Categories
мэдээ нийгэм

Дугаар нь 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” батлагдан гарлаа. Уг журмын зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм.

Уг журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заасан.

Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйг заасан байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч Та тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулах болохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *