Сүүлийн үед уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгоно гэж хэт туйлшраад эхэллээ. Улсын их хурлын монгол хэлний тухай хуулийн төсөл дээр “Өмчийн бүх хэлбэрийнерөнхий боловсролын сургуулийн сурагцагсдад үндэсний монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана”. Бас “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэсэн заалт оруулж байна. 2020 оноос эхлэн Монгол Улс хос бичигтэй болно гэсэн амьдралд нийцэхгүй хуулийг хэлэлцээд дээр дороо орж байгаа харагдах юм. Албан байгууллагууд гаднах хаягаа уйгаржин бичгээр бичихгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэх юм. Ингээд хувийн хэвшлийнхэн хаалгаа баривал ард түмнийг хэн тэжээх вэ. Эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль болгон ийм айхтар, эвгүй заалттай гарч байна.
Улс орон урагшаа хөгждөг болохоос хэзээ хойшоо алхаж байсан юм бэ. Уйгаржин монгол бичиг сурвал Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт гардагчлан хөмөрсөн тогоон дор буй мэт амьдарна. Монголдоо хайртай, үндсэрхэг, эх оронч гэхэд энэ арай хэтэрнэ. Генри хаан “Чи энэ ард түмнийг мунхаг байлга. Би энэ улс орныг ядуу байлгая. Тэгвэл чи бид хоёр удаан засаглана” гэж хамба ламдаа хэлж байсан юм гэнэ билээ. Яг үүнтэй адил үндсэрхэг үзлийг нь далимдуулаад байна. Зориуд үндсэрхэг үзлийг нь дэврээн буцалгаж байгаад дагуулж тонгорно гэгчээр ийм хэрэггүй хууль хэлэлцэж эхэллээ. Уйгаржин монгол бичгийг зургадугаар ангиас заана, 2020 оноос хос бичигтэй болно гэхийнхээ оронд бүр заахыг нь хориглох хэрэгтэй. Тэрний оронд латин галигаар хэрхэн зөв бичих, интернэт ертөнцөд яаж суралцах, цахим орчинд биеэ хэрхэн зөв авч явах вэ гэсэн хичээлүүдийг түлхүү оруулмаар байна. Ингэж орчин үетэйгээ хөл нийлүүлье.
Сүүлийн үеийн залуучуудыг кирилл үсгээр яагаад ийм их алдаатай бичээд байна вэ гэдгийг нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү. Энэ манай боловсролын салбарын яг ингэж хийрхсэн, алдаатай бодлогоос үүдэлтэй юм. 1993 онд сургуульд орсон хүүхдүүдэд дөрөвдүгээр анги хүртэл нь монгол бичиг заасан. Кирилл үсгийг тавдугаар ангиас нь заасан байдаг. Үр дүнд нь кириллээр ганц ч үг зөв бичиж чадахгүй залуустай болсон. Яг үүнтэй адил уйгаржин бичигт шилжинэ гэж хийрхцгээвэл ойрын 30 жилдээ ном унших, сонин гарчиглах хүнгүй болно. Ингэж харанхуй, бүдүүлгийн туйл болно. Уйгаржин бичигтэй бол их сайндаа Хөх хотод л очиж хэдэн хаяг унших байх. Өөр ямар ч хэрэггүй. Харин нас биед хүрсэн хойноо их, дээд сургуулийн судлаачдын хэмжээнд уйгаржин бичгийг судалж болох юм. Ер нь Монгол Улс байсан цагт монгол хэл мөхнө гэдэг арай хэтэрсэн, амьдралаас тасарсан популизм. Монгол хүн эх хэлээрээ ярихгүй өөр юугаараа ярих билээ. Тэгэхээр үндсэрхэг үзэл гэж хийрхэлгүйгээр, уйгаржин монгол бичгийг ерөнхий боловсролын сургуульд заахгүй байсан нь дээр.
С.АЛТАНЦЭЦЭГ