Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын төсөлд Гацууртын ордоос Монголын төр 20 хувийг эзэмшинэ, ингэхдээ хөрөнгө оруулагч талд ямар нэг төлбөр төлөхгүй байхаар оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжсэн байна.
Хэрэв Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ногдол ашгийн хувиар орлого хуваарилагдана. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ.