Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.03/ хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт нарыг нэмж оруулахаар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжлээ.

Дараа нь Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн О.Содбилэгийн, Нутгийн удирдлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн нэрийг тус тус дэвшүүлсэн юм. Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэр дэвшигчдийг дэд хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын дагуу Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Су.Батболд, О.Содбилэг, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Хуулийн хэрэгжилттэй танилцсан тухай танилцуулга болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг энэ оны 4 дүгээр сарын 20-ны дотор боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгохоор уг тогтоолын төсөлд дурдсан байна. Байнгын хорооны тогтоолыг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тус байнгын хорооны дарга А.Бакей тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5; Төрийн байгуулалтын байнгын хороо 6; Төсвийн байнгын хороо 8; Эдийн засгийн байнгын хороо 7; Хууль зүйн байнгын хороо 6; мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35; Монгол Ардын намын бүлгээс 12; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлсэн.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд; өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзлээ гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа аж.

Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн С.Баярцогт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг хууль тогтоожийн төслүүдийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *