Батсүмбэр дэх асрамжийн газар өндөр настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хүмүүсийг хүлээж авдаг болжээ. Өдгөө энд 117 хүн байдаг юм байна. Гэхдээ энд байгаа хүмүүсээс дийлэнх нь ахмадууд. Биднийг очих үед тэд өдрийнхөө хоолыг идээд дөнгөж дуусаж байлаа. Хоолны танхимаас гарч яваа өвөө, эмээ нар “Сайхан амттай хоол байна. Эртээдээс хойш шарсан тахиа идье гэж бодоод байсан юм”, “Өрөөндөө орж цамцаа сольчихоод ирье. Шатраа өрөөд сууж байгаарай” гэхчлэн ярьсаар өрөө рүүгээ явцгаав. Хоёр өвөө үүдэнд зогсоо намайг хараад “Хүүхээ чи хотоос ирэв үү” гэсээр дөхөөд ирж байна. Дэргэд ирээд “За Улаанбаатараар сонин сайхан их үү. Жаал сонин сонсъё” гэсээр сандал, ширээтэй өрөөнд дагуулаад ирлээ. Уг өрөө тэдний уулзалтын өрөө бололтой. Өөдөөс харж суугаад “За тариаланчид талбай дээр жагссан гэв үү. Үгүй ер жагсалгүй яахав ээ, тэр олон сарынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй болохоор төр засагтаа эсэргүүцэл үзүүлэх нь зөв шүү дээ. Ямар манийг залуу байх үеийн нийгэмд амьдарч байгаа биш. Тэр асгасан буудайг хүмүүс тор, тороор нь аваад явсан гэв үү” гэж асуулаа. Тэгснээ хариу хэлэхийн завдалгүй “Торлож авсан буудайгаа Гандангийн хашаанд тагтааны хоол зардаг хүмүүст хямдхан өгсөн гэж байна лээ” гэв. Бас “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа энд тэнд их гарсан гэсэн.
Эртээд тоглолт үзээд буцаж явахад тиймэрхүү хаяг зөндөө харагдаж байна лээ. Тэр үзэсгэлэн худалдаанд цагаан идээ зарж байгаа хөдөөнийхөн хэвийн боовоор биш ааруулаар таваг засахыг уриалж байгаа гэх юм. Миний хүү тэд нарын үгэнд орж болохгүй шүү. Зүгээр хэвийн боовоо аваад тавгийн идээгээ засаарай” гэхчлэн хуучлав. Ингээд болоогүй ээ “Ойрдоо зурагт, радиогоор Хакуход Хөдөлмөрийн баатар цол олгох гэж байгааг их ярьж байна. Тэрийг одоо л мэдээд байхдаа яахав дээ, манай эндхийнхэн аль нэгдүгээр сарын башё дуусахад л цагаан сарын өмнө Хакуход Хөдөлмөрийн баатар цол өгнө гэж ярьж байсан” гэлээ. Ийн ярьж суутал өрөөнийх нь хүн хүрч ирээд “Караокед хүмүүс цуглаж байна. Явж дуулъя” гэв. Дагаж яваад караокены өрөөнд орлоо. 48 инчийн хавтгай зурагттай, орчин үеийн гэрийн кино театртай ажээ. Бас баян хуур, бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүд ч харагдав. Зурагтаа асаагаад дууны ном эргүүлж байгаад Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг тавиадахлаа. Нэг нь баян хуур тоглоод нөгөө хэд нь дуулахаар болов.
Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио нь хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан гээд л ёстой нэг авч өгч байна. Дээхнэ үед байсан “Бөмбөгөр ногоон”-ыхон л иймэрхүү дуулах болов уу гэмээр цараатай сайхан дуулав. Дуулж байх хооронд сувилагч бүсгүй хаалгаар шагайтал дуучдын маань нэг гараад явчихлаа. Араас нь гартал эмчилгээний өрөө рүү дагуулан явжээ. Очоод даралтыг нь үзэж байна. Эмч нар даралт ихсэх гээд байдаг хүмүүсийнхээ даралтыг өдрийн гурван удаа үзэж өгдөг ажээ. Өглөө, өдөр, орой үзсээр байгаад хүмүүсийнхээ даралтыг хэдтэй байдгийг нэг бүрчлэн цээжилчихэж. “Манайд ер нь даралт ихэсдэг тун ховор доо. Анх ирж байгаа хүмүүсийн дунд даралттай хүн ирдэг л юм. Эмчилгээ, сувилгааны явцад тогтчихдог” гэж байна. Эмчилгээний хэсэг нь их эмчээр ахлуулан ажилладаг ажээ. Их эмч хүн бүрт тогтмол үзлэг хийнэ. Үзлэггүй өдөр байсан ч ахмадууд өөрсдөө өрөөнд нь хүрээд ирдэг гэсэн. Ирээд янз бүрийн л зүйл ярина. “Урьд шөнө жаахан тух муутай унтлаа” гэхээс эхлээд даралтаа яг хэвийн байгаа эсэхийг лавлахаар ирдэг гэсэн. Эмч нар нь ч харьцаа сайтай юм билээ. Хүрээд ирсэн ахмадуудад хэлж зөвлөөд буцааж байв.
Нэгдүгээр давхарт эмчилгээний, караокены өрөөнөөс гадна бурханы өрөөтэй ажээ. Бас үүдний хэсэгт шатар, ширээний теннис, дартс зэрэг тоглоомтой. Ахмадууд хоолоо шингээнгээ ширээний теннис тоглож байгаад өрөөндөө ордог гэсэн. Харин бурханы өрөөнд Бурхан багш, Манал, Авид зэрэг бурхан залсан байв. Мөн Далай ламын томоо гээчийн хөрөг байна. Хөгшчүүлийн ихэнх нь сүсэг бишрэлтэй учраас өглөөд энд орж ирээд бурхан шүтээндээ залбиран арц, хүж уугиулж хэсэг сууж байгаад гардаг гэнэ. Мөн үүдний танхимын том зайд таван ханатай гэр барьчихаж. Уг гэрийг хэдэн жилийн өмнө Германы нэгэн байгууллагаас ахмадуудад бэлэглэжээ. Гэрийг барихгүй удахаар хэлбэрээ алдчих гээд байдаг учраас ийн бариатай чигээр нь байлгадаг юм байна. Басхүү ахмадууд монгол гэрээ үгүйлэхээр дуртай үедээ дотор нь ордог гэнэ. Харин зуны дэлгэр цагт явахыг хүссэн газар руугаа гэрээ ачаад явдаг ажээ. Эднийх гурван автобустай болохоор хөгшчүүлээ суулгаж аваад дуртай газар нь хүргэнэ. Зун бол эндээ байхаас илүүтэй гол ус бараадан налайж байх дуртай ажээ. Харин сэрүү орсон үед үе, үе автобусандаа суун хот орж тоглолт үздэг юм байна. Зарим нь бүр даргынхаа өрөөнд орж ирээд “Намсрайноровын тоглолт тэдэн сарын тэдэнд Бөхийн өргөөнд болох гэж байна. Үзье” гэдэг гэсэн. Энэ үед автобусандаа суулгаад аваад явдаг ажээ. Ер нь ахмадууд мэдээлэл сайтай байдаг гэсэн. Нэг удаа бүр хариуцсан дарга дээрээ орж ирээд “Гэрийн театраараа “Аравт” үзмээр байна” гэжээ. Нэвтрүүлэг юм болов уу, эсвэл тоглолт нөхөж үзэх гээд байгаа юм байх даа гэж бодоод “Юу билээ тэр чинь” гээд асуутал “Ажил, ажил гэж суухаар гадуур дотуур болж байгаа юмыг сайн үзэж байгаач. Тийм кино гараад удаж байна. Олоод ирээрэй” гэчихээд гараад явжээ. Энэ мэтчилэн өвөө, эмээ нар дуртай зүйлээ хүссэн үедээ үздэг юм байна.
Батсүмбэрийн асрамжийн газар байдаг ахмадууд тэтгэврийнхээ 30 хувийг хадгалуулдаг ажээ. Уг мөнгийг тусдаа дансанд байршуулан хуримтлал үүсгэдэг юм байна. Хүндээр өвдөх, зайлшгүй мөнгөний шаардлага гарсан үед хэрэглэдэг гэсэн. Өөрсдийнх нь мөнгө ингэж хуримтлагдаж байгаа гэдгийг ахмадууд нарийн сайн мэддэг гэсэн. Тиймээс хааяа хотод очиж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирдэг ажээ. Ирэхдээ хэвтсэн эмнэлгээсээ нэхэмжлэх бариад ирнэ. “Арав хоногийн дотор 1.5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн шүү. Мөнгө шилжүүлээрэй” гэсээр ирдэг гэсэн. Тэтгэврийн мөнгөний үлдсэн 70 хувийг өөрсдөө авна. Тэтгэврийнхээ мөнгөөр юу хийж байна вэ гэж асуухад “Хойд дэлгүүрээс ганц шил хатуу юм авна” гээд инээж байна. Энд архи, дарс хэтрүүлэн уухгүй л бол айхтар хориглоод байх зүйлгүй. Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох тааваар нь байлгахыг хичээдэг гэж асрамжийн газрыхан ярих юм билээ.
Энд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь харж хандаж хүнгүй хүмүүс. Үр хүүхэдгүй, эсвэл хүүхэдтэй байлаа ч аав ээжийгээ асарч чадахгүй нь тогтоогдсон бол энд авчирдаг юм байна. Харин зарим тохиолдолд манай ээжийн тэтгэвэр одоо тэдэн төгрөг болсон байх учиртай. Тэр мөнгийг авмаар байна гэсэн хүмүүс ирдэг ажээ. Бас саяхан нэгэн залуу хүрч ирээд ээжийгээ авч явна гээд сүйд болж. Ээж нь ч хүүхдийндээ очно. Ач, зээ нарыгаа харья гээд байхаар нь явуулчихаж. Гэтэл хэдхэн хоногийн дараа эндхийн нийгмийн ажилтан “Хотоос ярьж байна. Энд танай асрамжийн газрын хүн ирчихсэн байна. Ирж аваач” гэж утасджээ. Машин тэрэг гаргаад яваад очтол өнөө ач, зээгээ харах эмээ зогсож байсан гэнэ. Хүүхдүүд нь гэртээ аваачиж нэг хонуулаад, маргааш нь банкнаас хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээл авахуулаад хөөчихөж. Эмээ хүйтэнд даарахдаа Баянхошуун дахь уурын зууханд очжээ. Хүмүүс яав ийв гэхээр нь “Би Батсүмбэрийн асрамжийн газрын хүн байна. Намайг ирж ав гэж хэлээд өг” гэсэн байна. Ингээд асрахынхан буцааж авч явсан гэнэ.
Нийгмийн төлөө сайн үйл хийх хүсэлтэй хүмүүс хамгийн түрүүнд эндхийн асрамжийн газрынхантай холбогддог ажээ. Ирэхийнхээ өмнө утасдаад юу хэрэгтэйг нь асуудаг гэсэн. Хоол унд хангалттай учраас хэвтрийн хүмүүстээ “Baby” биеийн тос, пасперс хоёр захина. Хэвтрийн хүмүүсийн ууц, нурууг байнга тосолж байвал цоордоггүй гэсэн. Сувилгаа сайтай учраас нэг ч хүний нуруу цоороогүй гэдгийг сувилагч нар онцолж байлаа. Мөн ахмадуудыг эргэж ирсэн хүмүүс янз бүрийн л зүйл авчирна. Ерөнхийдөө сайн дураараа өндөр настнуудад туслах хүний хөл тасардаггүй юм байна. Ялангуяа цагаансарын өмнө өдөр алгасахгүй шахам ирдэг ажээ. Ирсэн хүмүүс ахмадуудад бэлэгтэй ирнэ. Асрамжийн газар нь хоол сайтай учраас хэр баргийн идэх юмыг голоод иддэггүй гэсэн. Чоко пайг л гэхэд уут уутаар нь сувилагчдынхаа өрөөнд овоолоод тавьчихсан байдаг ажээ.
Хоёр давхарт нийтийн зурагт, ном уншлагын өрөөтэй юм байна. Ахмадууд дотроо бие засах өрөөтэй, зурагттай өрөөнд байдаг ч гэлээ бөөнөөрөө сууж кино үзэх дуртай гэсэн. Өрөө нь дулаахан гэж жигтэйхэн юм. Зурагтын өрөөнд ортол сар шинийн яриа өрнөж байв. Том ширээ засдаг, төрийн гурван өндөрлөгийн нэгэн адил гурван том ууцтай, гурван тавгийн идээтэй ширээ засдаг тухайгаа сонирхуулж байна. Мөн өрөө болгон тавгийн идээтэй, чанасан махтай шинэлдэг тухайгаа ярилаа. Энд амьдарч байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь 90 хүрч байгаа юм билээ. Золголтын тухай яриа өнгөрсөн шинэ жилийнх рүү ортол таяг тулсан эмээ өрөөнөөсөө зураг бариад гараад ирэв. Тэр нь өнгөрсөн шинэ жилийн хүлээн авалтынх. Оргилуун дарстай, хүйтэн зууштай, халуун хоолтой, тавагтай чихэр, жимсний цуглуулга гээд дундаж газрын хүлээн авалтаас дутахгүй ширээнд инээлдэн суугаа зургаа үзүүллээ. Цагаан сар шинэ жилээс ч өргөн дэлгэр болно. Олон хоног амарвал хүрээд ирээрэй гэсээр хоцорлоо.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН