор гуталтай, найман настай охин алга болсон тул харсан хүн Нарантуул захын цагдаагийн хэсэг дээр хүргэж өгч тус болно уу. Шагналтай. Мөн 9936…, 8835 … дугаарын утсаар холбоо барина уу” хэмээн чанга яригчаар зарлаж байлаа. Ууцны модон таваг, хивс, дрож дээр дэвсэх гялгар уут, хөөрөгний даалин барьсан иргэд үүд хавиар хэдэн арваараа зогсож байв. Захын зүүн хэсгийн гутал, хүүхдийн хувцас, малгай, зардаг лангуугаар олон хүн холхилдоно. Цаахна талд нь байх бөс даавуу, үндэсний дээл зардаг тасагт хөл гишгэх зайгүй байлаа. Хажуугаар нь явсан өвгөн “Өө чи бид хоёр ийшээ орно гэдэг бүтэхгүй. Захынх нь лангуунаас ач нартаа дээл сонирхвол харин яадаг юм” гэвэл эмгэн “Уг нь хаа холоос зориод ирсэн юм чинь ач нартаа бэлэгний дээлийг нь аваад очвол сайнсан. Тэгвэл захын энэ лангуунаас асуучихъя. Үнэ нь гайгүйхэн бол авчихъя. Хаа ч ялгаагүй байлгүй” гэв. “Нарантуул”-ын битүү зах ч мөн л олны хөлд дарагджээ. Хаалгаар нь орохоор чихэлдэж байсан олны дундаас нэгэн эмэгтэй “Миний түрүүвч алга болчихож, цүнхийг минь зүсчихэж. Ямар балиар амьтад вэ. Хэн нь ингэдэг байна аа” хэмээн дуу хадаав. Хамт явсан бүсгүй нь “Гутлаа авчихаад шууд энд ирсэн биз дээ. Хэдий завандаа авчихдаг байна аа” гээд гайхах, санаа зовох зэрэгцсэн харцаар түүн рүү харав. Ойр тойрных нь эмэгтэйчүүд “Муу сайн халаасны хулгайчид ингэж хүний зовлонгоор жаргал хийгээд өөдлөхгүй дээ”, “Сар шинийн хөл хөдөлгөөн ихтэй энэ үеэр яг ингэдэг юм. Болгоомжтой явахгүй” гэцгээн сугандаа хавчуулсан цүнхээ энгэртээ тэвэрч байв.
Өмнө нь “Нарантуул”-аас “Хүчит шонхор” руу 20 гаруйхан минут явсан санагдана. Харин энэ удаад хоёр цаг гаруй болов. Зүүн дөрвөн замаас барилгын материалын “100 айл” зах, тэндээсээ Баянбүрдийн тойрог орох гэж цаг гаруй түгжрэв. Харин ч уулзвар бүрийн хөдөлгөөнийг замын цагдаа зохицуулсан тулдаа ийн “хурдан” ирчихэв. Захын гадна болон доторх машины хөдөлгөөний ажилтнууд зохицуулахыг хичээж байсан ч орж, гарах гэсэн машинууд түгжирч байлаа. Зогсоол сулрахыг хүлээж байгаа цөөнгүй жолооч байлаа. Захын гадна хонины ууц зараад зогсч байсан малчид “Энэ жил хонины ууц хямдхан байна. Аргагүй хаа сайгүй өнтэй өвөл болсон учраас тэр байх даа. Тоймгүй олон хүн холхиод байгаа хэрнээ ерөөсөө зарагдахгүй юм. Бүр хямдруулаад байхад хүртэл хүн авахгүй юм. Хотынхон чинь энэ захаас өөр хямд махаа авдаг газартай болсон юм байх даа” хэмээцгээв. Өнгөрсөн жилийн өдийд тарган хонины ууц дунджаар 350 мянган төгрөг байсан бол энэ жил 250 болтлоо хямдарчээ. Зарим нь бүр “Хоёрыг авбал 400 мянганд зарна” гэв. Малчид ууц сонирхсон иргэдийн араас хоёр гурваараа дагаж “Энэ тарган ууцыг та дахиад 20 мянган төгрөг хямдруулаад худалдаад ав”, гэвэл нөгөөх нь “Та надаас яг адилхан үнээр авбал таны гэрт үнэгүй хүргээд өгчихнө шүү” гэсэн юм. Махны жижиглэн худалдагч нар хүртэл “Үхрийн мах бөөндөө 6500-7000 төгрөг бол хонины мах 5000-5500 төгрөгөөр зарагдаж байна. Таван кг-аар савласан бууз 25 мянга. Энэ бол ойрын хэдэн жил байгаагүй хямд үнэ дээ. Гэсэн ч иргэд тэр бүр авахгүй юм” гэцгээв. Зах дотор машинтайгаа орж ирээд, буцаж гарах гэсэн жолооч нар мөн л арваад минут хүлээсэн юм. Мөн зах руу зүглэсэн цөөнгүй жолооч нар “Маргааш өглөө эртхэн ирье. Тэгшээр төгссөн машин маргааш явдаггүй юм чинь арай ингэж түгжрэхгүй байлгүй” гээд буцсан юм.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН