Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалд Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Арван таван настайдаа арлын Япон улсыг зорьж, анх сумо бөхөд хөл тавьсан тэрээр Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа бидний бахархал болсон залуусын нэг билээ.
Тэрээр одоогоос найман жилийн тэртээ 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам амжилтын эзэн. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагнал тус тус хүртэж байсан. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн билээ.