Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.БАТЦЭНГЭЛ: Хөрөнгө оруулагч бүх эрсдлээ үүрээд явна

МҮОНТ-ийн “Ярилцъя” нэвтрүүлгийн өнгөрсөн Бямба гарагийн дугаарт Тавантолгой төслийн хэлэлцээрт Монголын талыг төлөөлөн ажиллаж буй Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл оролцож, төслийн хэлэлцээрийн явц болон олон нийтийн анхаарлыг татаж буй зарим асуудлаар дэлгэрэнгүй ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэлэлцээр ямархуу шатандаа явж байна вэ? Долоо хоногийн өмнө М.Энхсайхан сайдтай ярилцаж байхадЦагаан сарын өмнө дуусгах эрмэлзэлтэй. Хоёр талаасаа нилээн идэвхтэй ажиллаж байгаагэж байсан?

-Хэлэлцээрийн явцын тухайд, тендерийн материалыг 12-р сарын 1-нд хүргүүлсэн. Ажлын хэсэг тендерийн материалаа дүгнээд, сонгон шалгаруулалтаа хийгээд, хэ­­лэлцээр эхлээд явж бай­гаа. Анхны уулзалтыг шинэ оны өмнөхөн хийгээд, ажил хэргийн уулзалтууд 1-р са­рын 5-наас хийгдээд явсан. Зарчмын хувьд бид хагас бүтэн сайн­гүй шургуу ажиллаад, хоёр талаасаа харилцан мэ­дээл­лээ солилцоод явж байна. Тодор­хой зарчмууд дээр анх­ны байдлаар тохирсон. Харилцан ашигтай байх, нэг зорилгын төлөө явах, Монгол Улсад одоо байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд гэрээнүүдийг байгуулна гэ­сэн гол зарчмуудыг барим­талж байгаа. Энэ хүрээнд ажлын хэсэг болон хөрөнгө оруулагчдын зүгээс их чар­майлт гарган ажиллаж байгаа. Гол үндсэн зарчмуудаа то­хироод, түүнийхээ доор бусад зүйлүүдээ цаасан дээр буулгаад явж байна.

Хэлэлцээрийг дэлхий нийт, хөрөнгө оруулагчид, их олон хүмүүс харж, хү­лээж байна. Хэлэлцээр амжилттай болох үндсийг танай талаас юу гэж харж, тодорхойлж байна вэ?

-Ер нь Тавантолгойн тен­дерийн асуудал 2010 оноос явж байгаа. Ерөнхийдөө ба­раг 5 жил үргэлжлээд явж байгаа асуудал. Энэ явцад Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил ямар байдалд хүрснийг бүгд мэдэж байгаа. Тухайн үед буюу 2010 онд Засгийн газар тендер зарлахад 16 ком­пани оролцъё гэж хү­сэл­тээ илэрхийлж байсан бол 2014 оны эцсээр нийт 6 талд хандаад “тендерээ үргэлжлүүлье” гэж санал та­ви­хад дийлэнх оролцогчид “уучлаарай, бид оролцох бо­ломж­гүй” гэж хариу өгсөн бай­гаа. Тухайлбал 2010 онд Тавантолгойн тендерт оролцъё гээд хүсэлтээ гар­гаад явж байсан Вале болон Мицуи компаниуд хамтраад Мозамбикийн төсөлд хөрөнгө оруулаад явж байна. Тэд Мозамбикийг Монголоос илүү хөрөнгө оруулалтын таатай орчинтой гэж үзээд тийшээ явсан байх. Энэ утгаа­раа зарим нэг нь бол “за танай Засгийн газар тендер зарладаг, баахан ажил болж, баахан юм бэлдээд өгдөг, тэгээд сүүлдээ үр дүн нь гардаггүй шүү дээ” гэсэн байд­лаар л хандаж байна. Энэ тендерийг ч гэсэн тийм өнцгөөс ха­раад, оролцохгүй гэсэн байр сууринаас хандсан тал байх шиг санагдсан. Бидний хувьд бол ямар ч байсан консорциумыг байгуулаад, энэ ажлыг урагшлуулчих бо­ди­той чадвартай консорциум байгуулаад саналаа хүргүүл­сэн. Үүнийхээ дагуу хэлэлцээр хий­гээд явж байна.

Нийгэмд харьцуулж харах ойлголт их байдаг. Оюутолгойн хэлэлцээ жаа­хан тийм болчихсон юм даа, Тавантолгой яах бол? Алдаагаа давтахгүй байхсан ч гэ­дэг юмуу. Ер нь томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг олон улсын туршлагыг энэ удаагийн хэлэлцээр дээр хэр авч ашиглаж байна вэ? Хэр олон улсын түвшинд хүрсэн, стандарт хангасан хэлэлцээр болж чадна гэж найдаж байна вэ?

-Бидний зүгээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд саналаа бэлдэж, энэ дагуу ч гэрээгээ байгуулахыг зорьж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчийн зүгээс аливаа нэг татварын хөнгөлөлт хүсэх юм уу“энийг чинь төлнө, энийг бол төлөхгүй” гэж ярих зүйл огт байхгүй. Ерөөсөө олон улсын зарчмаар “та нар татварын орчин, үйл ажил­лагааны орчноо тогтвортой байлга. Бид эрсдлээ үүрч ороод, хөрөнгө оруулалтаа хийе” гэдэг л зарчим барьж байгаа. Эцсийн дүндээ энэ бол Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх тө­сөл. Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал бүх эрсдэлээ даагаад орж байгаа. Хөрөнгө оруулалтын өгөөж нь одоогийн зах зээлийн байдалд өндөр харагдахгүй байгаа. Гэхдээ татварын, улс төрийн болон үйл ажиллагааны орчин тогт­вортой байвал урт хуга­цаандаа өгөөжөө өгөх төсөл гэж харагдаж байна.

Хэлэлцээрийн явц, үйл ажиллагаа тогтмолжоод ирэхээр мэдээллийн ил тод байдал гэдэг зүйл бас чухлаар тавигддаг. Хэлэл­цээр үнэхээр ил тод байж чадаж байна уу?

-Миний ойлгож байгаагаар, аж­лын хэсгээс хэвлэл мэдээл­лээр болон megaproject.mn сайтаараа дамжуулаад олон нийтэд байнга мэдээлэл өгч, зарчмуудаа ярьж явж байгаа. Нөгөө талаас, мэдээж хэлэлцээрийнявцад хөрөнгө оруулагчдын зүгээсгарч ирээд “бид ингэсэн, тэгсэн” гэх байдлаар асуудалд нө­лөө­лөх оролдлогуудыг хийх­гүй байх зарчмыг бизнесийн байгууллагууд баримталдаг. Тийм учраас бодитой мэдээл­лийг ажлын хэсэг өөрийнхөө шугамаар, төр засгийн бай­гуул­лагууд болон олон нийтэд хүргэж байгаа гэж ойлгож байна.

Ер нь олон улсаас хара­хад ч тэр хөрөнгө оруулагч гэдэг нэг их мөнгө гэнэт оруулж ирэхдээ биш ерөөс хөрөнгө оруулалт гэдэг бол тогтвортой, сайн орчин л юм байна. Үйл ажиллагаа, өгөөж нь тогтмол байх нь чухал юм гэдэг нь харагдаж байгаа. Өчигдөр Хөрөнгийн биржийн мэдээллээс хара­хад Тавантолгойн төслөөс нийт 94 тэрбум доллар орж ирнэ гэж байгаа юм. Тэр мэдээж гэнэт нэг дор ороод ирэхгүй. Үүнээс хамгийн чухал нь жил бүр 1-1.5 тэр­бум доллар тогтвортой орж ирнэ гэдэг нь хамгийн чухал, сайн зүйл нь юм болов уу. Тэгэхээр төсөл урт хугацаандаа тогтвортой, өгөөж­тэй ажиллах нөхцлийг яаж харж байна вэ?

-Монгол Улс гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагч­дыг ялгаварлалгүй дэмждэг байя гэдэг үүднээс УИХ 2013 оны эцсээр ярьж, хэлэлцэж байгаад 11-р сард Хөрөнгө оруулалтын хууль гэж батал­сан. Өмнө нь бол Гадны хө­рөн­гө оруулалтын хуультай, түүгээрээ “гадныханд дэмж­лэг үзүүлнэ, хүрээд ир, хам­тарч ажиллая” гэдэг. Ха­рин дотоодын хөрөнгө оруулагчдад нь тийм боломж байх­гүй байсан. Иймээс эний­гээ өөрчлөөд, аливаа хөрөнгө оруулалт гадна, дотных байх нь хамаагүй, Монголын хөр­сөнд шингэж, Монголын эдийн засгийг эргэлтэнд оруулж байгаа, монголчуудыг ажлын байраар хангаж бай­гаа, Монголын экспортыг дэм­жиж байгаа, үүгээрээ дам­жаад валютын урсгалыг татаж, төгрөгийн ханшид эер­гээр нөлөөлнө, үүгээрээ ард түмний амьдрал, хүн болгонд сайнаар нөлөөлнө гэдэг утгаар нь харж эхэлсэн. Хөрөнгө оруулалтыг эдийн засгийн утгаар нь харж, том төслүүдийг дагаад Монголын аж ахуйн нэгжүүд туслан гүй­цэтгэгч гэх мэт хэлбэрээр хамтран ажиллаж байж эдийн засагтаа тарж, эдийн засгийнх нь “цус” эргэлдэж байдаг гэдгийг бид зөв ч бай, буруу ч бай олон жил маргалдаж ярьсны эцэст бүгдээрээ ойл­гож авах шиг боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Монголын түүхэнд бараг анх удаа бид Ерөнхий сай­дын­хаа санал асуулгад орол­цож, дүнг нь харлаа. Олонх хүмүүс том төслүүдээ хөдөл­гөх нь чухал гэж үз­лээ. Таны хэлдгээр ний­тээрээ ер нь том төсөл, тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монгол Улс олон улсад сайн түнш байж чадна гэд­гээ харуулахын чухлыг ойлгосон гэж харагдаж байна. Монголчууд хулхи биш, монголчуудтай хам­тарч ажиллаж болно гэдгийг харуулахыг хүсч байх шиг байна?

-Том төслүүдийн нөлөөлөл эдийн засагт яаж гарч ирдэг вэ гэдгийг л зөв ойлгох хэ­рэг­тэй. Жишээ нь манай Энер­жи Ресурс компани Ухаа Ху­дагийн төслийг 2008 оноос хэрэгжүүлээд явсан. 5-6 жи­лийн хугацаанд бид жилд 15 сая тонн нүүрс олборлож, баяжуулах хүчин чадал ба дагалдах дэд бүтцийг бий болгоод, хөгжүүлээд явж байна. Өөрсдийнхөө турш­лагаас харахад энэ ажилд дотоодын 500-600 аж ахуйн нэгж ханган нийлүүлэгч, тус­лан гүйцэтгэгчээр ажилласан байдаг юм. Мөн үйл ажиллагаа эхэл­сэн 2009 оноос 2014 оны хооронд бид 2.5 орчим тэрбум долларын экспортын орлогыг Монголд оруулж ир­сэн. Дээр нь 1 тэрбум гаруй долларыг энэ бүх цогцолбор, дэд бүтцийг байгуулахад хө­рөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Энэ бүхэн бүгд эдийн засагт орж, шингэж байгаа. Нөгөө талаас, компани үйл ажиллагаа явуулснаар эрсдлийг хөрөнгө оруулагч үүрдэг. Засгийн газрын ху­вьд бол татвар, хураамж, роялтигаар дамжуулаад тө­сөл эхэлсэн эхний өдрөөс эерэг мөнгөн урсгал аваад эхэлдэг. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Энержи Ресурс компани 550 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлсөн байдаг. Нөгөө талаас манай компанид болон тус­лан гүйцэтгэгчид ажиллаж байгаа хүмүүс цалин, хөлсөө аваад явж байна. Бэлтгэн нийлүүлэгчид маань ажлын хөлсөө аваад явна. Төсөл явагдсанаар ийм олон талт харилцаа үүсч байгаа юм. Ажилчид, компаниудын ме­­неж­мент, ханган ний­лүүлэг­чид, худалдан авагчид, төр засаг… Эндээс харахад том төсөл явснаар хөрөнгө оруулагчаас бусад бүх орол­цогч талууд эхний өдрөөс шууд ашгаа хүртээд явдаг. Хөрөнгө оруулагч тал бол эхний ээлжинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, төсөл гайгүй явах юм бол урт хугацаандаа хөрөнгө оруу­лалтын өгөөж өгнө л гэж хардаг.

Та бүхэн банкнаас хө­рөнгө оруулалт босгоно гэж ярьж байгаа. Ер нь сан­хүү­гийн эрсдлээ хэр­хэн зохицуулж байгаа вэ? Монголын Засгийн га­зар санхүүгийн эрсдэл хүлээхгүй, хөрөнгө оруулагч тал хүлээнэ гэж байгаа?

-Ерөөсөө том төслүүдийг хэрэгжүүлдэг олон улсын жишгээр л явж байгаа. Хө­рөнгө оруулагч тал болон түүнд санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагууд эрсдлээ хуваарилаад авдаг. Олон улсын жишгээр хөрөнгө оруулагч тал өөрийн хөрөнгөөр тухайн төслийн 30 орчим хувийг санхүүжүүлдэг. Бусад 70 хүртэл хувийг бол банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж явдаг. 8%-ийн хүүтэй зээлэн дээр ч гэсэн тийм л шаардлага тавьдаг байх. Та 30%-иа эхлээд тө­лөөрэй, ингэж байж та хариу­лага хүлээнэ шүү, үлдсэн 70%-д нь бид тодорхой нөх­цөл­тэйгээр зээл олгоно гэж. Яг түүн­тэй адилхан. Санхүүгийн байгууллагууд эрсдлийг яаж дүгнэдэг вэ гэхээр, энэ компаниуд өмнө нь ямар турш­л­агатай байсан юм бэ, нэг үгээр хэлвэл зээлийн түүхийг нь хардаг. Хувь хүмүүст ч гэсэн цалингийн зээл өгөхдөө банкууд өмнөх зээлүүдээ хэр төлж байсныг хардаг. Ийм байдлаар банк, санхүүгийн байгууллагууд эрсдлээ үнэ­лээд явна. Төсөл өөрөө мэ­дээж эрсдэл дагуулна. Гадны хүчин зүйл гэхэд зах зээлийн байдал байна. Одоо бол зах зээл, нүүрсний үнэ ямар байна? Өрсөлдөөн ширүүн байна, Австрали гээд гол тоглогчоос гадна Канад, АНУ, ОХУ, дээр нь Африкаас Мозамбик, Азиас Индонез гэх мэтийн орнууд шинээр хүч түрэн орж ирж байна. Тэдний экспортын хэмжээ хэдэн сая тонн, зуун сая тон­ноор яригдаж байна. Энэ зах зээлд нэвтрэхийн тулд бид тэд нартай бизнесийн зарчмаар л өрсөлдөнө. Хөөр­хий монголчууд нүүрс гаргачихсан юм байна, тэрнийг нь худалдаад авчихья гэдэг үүднээс хэн ч харьцахгүй. Тэгэхээр бид өрсөлдөх зарч­маар л ажиллана.

Танай консорциумын нөгөө 2 оролцогч гишүүнийг ха­рахад энэ өрсөлдөөнд нилээн сайн давуу талтай юм уу гэж харагдаж бай­гаа?

-Консорциумын тухайд гэвэл анхнаасаа урилга гадны хөрөнгө оруулагчдад очсон. Нөхцөл нь бол Монголын талтай хамтарч ажиллаарай гэж заасан. Монгол ком­паниу­даа эдийн засгийн хөгжилд татан оруулж, дэмжье гэсэн бодлогын хүрээнд ийм шаард­лага тавьсан гэж ойлгож байгаа. Энэ консорциум бол өөрийн гэсэн давуу талуудыг гаргаж ирж чадсан гэж боддог. Яагаад гэвэл Японы хөрөнгө оруулагч компани орж ирсэн. Япон бол дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний 2 дахь том зах зээл. Хятад бол өөрөө коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч. Монголын нүүрс далайн чанадын Японы зах зээлд хүрэхийн тулд заавал транзит тээвэр хийх ёстой, транзит тээвэр хийгээд очлоо гэхэд найдвартай нийлүүлэлт хийнэ гэдэг япончуудын хувьд хамгийн чухал асуудал. Авст­ралиас гарч байгаа нүүрс бол Австралийн боомтоос гараад, далайгаар яваад, Японы боомтод шууд хүр­дэг. Аливаа нэг эрсдэл байх­гүй. Монголын нүүрс га­раад, Хятадаар дамжаад Японы үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлэгдэнэ гэдэг тэр батал­гаа байж байж япончууд орж ирж байгаа. Тэгэхээр энэ хослол маань өөр өөрийн давуу талуудыг авчирч бай­гаа. Энержи Ресурсын хувьд гэхэд Ухаа Худагт өөрийн гэсэн бааз суурьтай учраас төслийн анхны өдрөөс үйлд­вэрлэл явуулах тэр болом­жийг олгож өгч байгаа. Шэ­ньхуа корпорацийн хувьд туршлагатай, төмөр замын сүлжээтэй, далайн боомтын үйл ажиллагаа явуулдаг, Сумитомо бол Японы төм­рийн үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлдэг том туршлагатай. Сумитомотой л гэхэд бид хамтын ажиллагааг өнөөдөр эхэлчихээгүй. 2011 онд бид анх баяжуулсан нүүрс гаргаж эхлээд, эхний ачилтуудаа Сумитомотой хамтарч Япон руу хийж байсан. Тэгэхээр 2011 онд хийж байсан ажил маань үргэлжлээд явж байгаа гэж ойлгож болно.

Аль ч үзүүлэлтүүдээр харсан энэ гурвал дундаас танай 2 хамтрагч бол маш том компаниуд. Гэхдээ Энер­жи Ресурс бол магадгүй би­дэн дундаа хамгийн том нь. Яг хамтраад ажиллахад танай компани хэр “бяр”-тай байна? Хэр итгэлтэй, сайн түнш байж чадаж байна вэ?

-Энержи Ресурс бол 2005 оны 4-р сард Монголын үндэсний компаниуд хамтраад байгуулж байсан компани. Уул уурхай бол Монголын хөгжлийн гол түлхүүр болох юм байна. Мэдээж гадны компаниуд орж ирнэ, жишээ нь тухайн үед Оюутолгой төсөл гэх мэт ажлууд яригдаж байсан. Гадаадын том уул уурхайн компаниуд Монголыг сонирхож байсан. Ийм байхад монголчууд бид гадныхныг гайхаад хараад, баярлаад яваад байх юм уу, эсвэл өөрсдөө зориглоод юм хийгээд үзэх юм уу? Хийхдээ олон улсын жишигт нийцүүлээд, гадныхантай дүйцэхүйц түвшинд юм хийгээд явья л гэж анх зориг шулуудаж энэ ажил руу орсон. Мэдээж эрсдэл үүрсэн, тэр эрсдлээ цаашид ч үүрээд явна. Уул уурхайн салбарын хувьд маш их хөрөнгө оруулалт шаарддаг, маш их эрсдэлтэй, эрдэс баялгийн үнэ савладаг, тэр хэрээр өгөөжөө маш урт хугацааны дараа л өгдөг. Үнэ яаж савладгийн тод жишээг бид сүүлийн 10 жил хангалттай харж байна. Энэ орчинд үйл ажиллагаа явуулж чаддаг компани бий болгоё л гэдэг эрхэм зорилготойгоор ажиллаж ирсэн. Сүүлийн 5-6 жил Ухаа Худагийн төслийг амжилттай хэрэгжүүлээд явахад, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагааг та нар Монголдоо явуулж чадаж байна гэдгийг олон хүн бидэнд хэлж байсан.

Энэ бол зөвхөн танай компанийн ч асуудал биш юм болов уу. Миний харж байгаагаар танай компани, Монгол Улс, ер нь Монголын Засгийн газар итгэл хүлээж, хөрөнгө оруулагчидтай асуудлаа шийдэж чаддаг юм байна гэдгийг харуулах асуудал юм болов уу.Бүр алсдаа бол Монгол Улс гүрэн дамнасан, дэлхийд өрсөлддөг том компанитай болмоор байна шүү дээ?

-Энержи Ресурс компани Монголдоо, ялангуяа нүүрсний сал­бартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хамгийн их туршлага хуримт­луулсан, улсад төлсөн тат­варын хэмжээгээрээ байнга эхний 1, 2, 3-т бичигдээд явж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Энэ утгаараа монголчууд олон улсын ха­рилцаанд орох, олон улсын санхүүгийн зах зээлтэй хол­бог­дох, олон улсын ком­паниудтай бизнесийн хэлээр ярьж харилцдаг байх, таны хэлдгээр итгэлцлийг бий болгох ажлыг бид хийгээд л явж байгаа. Ингэснээрээ Энержи Ресурс компани олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээнд Монгол Улсаа төлөөлөөд ажиллаж байгаа гэж бид байнга хардаг. Бидний үүрч байгаа хариуцлага бол ганц биднийх биш, Монголын эдийн засгийг, компаниудыг төлөөлөөд явж байгаа “мөс хагалагч”, нүүр царай болж байгаа. Үүнийг дагаад олон олон компаниуд хөрөнгийн зах зээл, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харьцаад явах хэрэгтэй байх. Тэгэж байж зөвхөн гадны хөрөнгө оруулагч орж ирж, мөнгө өгдөг биш дотоодын аж ахуйн нэгжүүд гадагшаа явж, мөнгө олж ирж, эдийн засагтаа мөнгө авчрах юм. Гадны хөрөнгө оруулалтыг татна гэдэг дээр энэ зарчим чухал шүү дээ.

УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьчих шиг боллоо. Түрүүн ч би асуусан, “бяр” хэр байна вэ гээд. Энэ консорциумд байгаа Монголын компанийн хувь хэд байгаа юм гээд лавлаад байх шиг байна?

-Ерөнхийдөө консор­циу­мын бүтэц гэвэл 51% нь Энержи Ресурс буюу ММС, нөгөө талдаа 49%-д нь гадны хөрөнгө оруулагчид байгаа. Тендерийн шалгуур нь анхнаасаа ийм байсан. Бид энэ зарчмыг чанд баримталж, яг шалгуурын дагуу саналаа хүргүүлсэн байгаа. Энэ тал дээр аливаа эргэлзээ байхгүй, ажлын хэсэг дээр бид бас шаардлагатай асуудлууд дээр тайлбаруудыг өгөөд явж байгаа.

Танай компанийн эдийн засгийн чадавхи, өр зээлийн тухайд бас асуудлууд сонсогдоод байгаа?

-Аливаа төслийг хэрэг­жүү­лэхэд санхүүгийн эх үүсвэрүүдийг мэдээж татна. Банкны зээл авна, манай компанийн хувьд бас бонд ч гаргасан. Санхүүгийн хэ­рэгс­лүүд бол өөрийн гэ­сэн хугацаатай байдаг, бид өнөөдрийг хүртэл тэр хугацаандаа зээл, хүүгээ тө­лөөд явж байгаа. Уул уур­хайн салбар өөрөө хөрөнгө оруулалт маш их шаарддаг, тэр авсан зээл нь бодитой хөрөнгө оруулалт болж чадаж байна уу гэдэг л асуудал байдаг. Өөрөөр хэлвэл үр ашигтай байж чадаж байна уу? Бид бол гадны банкуудтай харьцаж ирсэн, тэдэнтэй олон жил харьцаад ирсэн туршлага, итгэлцлийг үүсгэсэн. Эхлээд өгөхдөө 10 сая, 20 сая, 30 саяын зээл өгөх жишээтэй. Тэд нар бас харж байгаа хэрэг шүү дээ. За энэ нөхдүүдэд 10 сая долларын зээл өгчихлөө. Магадгүй зарим аж ахуйн нэгжүүд яадаг вэ гэхээр захирал нь бараг 2 саяар нь машин аваад уначихдаг. Тэгэхээр нөгөө мөнгө нь хөрөнгө оруулалт болж чадаж байна гэхэд хэцүү. Авсан хөрөнгийн эх үүсвэрээ зөв зарцуулаад, бодитой хөрөнгө оруулалт болгоод, бизнесийнхээ өсөлтийг хангаад явж байгаа бол банк, санхүүгийн байгууллагуудын итгэл нэмэгдээд л явдаг. Аливаа нэг асуудал үүсэх, зах зээл хүндрэх бол хүн болгонд тулгардаг асуудал. Гадаад, дотоодын уул уурхайн салбарт алинд нь ч тэр. Дэлхийн уул уурхайн том компаниуд, Rio Tinto, BHP Billiton бүгдээрээ зээлтэй, гэхдээ түүнийгээ төлөх чадвартай, эрмэлзэлтэй байх нь чухал. Түрүүн хэлсэнчлэн Энержи Ресурс бол санхүүгийн эх үүсвэрүүдийг татсан, түү­нийгээ бодитой хөрөнгө оруу­лалт болгосон. Хэн ч гэсэн Ухаа Худагт очоод харахад нүдэн дээр ил байгаа. Хоосон тал байсан газар 5 жилийн дараа юу босгосныг хэн ч харсан хэлэх байх. Авсан зээл нь үр ашигтай хөрөнгө оруулалт, хөрөнгө, өмч болж чадаж байна уу, баялгийг бүтээх хэрэгсэл болж чадаж байна уу гэдэг л чухал байх.

Төмөр замын талаар товчхон лавлая. Бас л мар­гаан дагуулж байна. Яах уу, хэн эзэмших вэ, монополь тогтох уу гэх мэт. Консорциум энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төмөр зам бол энэ төс­лийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь. Түрүүн хэл­сэнчлэн бид өрсөлдөж байж л далайн чанадын зах зээлд нэвтэрнэ, өрсөлдөж байж бид энэ төслийг амжилттай явуулах б­оломж бүрдэнэ. Төмөр зам энэ төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд маш их ач холбогдолтой. Төмөр замын төслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа Тө­мөр замын хууль болон Концессийн гэх мэт бусад хууль тогтоомжуудын хүрээнд л хийнэ. Энэ дагуу л ажиллаж байгаа. Төмөр замын хуулинд гуравдагч этгээдийн тээврийг хийх, бусад тээвэрлэгчдэд эрхийг нь олгох, тодорхой хугацааны дараа төрийн өм­чид шилжүүлэх гэх мэт заалтууд нь бий. Энэ хүрээнд л гэ­рээ, хэлэлцээрүүд хийгдээд явна.

Одоо бол таныг хөрөнгө оруу­лагч гэж хараад бай­на. Гэхдээ би таны нэг ярилцлагыг харсан. “Монгол хүн Монголдоо юм хийж чадахгүй бол бол тэгээд яах юм бэгэж… ?

-Үнэхээр ч өөр хаана очих вэ дээ. Африкт очоод, Мозамбикт нүүрсний уурхай байгуулаад, баялаг бүтээхгүй нь тодорхой.

Итгэл бол өндөр байна уу?

-Итгэл бол байх хэрэгтэй. Нөгөө талд эрсдэл бол бий, тэрнийгээ бодитой дүгнэх хэрэгтэй. Төслийн хувьд Монголын аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгчид, ажилтнууд, мэргэжилтнүүдийн хувьд анхнаасаа эерэг өгөөжөө өгөөд явах төсөл. Хөрөнгө оруулагч бол эрсдлээ бүрэн үүрээд явна. Харин урт хугацааны төсөл учраас өгөөж нь урт хугацаандаа л гарна.

За баярлалаа. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *