-Украинд цэргийн тусламж илгээх асуудал нь Барууныхныг үзэл бодлоор хуваагдахад хүргэв-
Украины зүүн хязгаарын хямрал Мюнхений аюулгүй байдлын уулзалтын гол сэдэв байлаа. Германы Мюнхен хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд /II.6-8/ олон улсын аюулгүй байдлын бодлогын асуудлыг хэлэлцдэг бага хурал болж өндөрлөсөн юм. 51 дэх удаагийн уулзалтанд Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, сенатор Жон МакКлэйн, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины ерөнхийлөгч Пётр Порошенко тэргүүтэй 20 орны төр засгийн тэргүүн, 60 орчим гадаад хэргийн сайд, дипломатууд хуран чуулав. Хоёр өдрийн уулзалтанд хэлэлцэх гол сэдвийн хүрээнд Европын холбоо дотроо хуваагдсан болохыг албаныхны байр суурь нотлон харууллаа.
Бага хурлын үеэр АНУ тэргүүтэй Оросын эсрэг “суртал ухуулагчид” Украиныг цэргийн зэвсэг, техникээр хангахыг үгүйсгэсэнгүй. НАТО-гийн цэргийн командлагч генерал Филип Бридлов “Украин руу цэрэг илгээхгүй боловч Киевийг цэргийн зэвсэг, техникээр хангаж болно” хэмээн мэдэгджээ. Укрианы хямралд ОХУ-ыг буруутгасан байр суурийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Британийн гадаад хэргийн сайд асан Малком Рифкинд, АНУ-ын сенатор Линдсей Грэхем нар хүчтэй илэрхийлсэн юм.
Укрианы ерөнхийлөгч Пётр Порошенко бага хурлын үеэр ОХУ-ын хэд хэдэн паспортыг үзүүлж, Донбассын зөрчилд Оросын цэргүүд оролцож буй гэдгийг нотлохын хичээв. Үүний хариуд ОХУ-ын албаныхан хар зах дээрээс хичнээн л бол хичнээн ийм хуурамч паспорт олж авч болохыг дурьдаад Укрианы талаас албан ёсны хувилбарыг өгөхийг хүссэн байна.
Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины тогтвортой байдлыг алдагдуулахад АНУ, Европын холбооны бодлого илүүтэй үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгажээ. Сергей Лавров АНУ, Европын холбоо ардчилсан замаар сонгогдсон Киевийн Засгийн газрыг түлхэн унагаахад тусалсан хэрнээ үүний дараа төрийн эргэлтээр гарч ирсэн шинэ Засгийг зүүн хэсгийн ард түмнийхээ эсрэг их бууны ам чиглүүлэхийг хориглоогүй хэмээн хурцаар шүүмжлэв. Түүнчлэн Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хандан Киевийн Засгийн газрыг цэргийн зэвсэг, техникээр хангах нь урьдчилан хэлэх аргагүй үр дагаврыг авчирч, Украины зүүн хэсгийн хямралыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтыг үгүй хийхийг хатуу анхааруулжээ.
Үүний зэрэгцээ бага хурлын үеэр ОХУ-ын эсрэг байр сууриа зөөллөх орнуудын тоо нэмэгдсэн нь ажиглагдав. Москва хотноо Укрианы зүүн хязгаарын энхийн шинэ гэрээг хэлэлцсэний дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Оросыг буруутгасан байр сууриа эрс зөөлрүүлсэн байна. Францын экс ерөнхийлөгч Николя Саркози “Парис шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна. ОХУ, Франц нь удаан хугацааны турш нийтлэг ашиг сонирхолтой явж ирсэн. Украинаас салж, ОХУ-д нэгдсэн Крымын сонголтыг буруутгаж болохгүй” хэмээн ярьжээ. Өмнө нь Чехийн экс ерөнхийлөгч Вацлав Клаус Крым үргэлж ОХУ-ын нэг хэсэг байсаар ирсэн хэмээн мэдэгдэж байв.
Хэдийгээр Европын лидерүүд Киевийн Засгийн газрыг дэмжихэд санал нэгдсэн ч АНУ-аас цэргийн зэвсэг, техникээр тусламж үзүүлэхийг цөөн хэд нь л дэмжиж байгаа аж. Тухайлбал, Германы канцлер Укрианы хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэх гэж хичээн зэр зэвсэг илгээх нь зөрчлийг хурцатгахаас хэтрэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ийнхүү Украинд цэргийн тусламж илгээх асуудал нь Барууныхныг үзэл бодлоор хуваагдахад хүргэв.
Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригтоо ороогдож, мухардалд орж эхлээд буй. Гэвч энэ нь АНУ-д ямар ч нөлөөгүй. Мөн зөрчил Америк биш Европ тивд өрнөж буйг авч үзэх хэрэгтэй хэмээн ЕХ-ны зарим орнууд Вашингтоны санааг дэмжихгүй байна. Энэ талаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөх асан Лоде Ваноост тайлбарлажээ. Лоде Ваноост “Юун түрүүнд, Украины хямрал даамжирвал Европын холбоо шууд оролцоно. Энэ бол АНУ-ын шууд оролцох асуудал биш. Хоёрт, Киевийн Засгийн газар маш тогтворгүй, бүр өөрийн армийн бүхий л нэгжид бүрэн хяналт тавих чадваргүй гэдгийг Европын холбоо бодитоор үнэлж мэднэ” хэмээсэн байна.
Олон улсын аюулгүй байдлын бодлого тодорхойлох анхны бага хурал нь 1963 онд Мюнхенд болжээ. Уламжлалт бага хурлаар 1990 он хүртэл АНУ, Баруун Европын орнуудын асуудлыг хэлэлцэж байв.