Өнөөдөр иргэдийн гар утсанд УБЦЦ-аас “2015 оны төсөвт цахилгаанцахилгааны үнийн урамшуулалд зарцуулах хөрөнгө тусгагдаагүй тул урамшууллыг нэгдүгээр сараас зогсоосныг мэдэгдэж байна” гэсэн мессеж ирлээ.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, Агаарын тухай хуульд заасан нөхцөл, шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх, хэрэглэгчийн төлбөрт тооцсон цахилгаан эрчим хүчний урамшуулал, хөнгөлөлтийн зөрүүг эрчим хүчний байгууллагад олгохыг Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газраас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны 11 дүгээр сард “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг баталсан.
Журмаар төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тухайн онд цахилгааны үнийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн тооцоог нэгтгэн жил бүрийн Монгол улсын Төсвийн тухай хуульд тусгуулан шийдвэрлүүлж, цахилгаан эрчим хүчний урамшууллыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хангагч байгууллага болох УБЦТС ТӨХК-д олгож байхаар зохицуулсан.
Энэ онд цахилгааны үнийн урамшуулал, хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт тусгуулах саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч улсын төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгө Улсын Их Хурлаас баталсан “2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд тусгагдаж батлагдаагүй тул УБЦТС ТӨХК нь хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
Иймд цахилгааны үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаа 2015 оноос зогсох болсныг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгааны үнийн урамшуулал эдэлдэг хэрэглэгчдэдээ мэдэгдэж байгаа нь энэ аж.