Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг 48 минутад мандах нь. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой гэнэ. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно гэж зурхайчид зөвлөж байна. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж унших юм байна. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй аж. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ёстой.