Categories
мэдээ цаг-үе

Малчдад ашигтай төсөл хэрэгжиж байна

Өнгөрсөн хавар иргэний хөдөлгөөний нэр барьсан хэсэг нөхөд “Дорноговийн малын махыг битгий идээрэй” гэх маягийн зүйл ярьж хийрхсэнээс болж ялангуяа тус аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын малчид ихэд бухимдацгааж байсан юм. Гэвч таанын толгойгоор тарга авсан тус нутгийн малын махны амт чанар зах зээлээ огтхон ч алдсангүй.Тэр ч байтугай хаа сайгүй өвлийн идшээ зэхэцгээж байгаа энэ үеэр Дорноговь аймагт ажиллаж байгаа зарим компаниуд энэ нутгийн малчдаас мах худалдан авч эхэлсэн байна. Тухайлбал Монголд ураны хайгуул явуулж байгаа “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” компани ажилчдынхаа хоол хүнсэнд зориулж, хээрийн ангийнхаа ойр орчмын малчдаас хонь, үхэр худалдаж авчээ. Энэ талаар тодруулахаар бид нутгийн малчид болон компанийн төлөөлөлтэй очиж уулзсан юм.

Биднийг очих үеэр хүйтний ам наашилж, ихэнх малчид өвлийн уртад хэрэглэх гурил будаа, ахуйн хэрэглээний зүйлсээ базааж авахаар төв орцгоосон байж таараад байлаа. Гэхдээ л зарим малчдаас энэ талаар тодруулж асууж амжсан юм. Эхний буусан айл маань Улаанбадрах сумын Аргалант багийн малчин н.Оргодолынх байв. Гэрийн эзэн эзгүйд таарсан тул эхнэр Ш.Алтанцэцэгээс зарим зүйлийг асуулаа.

Намаржаа тавлаг уу? Сайхан намаржиж байна уу?

-Цаг агаар тогтуун, тавлаг сайхан л байна. Төвөөс явж байна уу?

Хотоосоо. Кожеговь компанийн ажилчдын хүнсэнд хэрэглэх малыг эндээс худалдаж авсан гэдгийг сонсоод тодруулах гээд л. Танайхаас олон мал авсан уу?

-Мах бэлтгэлд авна гээд нутгийн малчдаас мал худалдаж аваад явсан. Манайхаас 8 үхэр худалдаж авсан..

Үнэ ханш гайгүй авсан уу?

-Зах зээлийн үнийг л барьсан даа. Эндхийн үнэ ханш ямар байна, тэрүүгээр нь л худалдаж авсан.

Өндөр шаардлага тавьсан уу?

-Ерөнхийдөө гайгүй.Өөрсдөө ирж үзээд, харж байгаад л авсан.Бид ч бас худалдах үнэ ханшаа бодоод гайгүй сайн малаа өгөхийг бодсон. Тохирсон үнээр авч байгаа болохоор боломжийн сайн мал худалдсан.

Жил болгон мал мах нийлүүлж байх юм уу?

-Хэрэв санал тавибал худалдана л гэж бодож байна. Ярьж тохироод, наймаа хийж болж байна. Ийм маягаар бие биедээ хэрэгтэй зүйл хийвэл оролцоно л гэж бодож байгаа.Ингэж мал авч байгаа нь малчид бидний хувьд явдал чирэгдэл гарахгүй их амар юм гэлээ.

Мөн “Кожеговь” компани нутгийн малчдаас 200 гаруй хонь авсны 50-ийг нь Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Б.Баярсайхан нийлүүлсэн байна. Түүнээс энэ талаар тодруулахад, “Манайх Кожеговь компанид нийт 50 мал нийлүүлсэн. Дандаа эм хонь өгсөн байгаа. Үнийн хувьд харилцан тохиролцоод зах зээлийн ханшаар л өгсөн дөө. Боломжийн л үнээр худалдсан гэж бодож байна. Цаашид мал нийлүүлэхийн хувьд санал тавибал малаа худалдана л гэж бодож байна” гэж ярьж байлаа.

Малчид зах зээл ингэж ойртож байгаад дуртай байгаа гэдгээ хэлж, цаашдаа ч тухайн компанитай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байсан юм. Тэгвэл хэрэглэгч тал ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхохоор “Кожеговь” компанийн хайгуулын анги дээр очиж зарим хүнтэй уулзаж, малчдын нийлүүлсэн махны амт, чанарын талаар асуусан юм. Тус хайгуулын компанийн ажилчдын хоол хүнсний хангамжийг хариуцдаг “Адэн Сервисис” компани “Арева Монгол”, “Кожеговь” компанитай хамтран нутгийн малчдаас мал худалдаж авах ажлыг газар дээр нь зохион байгуулжээ.

Тиймээс “Адэн Сервисис” компанийн бизнес хөгжлийн захирал С.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг асууж тодруулсан юм.

Дорноговийн малчдаас хүнсэнд хэрэглэх мал, мах худалдаж авч байгаа гэж сонслоо. Энэ ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь …?

-Нийгмийн хариуцлагын­хаа дагуу “Кожеговь” болоод манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутагтаа нутгийн малчид, иргэдийн ахуй амьдрал, бизнест нь ач холбогдолтой зүйл хийхийг зорьж энэ төслийг эхлүүлсэн. Малыг хотноос нь очоод худалдаад авчихаж байгаа болохоор малчдад их ашиг тустай байгаа юм. Малаа зарахын тулд туувар хийх, тээвэрлэх шаардлагагүй болохоор малчдаас илүү зардал гарахгүй байна.

Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх үү? Бас малчдад хандаж хэлэх зүйл бий юу?

-Үргэлжлүүлнэ гэж бид найдаж байна. Энэ удаа бид малчдаас 9 үхэр, 200 хонь худалдаж авсан. Бэлэн мөнгө авч очоод худалдаа хийсэн болохоор малчдад амар байсан байх. Ирэх жил энэ худалдааг зохион байгуулахдаа, үнэ ханш зэрэг зүйлийг урьдаас сайн тохирч зөвшилцөөд, баримтжуулах байдлаар зохион байгуулна гэж бодож байна. Тийм болохоор наана нь сургалт зохион байгуулах зэргээр малчидтай эртнээс хамтран ажиллах болно.

Малчдаас нийлүүлсэн махны чанарын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Бид малыг авахдаа мэргэжлийн зөвлөх ажиллуулж, сонголт хийсэн. Ер нь бол тарган л бол сайн мах гэсэн ойлголт байдаг. Харин мэргэжлийн зөвлөхүүд тарга өөх ихтэйдээ биш, харин махны гарц ахиу гарах малыг сонгох нь зөв гэж зөвлөсний дагуу малаа сонгосон. Малчдаас авсан хонь, үхрээс нийт 4 тонн гаруй махыг энэ удаад бэлтгэж нийлүүллээ. Малын махыг бүх шинжилгээ,үүний дотор хүнд металлын шинжилгээнд хамруулж хариу нь сайн гарсан байгаа.Амт чанар нь үнэхээр сайн байсан. Тийм болохоор энэ ажлыг илүү өргөжүүлж, дахиж зохион байгуулна гэж бодож байна.

Үүний зэрэгцээ хэрэг­лэгчид болох “Коже­говь” компанийн төлөөлөл энэ талаар ямар сэтгэг­дэлтай байгааг нь асуу­лаа. “Кожеговь” ХХК-ийн хайгуулын ангийн эмч Б.Базар:

“Манайх сарын өмнөөс эхлэн ажилчдынхаа хоол хүнсэнд зориулж орон нутгийн малчдаас мах авч эхэлсэн. Ажилчдын хүнсэнд өмнө нь нийлүүлж байсан махнаас энэ нутгийн малын мах чанарын хувьд илүү сайн байгаа гэж хэлмээр байна. Тийм ч болохоор хоолны амт чанар ч эрс сайжирсан. Энд бэлтгэж байгаа мах мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг нь бүрэн шалгуулсан учраас хүнсэнд хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Ер нь бид ажилчдынхаа эрүүл мэнд, тэр дундаа хоол хүнсний чанарт онцгой анхаардаг. Би энд эмчээр ажиллаад 7 жил болж байна. Энэ хугацаанд манай компанийн ажилчдын дунд хоол ундтай холбоотой ямар нэг өвчлөл огт гарч байгаагүй”гэсэн юм.

Мөн “Кожеговь” ХХК-ийн хээрийн ангийн хүнс, хоолны үйлчилгээг хариуцаж байгаа “Адэн Сервисис” компанийн менежер, тус хээрийн анги дээрх гал тогоог хариуцаж байгаа англи мэргэжилтэн Иан Никольс хэлэхдээ,

“Нутгийн малчдаас маш сайн чанартай мах нийлүүлсэн. Орон нутгаас нийлүүлж байгаа махаар хоол бэлтгэхэд их амар байна. Товчхондоо хоолны амт чанарын талаар үйлчлүүлэгчид маань ам сайтай байгаа. Цаашдаа ч нутгийн малын махыг өргөн хэрэглэнэ” гэж хариулж байлаа.

Мөн энэ төслийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан “АРЕВА Монгол” компанийн орон нутгийн асуудал хариуцсан ажилтан Ч.Оч төслийн ач холбогдлын талаар хэлэхдээ,

“Орон нутгийн малчдын өрхийн орлогыг дэмжих нь энэ төслийг эхлүүлэх гол зорилт байсан. Нөгөө талаар орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын ангийн ажилчдын хүнсэнд ойр орчмын нутгийн малчдаас мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байх санал малчдаас гарч байсныг хүлээн авч төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийн мах худалдаж авах ажил анхных байсан ч үр дүнтэй болсон гэж харж байгаа. Цаашид мах худалдаж авах энэ төслийг үргэлжлүүлэхдээ юун дээр анхаарч ажиллах талаар орон нутгийн иргэдээс өгсөнзөвлөмжийг тусган ажиллана гэж бодож байна” гэсэн юм. Мөн тэрээр төслийг үргэлжлүүлэх талаар нэмж хэлэхдээ, ”Энэ төсөл үргэлжлэх бүрэн боломжтой байгаа. Үүний зэрэгцээ хайгуулын хээрийн ангийн хэрэгцээнээс гадна “АРЕВА Монгол” компанийн нийт ажилчдын хувийн хэрэгцээний махыг Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумдын малчдаас нийлүүлэх ажлыг мөн зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн зун манай нийт ажилчид Наадмын хонио энэ нутгийн малчдаас худалдажавсан. Одоо ажилчдынхаа өвлийн үүцээ бэлдэх хэрэгцээнд зориулж мөн л нутгийн иргэдээс мал худалдаж авахыг хичээх болно” гэлээ.

Товчхондоо бол малаа хотноосоо холдолгүй зарах боломжтой болсон Дорноговийн малчид ч тэр, хоол хүнсэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гадаад, дотоодын ажилчид ч тэр аль аль нь сэтгэл хангалуун байгаа юм байна.

Т.ЦАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *