Дарханы АН-ынхан намынхаа төв байранд суулт зарлаад хэд хонож байгаа билээ. Намын дарга З.Энхболд болон генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Дархан-Уул аймгийн АН-ыг Н.Мөнхдаш төлөөлнө гэх дүрмийн бус тодорхойлолт гаргасныг үндэслэн АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж, Дарханы Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийг нь Н.Мөнхдашийн хүмүүсээр томилсон байна.
Ингэснээр Н.Мөнхдаш гэх хувь хүний үзэмжээр Дархан-Уул аймгаас ҮЗХ-ны гишүүдийг сонгох нөхцөл бүрдлээ, дүрмийн бус шийдвэр гаргалаа гэж намын гишүүд нь эсэргүүцэж байгаа аж.
Өнөөдөр Дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтанхуяг суулт зарласан намын гишүүдтэй уулзаж, өргөдөл гомдлынх нь талаар ярилцжээ.
Гишүүдийнх нь зүгээс Д.Алтанхуягийг хурлаа дахин зарлаж, хоёр талын байр суурийг нээлттэй сонсож, мэтгэлцүүлэх зарчимаар асуудлыг шийдвэрлэхийг шаардсан аж. Гэвч Д.Алтанхуяг өргөдлийг хүлээн авч хянаж үзээд, хурал зарлана гэсэн болов ч яг хэзээ, хаана гэдгийг хэлэлгүй намын байрнаас зугтаж гарсан байна.
Суулт зарлагсад Д.Алтанхуягийг Л.Эрхэмбаяр, З.Энхболд, Н.Мөнхдаш нарын нөлөөллөөр хэт нэг талын өрөөсгөл мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм.
Тухайлбал, асуудлыг хэлэлцэхдээ Хяналтын Ерөнхий Хорооноос Н.Мөнхдаш намын дарга биш гэдгийг тогтоосон шийдвэрийг огт авч үзээгүй, мөн Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 99-гишүүнийг анхан шатны үүрүүдээс нь сонгох сонгууль 2014 оны 3-р сарын 22-нд намын үндсэн дүрмийн дагуу болж, тус сонгуульд 3000 орчим гишүүд санал өгөн намын удирдлага, зохион байгуулалтаа шинэчилсэн үр дүнг нуун дарагдуулсан гэжээ. Гишүүд гомдлоо намын дарга З.Энхболдод тавьж, уулзах хүсэлт тавьсан ч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.