Дундговь аймгийн төвд 2014 оны сүүлчээр 960 хүүхдийн “Мандал” сургууль ашиглалтад оржээ. Уг сургуулийн нээлтийг өнгөрсөн баасан гаригт хийлээ. Мандалговь сум сургуулийн насны 3800 хүүхэдтэй. Үүний 400 нь зориулалтын бус байранд хичээллэдэг, сургуулиуд хоёр ээлжээр хичээллэдэг байжээ. Шинэ сургуультай болсноор хүүхдүүд нэг ээлжээр хичээллэдэг болсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Улсын комисс хүлээж авсан энэ сургуулийн өртөг нь 4.1 тэрбум төгрөг. Үүний 2.5 тэрбумыг улсын төсвөөс өгөөгүй байсан ч “Монком констракшн” компани өөрөө 1.6 тэрбум төгрөг гарган, барилгаа гүйцээж барьсан аж.
“Мандал” сургуулийг энэ онд спорт заалтай болгохоор улсын төсвийн тодотголд 850 сая төгрөг тусгажээ. Учир нь тус сургуулийг нийслэлийн 92 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төслөөр барьсан гэнэ. 92 дугаар сургууль хуучин спорт заалаа ашиглах байсан тул шинэ барилгыг нь спорт заалгүй байхаар зураг төсөл боловсруулсан байжээ. Иймд цаг агаар дулаартал “Мандал” сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээл орохгүй нь. Дулаарахаар гадаа биеийн тамирын хичээл орох юм байна.
Үүнээс гадна эл сургуулийн ариутгах татуургыг тавьж дуусгаагүй аж. Үүнийг гүйцээх 90 сая төгрөгийг энэ оны төсөвт тусгажээ.