Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын үеэр л юм даг

Цагаан сар ойртож буй энэ өдрүүдэд сар шинийн хууч дэлгэгддэг билээ. Тэгвэл энэ удаа “Өдрийн сонин”-ы нэрт нийтлэлч, сэтгүүлзүйн салбарын гол төлөөлөгчдийн нэг байсан Жамбалын Гангаагийн агсны “Балдорж” шагнал хүртсэн “Цагаан сарын үеэр л юм даг” хэмээх сонирхолтой нийтлэлийг дахин хүргэж байна.

Одоогоос хорин жи­лийн өмнө “Багш нарын өдөр”-ийн дараа “Малч­дын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёс­лолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хя­налт шалгалтыг эрчим­жүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чө­лөө олголтыг зогсоон, эм­нэлгийн актны бичигт хүр­тэл хяналт тавиад эхэл­дэгсэн. Энэ бол ца­гаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс ца­гаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оро­сын нөлөөнд хэт авт­сан манай коммунистууд ингэж олон жил дайсаг­насан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эх дээрээ жил­дээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.

Дараа нь сайн цаг ирж цагаан сараа өргөн ол­ноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуул­сангүй. Цагаан сар дөхө­хөөр юмны үнэ нэмэгд­лээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ?, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ха­ниад тарааж байна. Нэгэн­дээ баянаа гай­хуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуу­чин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаач­ил­гууд энд тэндээс гарч, цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.На­цагдоржийн үеэс үүдэл­тэй. Хүмүүс цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд та­вина уу яана ямар хамаа байна. Цагаан сараар яахыг нь хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү ном­логч­дын өөдөөс “Түй май чи” гэдэг байсан. Бүх нийтээ­рээ давалгаалж байгаа үйл явдлын өөдөөс ган­цаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол цагаан сар ба цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээр болдог бусад улс үндэстнүүдийн баяр бү­жиг танц, дуу хуур, жаг­саал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц бол­гох гэж тийм хөтөл­бөрүүдийг хасаагүй, угаа­саа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гар­гадаггүй. Социализмын үед цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэ­гэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод ба­раа­гүй юмдаг.

Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьд­рал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны цагаан сард ийм байдал харагдаад бай­гаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амар­хан. Хийхээ л больчихно биз. Эцсийн эцэст цагаан сар хийсэн ч утгагүй, хий­гээ­гүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь баясал сонир­холгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх. Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орон­доо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг цагаан сар гэж явсаар бай­гаад нэг мэдэхэд өн­гөрөөсөн байдаг. Амьд­ралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн ули­рал, цаг агаар хоёрыг өөр­чилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш интернэтээс сонсож буй нь тийм гайхам­шиг­тай хөгжил, өөрчлөлт биш.

Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хяз­гаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барил­даан шигээ урт удаан үргэлжилдэг цогц баяр юм.

Гадаадын жуулчинд тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.

Бидний багад цагаан сар дөхсөний анхны до­хио бол бууз баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэ­вэл бөөн баяр. Цагаан са­рын бууз баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсгээд л нэгнийдээ цуг­ларан галын дэргэд чөт­гөр шулмасаас өгсүүлээд од гариг ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг ах эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.

Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн хөөрхөн ёс занш­лууд болно оо. Анх­ны жигнүүр буузнаас мөн­гө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онги­рон хүүхдүүдэд эцэг эхээс далд байгаа дээр нь нууж бараашиг аягална. Хүү­хэд байхдаа яадаг байс­наа дурсан ярьж хөх­рөл­д­өцгөөнө.

Дараа нь удалгүй хэ­вийн боовоо хийх ажлан баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоор­лосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж би­лээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаа­лаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа маань гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан таа­руулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбий­нүүд таслан гар гарт ба­риулаад нухуулна.

Ав­драа ухан хадганд ороолт­­той нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боо­выг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос ха­лан дотор нь хийсэн боо­вон могой, самар нэг ил гарч нэг далд орон шо­жигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ “Талх чи­хэр” компанийн хажуу­гаар яваа юм шиг гоё боов ханхлаад арааны шүлс асгаруулна.

Шөнө дундаас эхэл­сэн боов оппераци тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, том­цуул зонхилсон бүрэл­дэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэ­рийн халуун, хоолон дээр задалсан “ганц юм” хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр ар­хидаад дуу дуулаад ори­лол­дож байгаа улс биш маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаа­сай гэмээр. Цагаан сарын боов, бууз баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.

Авгай хүүхнүүдийн дунд дээл хувцас оёх­доо хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараа­лал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зо­риулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь “Цагаан сар ба хар нулимс” биш баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ.. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.

За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрч­лөгдөн эргээд зэрлэг амь­тан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хо­роо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цав­чилж, хангинатал янц­гаал­­дах нь цагаан сарын ши­нийн нэгэн тэнгэр бурх­­наас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөл­дөн өд­рийг барах банхар маань хүртэл нэг үйл яв­дал бо­лох гээд байгааг гадар­лан баяртайгаар зөөлөн гасалж хов хүр­гэнэ.
Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоо­лонд ёслолоо эхнээс нь үргэлжлүүлэх эцэс төгс­гөлгүй. Айл гэр л болсон хойно аав ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь золгохоор гаднаас хүн ирэхэд уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэ­гээд харилцан бэлгэ дэм­бэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхоноо уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалаг­шина. Түрүүхэн “Түлээ оруулаад ир гэж хэд хэ­лүүлдэг лүд вэ чи” гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон “Миний хүү, ижийдээ нэг заван­даа түлээ дөхүүлчи­хээ­рэй хөө…” гэх жишээтэй.

Гэхдээ амьдрал тар­чиг үед сар шинэдээ бэл­дэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үс­рэх гэж буй мэт олон айл хал­гадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлсний дараа­гаас хойш хүүхдээсээ том­цуул нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өн­дөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа бай­гааг нь гайхацгаан жинхэнээсээ баярлац­гаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юмуу, санаа дагаад тэр үү, уд­тал хүлээсэн хаврын тог­туун налгар өдөр шинийн нэг­ний өглөө босоход хү­рээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болц­гоон аз жаргал амтаг­дана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж тэрнээс цааш цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоо­хортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийнэ сураг алдарна. Өвөл жа­вар цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорс­ныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж бууз чимхэх сонирхолтой биш болж цөм гадаа гарц­­гаана. Өдөр гэрт оро­ход тас харанхуйлж өөд­өөс чийг даана.

Бөмбөрцгийн энэ хэ­сэг дайдад өвөл эхлэ­хээс өмнө шувууд дай­жин зуг­таж, амьтас хөр­сөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар дор монгол хүн, морь хоёр л торойн нут­гаа сахин хо­цорсон бай­лаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таараа. Адуу туурайгаа­раа цас малтан хойд эн­гэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээ­гүй, баавгайны хой­ноос газрын гав руу шур­гаагүй. Дулаан цаг ирэ­хийг хү­лээн гадаа ажлаа зогсоож гэр зуураа. Энэ үед өдөр хоногуудыг хур­дан бө­гөөд сайхан өнгөрөөхийн тулд цагаан сарыг зохио­сон болов уу. Харин да­раа нь залгуу­лаад “Март”-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.

Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар ор­хисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэ­рэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа.

Цагаан сарын үеэр л юмдаг… хэмээн эхлэх монгол эр хүний дурт­галууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *