Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, МУГЖ С.Жавхлан нар газар тариалан эрхлэгчид болон ХХААЯ-ны хооронд гарсан үл ойлголцлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тариаланчид ОХУ-аас улаан буудай импортолсноос болж Монголын тариаланчид хүнд байдалд орсон гэж мэдэгдлээ. Мөн төр засгийн зүгээс гаргасан тариаланчдынхаа урмыг хугалсан, хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 40 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгосон шийдвэрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан нарыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм.
“Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Өнөөдөр гурван жилийнхээ хөдөлмөрийн хөлсийг аваагүй байгаа тариаланчид алган дээрээ мөнгөгүй цагаан сар тэмдэглэх болчихоод байна. Ерөнхийлөгч нь улаан буудай импортлоход хориг тавьчихаад байхад өнөөдөр хилээр 22 вагон улаан буудай ороод ирчихсэн байна. Тариаланчид Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай болсон. Тиймээс энэ бүх шударга бус зүйлийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 4-нд тариаланчид жагсаал хийнэ” хэмээн мэдэгдэв.
Мөн энэ үеэр дуучин С.Жавхлан уг жагсаалд оролцоно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр “Би сая тариалангийн бүс нутгаар яваад ирлээ. Тариаланчид тариагаа агуулахдаа хураачихаад нулимс нь цийлэгнээд, уйлаад сууж байна. Тиймээс би энэ жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөнө. Би тариалан эрхэлдэгтээ энд ирээгүй. Хамгийн гол нь Монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гээд бор зүрхээрээ явж байгаа энэ хүмүүсийн үнэ цэнэ, Монголын хүнс үнэ цэнээ алдаж байгаад харамсаж, эмзэглээд энд ирчихсэн” гэв.