Categories
мэдээ улс-төр

Сангийн яамны ажлын хэсэг Дундговийнхныг шалгахаар явлаа

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас ажлын хэсэг томилон, өнөөдрөөс Дундговь аймагт ажиллуулж байна. Ажлын хэсэг тус аймгийн Орон нутаг хөгжүүлэх сан, улсын төсөв, Засаг даргын нөөц хөрөнгөний зарцуулалт болон улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, мөн аймгийн ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалт болон “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянаж, дүн шинжилгээ хийх үүрэг авчээ. Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн П.Оюунтуяа, Г.Мөнхтуяа, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн С.Баттөр нараас бүрдсэн ажлын хэсэг Дундговьд тав хоног буюу энэ сарын 9-13-ныг дуустал ажиллах юм байна.

Одоогоос бараг хоёр сарын өмнө Дундговь аймагт өгөх орлогын шилжүүлгийг Сангийн яам зогсоосон. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг төсвийн мөнгөөр Чех, Словак улсад арав гаруй хоног аялаад ирсэн. Тэд аяллын зардал болох 50 сая төгрөгөө 2014 оны долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг. Энэ нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолтой зөрчилджээ. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас тус аймгийн Засаг дарга болон Аудитын газарт албан тоот илгээсэн юм. Уг албан тоотод Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчин зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах хүртэл Дундговь аймагт орлогын шилжүүлгийг түр зогсоосноо мэдэгдсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 56.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн, ИТХ тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй” хэмээн заасан юм.

ИТХ-аа хууль зөрчих үед нь тус аймгийн Аудитын газраас аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэд санал хүргүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд зардлаа тусгахгүй байхыг зөвлөсөн юм байна. Гэсэн ч “үгэнд” ороогүйгээс одоо ажлын хэсэг томилон шалгуулахад хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *