Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнэнээ нуух нь хүндлэл

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Нүүдэл ба хүн” бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Эс болсныг ярих нь ихэс дээдэс, ахмадаа хүндлэх үйлийн бас нэг хэсэг ажгуу. Морио гамнахгүй давхиж яваад хөлийг нь доголуулсан хөвүүн шууд үнэнээ хэлж болохгүй. Эцэг эх, ахмад үе нь түүнд унаа морио гамнахыг удаа дараа сануулан сургасаар байтал түүнийг санаатай зөрчих нь үл хүндлэл мөн. Ахас ихэсийн номлол сургаалийг санаатай зөрчсөнөө шулуухан хэлэх нь тэднийг үл тоосон явдалболоод явчихна.

Дээр нь шууд өөрийнхөө бурууг хүлээн, уучлал эрэх уламжлал нүүдэлчин баатруудын дунд бараг үгүй. Уучлал эрэх нь бууж өгөх, дагаар орохын салшгүй хэсэг болждүрслэгдэнэ.Гэхдээ гэм буруугаа хүлээх, өршөөл эрэх нь хүний суртлын, хүмүүжлийн салшгүй хэсэг билээ.

Иймээс уучлал эрэх хэлбэрийг арай өөрөөр илэрхийлэх арга олж авсан нь эс болсныг өгүүлэх зам юм. Ийм учраас морио доголуулсан буруутан хүү “эцэг, дээдсийн сургааль ёсоор маш болгоомжтой гэлдэрч явсан” тухайгаа зохион ярина. Энэ бол “Би та бүхний үгийг үргэлж хүндэлдэг ба сургаалийг тань дагахаа үүрэг гэж үздэг” гэсэн утгатай хүндэтгэл илэрхийлсэн санаа болно. Хэрвээ “Хар хурдаараа давхиж явтал…” гээдэхэлбэл “та нарын үг сургаал надад ямар ч хамаагүй учраас…” гэсэн тэрслүү санаа болж бууна. Ингээд эцэг дээдсийн сургааль ёсоор гэлдэрч явтал үл ажиглагдах үлий нүх таараад морь нь бүдэрсэн түүхийг өөр өөрийн ур авьяасын хүрээнд зохион ярина даа.

Шууд үнэнээ хэлэхгүй, өөрийгөө ахмад үеийнхээ үгнээс гардаггүй нэгэн хэмээн итгүүлэхийг хичээж байгаа энэ “хуурмаг” явдал үнэн хэрэгтээ уучлал эрэх, алдаагаа давтахгүй байхыг амлах бүхий л утгыг агуулна.

Ахмадууд үнэндээ юу болоодөнгөрснийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч түүний уучлал эрэх, гэмээ наминчлах зохиолд үнэмшсэн дүр үзүүлнэ.Үнэмшсэн дүр үзүүлнэ гэдэг нь өршөөж бас алдаагаа давтахгүй байхыг сануулж байгаа хэрэг юм.

Шөнөжингөө архидаж дампуураад, өглөө арай гэж өндийн, ажилдаа хожимдож ирсэн ажилтан ч даргадаа бөөн адал явдал зохионярьж, хагарсан толгойгоо “барилга дээрээс тоосго унасан”-ы үр дүн хэмээн итгүүлэхийг оролдоно.Харин болсон явдал хэн хэнд нь ойлгомжтой байх боловч дарга нь саяхан зохиогдсон түүхэнд үнэмших байдал гаргана. Ажилтанөөрөөс нь айн сүрдсэндээ, хүндэтгэсэндээ худлаа хэлж байна гэж ойлгон хүлээн авна. Хэрвээ даргадаа шөнөжингөө архидаад зодолдоод, өглөө нам унтсан тухайгаа үнэнч шударгаар илэрхийлбэл айх ичихээ байсан, цагаандаа гарсан этгээд болж харагдана. Ингээд зогсохгүй болсон үйл явдлыг нуугаагүй учир түүгээрээ бардамнасанд тооцогдоно. Ийм учраас худлаа ярих нь айсны илэрхийлэл, эс болсныг дүрслэх нь ичсэний тэмдэг.

Гэхдээ энэ бүх “худал” яриа өөрийн хил хязгаартай, гэм хоргүй, яг юу болсныг мэдэх зай бусдадаа үлдээсэн байх нарийн дүрэмтэй. Тэр ч байтугай шуудхан татгалзах, хүний алдааг палхийтэл хэлэх, гэмээ наминчлах гэсэн явцуу хүрээнд л хэрэглэгдэх бичигдээгүй хуультай байжээ.

Монгол хэлний “худал” гэдэг үг үнэн биш зүйлийг заахаас гадна, ач холбогдолгүй үр дүнгүйзүйлийн ч ерөнхий нэр. Хэдүүлээ жаахан худлаа ярьж байгаад явах,алдсан малаа худлаа үнэн эрсэн болох гэхчлэнгийн хэллэгүүд онцын ач холбогдолгүй юм ярилцах, үр дүнгүй хайгуул хийх санааг заадаг билээ.

Нүүдэлчдийн жентельмэн зангийн илэрхийлэл болсон дүрмийн хүрээнд худал ярих уламжлалыг үнэнээсээ худлаа ярьдаг болгон хөгжүүлсэн зүйл бол социализм, түүний үзэл суртал юм. Төрөөс тулгасан ганц үзэл сурталтай, намаас заасан ганц үнэнтэй, түүнээс өөрөөр байхыг хатуу хориглосондэглэмд худал хуурмагаас өөр юу ч хөгжих билээ.

Нам засгаас даалгасан хадлан бэлтгэх(жишээлэхэд) төлөвлөгөөг хугацаанаас өмнө давуулан биелүүлсэн рапорт тухайн үеийн хэвлэлээр дүүрэн байгаа. Бүр ургах юмаар маруухан говь цөл нутагт ч хангайгаас дутахгүйбухал хураасан бололтой харагдана. Гэвч тэр үүрэг нь хугацаанаас нь өмнө байтугай, хугацаа сунгаж ажиллаад ч бүтэхгүй зүйл байх нь элбэг. Ингээд харилцан хууралцана.

Намын үзэл суртлын аппарат ч хянаж илрүүлэхийг урьтал болгохгүй, харин үнэмшсэн дүр үзүүлнэ. Учир нь аймаг сумын намын хорооноос эхлээд үзэл суртлын этгээд бүр намын өгсөн үүргийг биелүүлсэн байдлаар харагдах ёстой. Анх сумын бригадын тоо бүртгэгч нар намын төлөвлөгөөг биелсэн харагдуулах ньүүрэг гэж үзэж,хаана ч байхгүй 100 бухал өвсийг зохион рапортолсон. Сум аймгийн намын байгууллага ч Намын төв хорооны үүрэг биелэгдсэн байх нь чухал гэдэг хүндлэлээр, уг мэдээг жаахан нэмээд дээш өргөн барьсан. Дээд удирдлага ч гэсэн бухал тоолохын оронд ард түмэндээ “Намын зөв мэргэн жолоодлогын үр дүнд 1.000.000 бухал орон даяар ярайсан мэдээгээр олон түмний сонорыг мялаана. Мэдрэмжгүй, худлаа хэлж болох хязгаарыг давж зориглосон этгээдийг үе үе золигт гаргаж дайснаар зарлана. Ард түмэн үүнд хашран худал хэлэхээ болихын орондэс болсныг ярих хэмжээ хязгаараа тохируулж сурахыг эрхэмлэнэ.

Эс болсныг ярих замаар нам төрөө дээдлэх менежмэнт бас өөрийн гэсэн нарийн хил хязгаартай. Ингэлээ гээд хүмүүс нь бие биенээ хуурч мэхлээд явчихгүй. Өчигдөр 100 төгрөг зээлчихээд өнөө өглөө 10-ыг л авсан гэж мэлзээд байгаа этгээд тааралдаж гэмээнэ социалист үзэл суртлын бүтээл бус эцэг, эхийнхээ моралын үргэлжлэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *