Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эрдмийн эрчимжсэн сургалтын эх баригч багш

-ЗУРГААН ШАТНЫ МЯГАА БАГШАА ГЭЖ-

БАГА АНГИ, ГЭРИЙН СУРГУУЛИЙН БАГШ

Ховд аймгийн Багшийн сургууль төгссөнөөс хойш 46 жил тасралтгүй 10000 хол давсан шавь нартаа үлгэр дуурайлал болж яваа хүн бол армидаа “Ельцин”, ард түмэндээ “Мягаа багш” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа, БХИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагч Гэрэлийн Мягмаржав юм.

Мягаа багшид анх бага ангийн багшийн батламж гардуулж “За хүү минь сайн ажиллаарай. Чи сайн багш болноо хэмээн баяр хүргэж толгойг илж байсан хүн бол 40 жил төр удирдсан Цэдэнбал даргын багш Монгол Улсын гавьяат багш, Цагаанхишиг юм.

Энэ мөчөөс Увс аймгийн Ховд сумын бага сургуулийн 1б ангийн багш, өөрөөр хэлбэл төрсөн нутгийнхаа төрөлх сургуулиас л багшийн ажлын гараагаа эхэлж өнөө хүртэл үргэлжлүүлсээр явна…

Мягаа багш анхны багшийн ажлаа ёстой “А” зааж эхэлжээ. Тэр үед 32 сурагчаа уншуулж, бичиж, бодуулж сургах гэж их л ухаан зарж ажилласан гэдэг. Тэр ангиас нь 10 гаруй багш төрсөн төдийгүй бүгд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” нэр цуутай багш нар болцгоосон байна.

Төрөлх сумандаа багшлах хугацаандаа сумынхаа бараг л уран сайханч нь чөлөөт бөхийн дугуйлангийн дасгалжуулагч нь болж аймгийн АДХГЗ-ны хүндэт жуух бичгээр шагнагдаж, нутгийн унаган сэхээтэн хэмээн ихэд тоогдож байж Сумынхаа бүх насанд хүрэгчдээс бичиг үсгийн шалгалт авч, гэрийн сургалт эхлүүлж байсан гээд богинохон хугацаанд их зүйл амжуулсан гэдэг. Ингээд 2 нялх хүүхэдтэй, цэрэгт явмааргүй байна гэсэн Амаржаргал багшийнхаа өмнөөс саналаараа цэргийн албанд явжээ.

ҮЛ МЭДЭГЧДИЙН ШИНЭ ҮСГИЙН НОМЫН БАГШ

Маршал Чойбалсангийн нэрэмжит мотобуудлагын нэгтгэлийн зенит артиллерийн тусгай дивизионд цэрэг болж наводчик, бага даргын сургуульд суралцаж жирийн цэрэг хүний амьдралыг амсаж эхэлжээ.

Цэргийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байтал ангийн улс төрийн орлогч, дуудаж ангийнхаа бичиг үсэг үл мэдэгч 20 гаруй шинэ, хуучин цэргүүдийг цуглуулан сургалт явуулж бичигтэн болгох үүрэг даалгавар өгч шинэ үсгийн номын багш боллоо. Нэг танхим гарган өгч захаас хэдэн хуучин цагаан толгой ном олж аваад нөгөө хэдийгээ ёстой нэг үсэг, бичгээр нүдэж өгчээ.

10 гаруйхан хоногийн дотор бүгд уншиж, бичиж эхэлжээ. Хайрын захидал, үлгэрийн номоор эхэлж, ангийн номын сангийн номнуудыг тэр чигт нь уншдаг болж бичиг үсэг тайлагдсан ангийнх нь туршлага арми даяар дэлгэрүүлэх ажил болжээ.

Мягаа багш Улиастайн нэгтгэлийн бичиг үсгийн номын багш гэж явсаар 300 гаруй хүнийг бичигтэн болгож, хүнийг уншуулж бичүүлж сургах аргад ихэд дадлагажин эзэмшиж авсан гэдэг.

ЦЭРГИЙН ЭРДМИЙН БАГШ

Багшийг нутгийн ах, улсын баатар Дүүдэй гуай чи багшийн ажлыг сайн хийлээ. Одоо чамайг цэргийн улс төрийн ажилтан болгоно, цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн ажилтны хурдавчилсан курст сургана” гэж. Энэ курст 3 сар суралцаж, чамгүй зүйл суралцаад Ховдын морьт хорооны батарейны улс төрийн орлогчоор томилогдон 1971 оны 12 дугаар сард офицер болж, цэргийн эрдмийн багшаас хурандаа багшийн зам эхэлжээ.

Салбарын улс төрийн орлогч бол ёстой л цэргийн эрдмийн багшийн ажил байлаа. Улс төрийн бэлтгэл хичээлийг биечлэн заана. Голдуу асуудал дэвшүүлээд түүн дээр нь тулгуурлан харилцан ярилцаж ойлголт өгөөд дараа нь өөрсдөөр нь бие даалгаж судлуулна. Энэхүү арга нь сайшаагдаж “Улаан од” сонинд 2 удаа тэргүүн туршлага болон мөн л бичигджээ. Батарей нь Армийн тэргүүний батарей болж, Армийн тэргүүний салбарын орлогч нарын зөвлөгөөнд шалгаран оролцож, 21 настай байхдаа БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж туршлага нь Арми даяар дэлгэрчээ.

ИХ СУРГУУЛИЙН БАГШ

Мягаа багш 1976-1980 онд тэр үеийн Намын дээд сургуульд суралцаж, намын байгуулалтын ажилтан, нийгмийн ухааны багш гэсэн диплом өвөртлөөд армидаа эргэн иржээ. Тэр үеийн Ардын армийн морьт тусгай батальон, гадаадын цэргийн сургуульд сонсогч бэлтгэх тусгай батальонуудад захирагчийн улс төрийн орлогч гэсэн алба хашиж, офицеруудын онолын бэлтгэлийн багшаар тасралтгүй 4 жил ажиллажээ. Офицеруудын онолын бэлтгэл сургалтанд нөгөө л асуудал дэвшүүлж шийдвэрлэх аргаа ашиглан явуулж “Улс төрийн онц бүлэг” болгож сайшаал хүртэж анги нь Армийн тэргүүний ангиар шалгарч улмаар ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн цэргийн сурган-сэтгэл зүйн багшийн ангид суралцах болж жинхэнэ их сургуулийн багш болох эрдэмд дахин суралцаж эхэлсэн байна.

Ингэж л Мягаа багш Москвад дуртай унаган мэргэжлийнхээ дагуу цэргийн сурган сэтгэл зүйн багш мэргэжлээрээ суралцаж ирээд л БХИС-д багшаар томилогдож ажилласнаас 30 гаруй жил энэ сургуулийнхаа хашаанаас холдоогүй аж.

Мягаа багш академид сурч байхдаа эх орны II дайны үед Москваг хамгаалах тулалдаанд цэргүүдийг 7 хоног хүрэхгүй хугацаанд бэлтгээд, тулалдаанд оруулж байсан тэр үеийн туршлагыг судалж санаа аваад ийм богино хугацааны сургалтыг эрчимжсэн сургалт гэдгийг олж тогтоон сонсогч байх үеэсээ материал цуглуулж судалгаа хийж эхэлсэн байна. Ингээд “Цэргийн эрчимжсэн сургалтын онол, практик” сэдвээр 1995 онд доктор, 2003 онд Москвад ОХУ-ын төрөлх Цэргийн их сургууль дээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Өөрөөр хэлбэл, цэргийн эрчимжсэн сургалтын шинэ онол, чиглэлийг боловсруулж, цэргийн сургалтын эрчим, хугацаа, хурд, хүч, ачаалал, арга зүйг тодорхойлсон хэмээн Эрдмийн зөвлөл дүгнэж зохиогчийн эрх, патентийг түүнд олгосон юм.

Мягаа багшийн цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практикийн энэ асуудал нь бүхэл бүтэн “школ” сургалт болж ОХУ-ын цэрэг армид төдийгүй Монголын Зэвсэгт хүчний цэргийн эрчимтэй сургалтын онол, практикийн салшгүй хэсэг болон өргөжин хөгжсөөр байна.

Тэрээр өдгөөгийн БХИС-д багш, ахлах багш, сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, БХЭШХ-ийн захирал, зөвлөх профессор зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн ба энэ хугацаанд цэргийн шинэчлэл, сургалт, сэтгэл зүй, иргэн-цэргийн харилцаа зэрэг асуудлаар 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж туурвижээ.

Г.Мягмаржав багш өнгөрсөн хугацаанд “Цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны үндэс”, “Цэргийн сэтгэл зүй”, “Цэрэг-иргэний харилцааны онол, практик”, “Цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практик” зэрэг 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, тулгуурт схем, бодлого, дасгалын хураамжуудыг бичиж, нийтийн хүртээл болгосон нь байнгын хэрэгцээ эрэлттэй байсаар байгаа төдийгүй хамгийн их ашиглагдсан номоор шалгарч байсан юм.

Тэрчлэн Зэвсэгт хүчний төв хэвлэл болсон “Соёмбо” сонин, тухайн үеийн “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн тэргүүн бичигчийн шагналыг удаа дараа хүртэж, цаг үеийн асуудлыг хөндсөн олон арван нийтлэл, өгүүлэл бичиж байсны дотор “Дунд дүн дундаж офицер төрүүлнэ”, “ЦИС орших уу?, эс орших уу?”, “Мэргэжлээ өөрчлөх шаардлагагүй”, “Ямар арми хэрэгтэй вэ?”, “Та минь ээ, цаана чинь цэрэг өлсөж байна”, “Гэрээт цэрэг-мэргэжлийн цэрэг үү?, мөнгөний цэрэг үү?”, “БХЯ-ыг иргэншүүлэх үү?, цэрэгжүүлэх үү?”, “Монгол цэрэг дэлхийн цэрэг боллоо”, “БХИС-ийг судалгааны их сургууль болгоё” зэрэг Зэвсэгт хүчний шинэчлэлийн сэдвээр бичсэн өгүүллүүд нь олны анхааралд өртөж, шуугиан тарьж байсан.Г.Мягмаржав багш АНУ-ын Пидсбургийн их сургууль, Тэнгисийн цэргийн их сургууль, Герман Улс дахь Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлыг судлах төв зэрэгт суралцаж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа ахиулж чадсан нь цаг үетэйгээ ямагт нийцэн ажиллаж чаддагийн бодит жишээг үзүүлсээр явна.

Г.Мягмаржав багш 1990 оноос нийгмийн ухааны хичээлээр “шавь төвтэй сургалт” явуулах технологийг боловсруулан туршиж, Соросын сангаас зарласан уралдаанд хоёрдугаар байранд, Боловсрол судлалын хүрээлэнгээс зарласан уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтын эзэн юм. Энэхүү технологийн гол агуулга нь багш, суралцагчдын хоорондын харилцааг өөрчилж, багш нь удирдан сургадаг, суралцагч нь өөрөө идэвхижин хөөж суралцдаг технологи юм.Тэрбээр 1998 оноос БХИС-ийн Сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар 10 гаруй жил хугацаанд ажиллахдаа “ЦИС-2005″, “БХИС-2010″, “БХИС-ийн бизнес төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийг ахалж, тус сургуулийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсандаа ихэд бэлгэшээж, бахархаж явдаг. Түүнчлэн тэр жилүүдэд ЦНДС-ийг ЦИС, Цэргийн их сургуулийг БХИС болгох, сургалтын төлөвлөгөө, агуулгыг боловсруулж иргэншүүлэн шинэчлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр 40 орчим баримт бичгийг боловсруулах ажилд идэвхийлэн оролцож, шинэчлэлийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Хурандаа Г.Мягмаржав багшийн энгэрт “Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан” “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” гээд 3 салбарын тэргүүнээс гадна Монголын Ардчилсан холбооны “Эрх чөлөөний одон”, Оюутны холбооны “Соён гэгээрүүлэгч” зэрэг хүндтэй одонгууд гялалзах агаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат багш хэмээх эрхэм цолыг хүртээсэн нь багш хүний хөдөлмөрийн үнэ цэнэ, түүний Батлан хамгаалах салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж сургах үйл хэрэг, БХИС-ийн хөгжил, дэвшилд оруулсан их хувь нэмэр, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэн амжилтын эх байсанд тус сургуулийн эрдмийн хамт олон, үе үеийн төгсгчид нь ихэд баярлаж, талархан хүлээж авсан юм.

Тэрээр Монголын иргэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх асуудлаар төсөл боловсруулж, хэд хэдэн ном бичиж, эх орныхоо өнцөг булан бүрт хүрч судалгааны ажил хийсэн бөгөөд энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулахад гар бие оролцож явна.

Түүнчлэн өнгөрсөн жилээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдож, залуус сурч боловсрохын хамт цэргийн алба хааж, “эх орноо хамгаалах эрдэм ухаан”-д гэгээрч болдгийн бодит жишээг харуулж чадсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэг үг, үнэлгээнээс тод харагдаж байгаа юм.

ОЮУТАНЦЭРГИЙН БАГШ

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2013 оны 10 сард дуудаж уулзаад “Мягаа багш та 2007 онд Төв аймгийн цэргийн анги дээр янз бүрийн боловсролтой, тэр жил татагдсан 100 гаруй цэргийг тусгайлан бэлтгэсэн хээрийн полигон дээр 1 жил сурч байгаа зүйлийг 3 сарын хугацаанд сургах цэргийн эрчимтэй сургалтын том туршилт явуулсан юм байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн оюутан-цэрэг хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж энэ туршилтаа оюутан-цэрэг хөтөлбөр дээр хэрэгжүүлээч, сайдын зөвлөлөөр хэлэлцээд ингэж шийдсэн. Таныг энэ хөтөлбөрийг эзэмшсэн мэргэжил, судалгааныхаа үр дүнг ашиглан явуулж чадна гэдэгт итгэж байна” гэж үүрэг өгч томилсноор Мягаа багш оюутан-цэргийн багш болжээ.

Түүнээс хойш багш үнэнхүү сэтгэл гаргаж, их ажил амжуулсныг бараг Монголын иргэн бүр мэддэг болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулан ажиллаж байна.

Бас Батлан хамгаалахын болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал гаргаж оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн алба хаах тусгай журам гарган мөрдөж байна. Түүнчлэн энэ асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудал өргөн баригдаад байна.

Анхны удаагийн сургалтаа амжилттай явууллаа. Олон нийт, сургууль хамт олон, оюутан залуус их ам сайтай сайн хүлээж авсан. Одоо над руу оюутан-цэрэг хэдийд эхлэх вэ? гээд утасдаад амраахгүй байна. Ер нь энэ их зөв арга хэмжээ. Хуучин дээд сургууль төгссөн хүн 45 хоног цэргийн сургалтад хамрагдаад бэлтгэл дэслэгч болдог бол бид 4 сар бэлтгээд бэлтгэл буудагч цэрэг болгож байна гэж Мягаа багш ярилаа.

Оюутан залуус эхлээд судлах хичээлийнхээ агуулгыг номноосоо уншиж ерөнхий ойлголт авна. Дараа нь багш чинь хичээл дээр тайлбарлаж учир утгыг нь ойлгоно. Ингээд дасгал дадлагыг тогтуухан аажмаар хийж эхэлнэ. Ингэхдээ хөдөлгөөн үйлдэл бүрээ маш сайн хянаж, зөв хийж сурах хэрэгтэй. Үүний дараа аажмаар хурдаа бага багаар нэмж олон дахин хийж автомат робот болтлоо хийж дадлагажиж сурна гэсэн үг. Цааш нь тасаг, салаа, салбартайгаа өөрийнхөө хөдөлгөөн үйлдэл бүрээ нэгтгэж батальон цэрэг нэг хүн шиг хийж, цэрэг гэсэн үг зэрэг гэсэн үгнээс гаралтай болохыг баталтал суралцахад зориулсан.

Оюутан-цэрэг ингэж суралцсанаар хугацаат цэргийн алба гэдгийг цэргийн алба болгож, цэргийн албыг зөвхөн цэргийн хэрэгт суралцаж, үүрэг гүйцэтгэдэг алба болгож, цаг хугацаагаар цэргийн албыг хэмждэг биш, цэргийн эрдэмд суралцсан чадавх, чадвараар хэмждэг шинэ сэтгэлгээ бий болгох юм.

БАГШИЙН БАГШ

Багш маань БХИС-д янз бүрийн ажил хийж байсан ч тасралтгүй багшилж байна. Мягаа багшийг ёстой л багшийн багш гэдэг. Тэрээр “Багшийн ном” гэсэн сурах бичгийг багш нарт зориулан бичсэн нь БХИС-ийн багш нарын гарын ном болжээ. Түүнчлэн “БХИС-ийн багшийг хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулж “БХИС-ийн багшийн хөгжлийн төв”-д зөвлөхөөр ажиллаж байна. Мягаа багш залуу багш нарт: Багшийн ажилд чин сэтгэлээ өгч ажиллах, багшлах ажлыг халтуурдаж болохгүй, багш хүн суралцагч байх ёстой гэж аминчлан захиж байхыг олонтаа сонслоо. Өөрөө ч энэ зарчмыг ягштал баримталж явдгийг шавь нар нь андахгүй сайн мэднээ.

Ийм нэгэн эгэлхэн атлаа эх орон шавь нар хойч ирээдүйн төлөө ихийг хийж яваа багшийнхаа тухай мөн ч их юм бичиж болохоор санагдана.

Өдгөө БХИС гарын арван хуруунд багтах “Гавьяат багш”-тай бөгөөд 112 жилийн түүхэн замналтай, мэргэжлийн боловсролын ууган сургуулийн хувьд тус сургууль “Ардын багш” хэмээх эрхэм цолтныг төрүүлэх цаг аль хэдийн болжээ. Тиймдээ БХИС-ийн эрдмийн хамт олон Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржавт “Ардын багш” цол хүртээлгэхээр гурвантаа өргөн мэдүүлсэн байдаг. Батлан хамгаалах салбар, түүний дотор БХИС-ийн түүхэнд үлдэх мөртэй, хийсэн бүтээл, гаргасан амжилт дүүрэн яваа түүнийг Ардын багш болоосой гэсэн мянга мянган шавь нарынх нь мөрөөдөл биелэх цаг ойрхон гэдэгт итгэнэм.

МУСТА, дэд хурандаа Б.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *