Categories
мэдээ спорт

Крис Лавсон: Би багийнхаа лидер нь

Монголын Үндэсний саг­сан бөмбөгийн холбооны Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тог­­лолтууд ид явагдаж байгаа билээ. Супер лигийн тэмцээн гурав дахь жилдээ амжилттай явагдаж байгаа бол гурав дахь жилдээ лигийн тэмцээнд оролцож буйСентоза арслангуудбагийн тамирчин Крис Лавсонтой ярилцлаа. Түүний хувьд сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тамир­чин болсон төдийгүйЛувсанхэмээн монгол нэрийг сагсан бөмбөгийн хорхойтнууд өгчихөөд байгаа билээ.

Крис Лавсон та Монголд гурван жил дараалан ирлээ. Супер лигийн тэмцээнд анх ирэхэд ямар санагдаж байсан бэ. Гурван жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн байна?

-Анх Монголд ирээд лигийн тэмцээнд оролцож байхад өрсөлдөөн тийм ч ширүүн бай­гаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрчлөлт гарах байх гэж бодож байлаа. Супер лигийн тэмцээн хоёр дахь жилдээ багууд болон тоглогчид сайжирсан. Харин энэ жил лигт тоглох багуудын тоо нэмэгдсэн тамирчдын ур чадвар илт дээшилсэн байна лээ. Супер лиг чинь сагсан бөмбөгийн ширүүн тулааны талбар болчихоод байгаа юм биш үү. Энэ жилийн лигийн тэмцээнд гадна дотнын тамирчдын ур чадвар илт дээшилсэн нь харагдаж байна. Легионер тамирчид гэхэд АНУ-д сагсан бөмбөгөөрөө алдартай сургуулиудын шигшээ багт тоглож байсан тамирчид иржээ. Шилдэг легионер тамирчид ирснээр гал гарсан өрсөлдөөн дундаас Монголын сагсчдын ур чадвар улам сайжирч байгааг хэлмээр байна.

Таны хувьд анх Хүлэгүү­дээс гараагаа эхэлж, Гурван тамираар дамжин энэ жил Сентоза арслангууд багт хүчин зүтгэж байна. Танай багийн давуу тал болон сул тал нь юу байна. Танай баг сайн тоглож байгаа хэдий ч сүүлчийн 1-2 минутад алдаа гарган хожигдчихоод байгаа нь харагдсан

-Манай багийн давуу тал мэдээж залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор хурдаараа аль ч багаас илүү байна уу гэхээс дутаж байгаа зүйл байхгүй. Залуу тамирчид их байгаа болохоор сурахыг эрмэлзэж, хичээж байгаа баг. Манай багийнхан намайг багийнхаа лидер гэдгийг ерөн­хийдөө хүлээн зөвшөөрсөн. Багийн сул талын тухайд гэвэл залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор туршлага дутсан алдаануудыг тоглолтын сүүлчийн хормуудад гаргаад байгаа л даа. Гаргаж боломгүй алдаа гаргаад байгаа болохоор тоглолтын сүүлчийн мөчид 1-2 оноогоор хожигдоод байгаа. Зарим тоглолтод 5-8 онооны илүү явж байгаад энэ мэт жижиг алдаанаас болоод хэд хэдэн тоглолтод хожигдол хүлээсэн. Сентоза арслангууд баг ноднин лигт Говь-Алтай МонТорх нэрээр орохдоо нэг хожил л авсан юм билээ. Бусад тоглолтод хожигдохдоо 20-30 оноогоор хожигдож байсан. Энэ жил манай багт ахиц гарсныг дурдмаар байна. Манай багийн тамирчид маш дайчин тоглож, хэнээс ч эмээлгүй өөрсдийн чадах бүхнээ дайчилж байгаа. Ахиц гарсан гэдэг нь манай баг сайн сайн багуудыг буулган авч чадна гэдгээ харуулсан. Манай багийг басах хэрэггүй. Бидэнд хангалттай нөөц боломж бий.

Крис энэ жил нэлээд жин хаяад иржээ. Жин багассан ч гэсэн хүчний тоглолт хэвээ­рээ байна шүү. Хүчний тоглолтод жин багатай байх нөлөөлж байна уу?

-Миний хувьд ноднин жин нэлээд нэмсэн байсан минь үнэн. Би хэд хэдэн орны лигт тоглох санал тавьсан ч хүнд жинтэй байна гэсэн учраас татгалзсан хариу ирүүлсэн. Тэгээд ч би мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор биеийн хөгжилдөө анхаарал тавих ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьж өнгөрсөн зун тасралтгүй бэлтгэл хийж жингээ хасан, хүчний бэлтгэл хийсэн. Жин багаслаа гээд тоглолтод сөр­гөөр нөлөөлж байгаа зүйл алга. Харин ч хурд маань өмнөхөөсөө нэмэгдсэн.

Таны өндөр жин, хэд байгаа вэ. Таныг талбай дээр харахад тийм ч өндөр харагд­даггүй. Өндөр тамирч­дын эсрэг хүчний тоглолт хийж тэр дундаа довтолгоогоо оноо болгож чадаж байгаа давуу тал юу вэ?

-Миний жин 106 кг, өндөр 192 см. Өндөр тамирчдын эсрэг довтолно гэдэг миний хувьд тийм ч хүндрэлтэй зүйл биш. Би коллеж, их сургуульд байхдаа янз бүрийн өндөр тамирчдын эсрэг тоглож байсан. Мөн Монголоос гадна гадны хэд хэдэн оронд тоглож байхдаа өндөр хүмүүстэй таарч байсан. Өрсөлдөгч тамирчин өндөр, би намхан байна гэдэг надад бол асуудал огт биш. Харин яаж эднээс илүү ухаалаг тоглох вэ, би довтолгоо хийх боломжгүй үед багийнхаа шидэх боломжтой тамирчныг яаж чөлөөлөх вэ гэдэг дээр л анхаардаг. Би сагсан бөмбөгийг тоглоод сурчихсан болохоор ямар ч хурд, хүчтэй тамирчин байсан хүнд нь тааруулаад тоглочихдог.

Та сагсан бөмбөгийн гараа­гаа хаанаас эхэлж бай­сан бэ. Ямар ямар багуудад хүчин зүтгэж байсан бол?

-Би 15 нас хүртлээ саг­сан бөмбөг тоглоогүй. Харин сагсны оронд талбайн тенни­сээр хичээллэдэг байлаа. 15 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхлэхэд ойр дотнын хүмүүс маань “Крис чи теннисээс илүү сагсан бөмбөгт авьяастай юм байна. Сагсаар хичээллэ” гэж хэлсэн. Тэгээд ч миний гаргасан амжилт теннисээсээ илүү болж эхэлсэн л дээ. Ингэж л би сагсан бөмбөгт орсон хүн байгаа юм. Мэргэжлийн сагсан бөмбөгийн хувьд би Мексикт нэг жил тоглоод Хятадад хоёр жил тоглосон. Одоо харин Монголд гурав дахь жилдээ тоглож байна.

Одоо та хэдэн настай вэ?

-Би 31 настай.

Манай тамирчдаас ямар тамирчдыг үнэлдэг вэ. Ур чадвар өндөртэй ямар тамирчид байгаа гэж харж байна?

-Мэдээж Т.Санчир байна. “Танан гарьд”-ын Ц.Азбаяр, О.Ууганбаяр нар сайн тоглож байгаа. “СБЛ Хасын хүлэгүүд”-ийн холбон тоглогч О.Сэргэлэн, манай багийн Тамжид нарын ур чадвар илт дээшилж байгаа.

Монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?

-Би хуушуур идэх дуртай. Хуушуур идэх чинь гоё шүү дээ.

Та өвлийн энэ хүйтэнд нимгэн хувцастай явж байх юм. Даарахгүй байна уу?

-Би Чикагод төрж, өссөн. Монголын хүйтэн Чикагогийн өвөлтэй харьцуулахад тийм ч хүйтэн биш. Чикагод маш их цас орж, цасан шуургатай байдаг. Чийглэг хүйтэн салхи улам л хэцүү байдал бий болгодог. Манай нутагт ажилдаа явж чадахааргүйгээр хүйтэрдэг. Тийм болохоор Монголын хүйтэн надад хүндрэлтэй биш ээ. Би даарахгүй байна.

Крис чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна?

-Зундаа би Америкт бай­даг. Тиймээс хүүхэддээ л цаг зав гаргахыг хичээдэг. Зуны улиралд өндөр эрчимтэй бэлт­гэл хийж 3-4 цаг хүчний бэлтгэл хийдэг юм. Үдээс хойш сагсан бөмбөг тоглох, зааланд орж бөмбөг шиддэг. Монголд бол өглөө Орчлон сургуулийн заа­ланд очиж бэлтгэл хийдэг.

Зуны дэлгэр цагт Монголд байж үзсэн үү. Анх Монгол Улсад ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Одоо Монголын талаар юу хэлэх вэ?

-Гурван жилийн өмнө анх ирэхдээ яг үнэнийг хэлэхэд айж байсан. Айхтай зэрэгцэн гайхшрал төрж байлаа.

Юунаас айсан гэж?

-Би Монголд газардаад нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явахад машинд суулгаад шороон замаар авч явсан. Тэр үед “Намайг хааш нь авч яваад байнаа” гэсэн айдастай байсан. Намайг ирсэн анхны жил лигийн тэмцээн зургаан сар хүртэл үргэлжилсэн. Тэр ч утгаараа зуны эхэн саруудад урин цагт нь байж үзсэн. Зургадугаар сард багаараа Мэлхий хад руу явсан. Өөр хэд хэдэн газарт очиж үзсэн шүү. Монголын хөдөө надад маш их таалагдсан. Сүүлийн хоёр жил Монгол Улс эрчимтэй хөгжиж байна. Гудамж талбай, дэлгүүрүүд, хотын өнгө үзэмж өөр болсон.

Таны зорилго юу вэ. Залуу байхад мэдээж NBA-д тоглоно ч гэдэг юм уу мөрөөддөг байсан байх?

-Ямар ч сагсчид NBA-д тоглох мөрөөдөлтэй байдаг. Он жил өнгөрөөд нас ахиад ирэхээр NBA-д тоглох боломж бага юм байна гэдгийг хүссэн хүсээгүй ойлгодог юм билээ. Ингэснээрээ өөрийн зорилго болон мөрөөдлөө бодитоор харж эхэлдэг. Би бол тоглож байгаа багтаа аль болох чадахаараа туслахыг л хичээдэг. Миний үүрэг бол багтаа хожил авчрахад өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой. Тэглээ гээд өөрийнхөө хувийн амжилтыг ахиулах гээд оноо хөөх биш шүү. Тоглож байгаа багаа амжилтад хүргэхийн төлөө л явдаг.

Миний амьдралын зорил­го бол хүүхдээ зөв хүн бол­гон хүмүүжүүлэх. Сагсан бөмбөгийн хувьд хүүхэддээ “Манай аав сагсан бөмбөг тоглож байсан шүү. Аав маань мэргэжлийн сагсан бөмбөгөөр хичээллэн хатуужилтай байна” гэдэг ухамсрыг төрүүлэх. Тэгснээр хүү маань ааваасаа илүү тамирчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлэх юм. Хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх мөрөөдөлтэй явна.

Супер лигт тоглож эхэлснээс хойш карьерийнхаа ямар дээд амжилтыг тогтоо­сон бэ?

-Ноднин би “Гурван тамир” багт тоглож байхдаа “СБЛ Хасын хүлэг”-үүд багийн эсрэг тоглолт хийсэн. Тэр тоглолт надад маш их сэтгэгдэл төрүүлж чадсан. Учир нь Хүлэгүүдийн легионер тамирчид “Танай багийг манайх түвэггүй хожно” гээд над руу дайралт хийсэн. Уг тоглолтод цаг сунган хожсон маань надад сайхан санагдсан. Ер нь бол трибл дабль хийсэн үед сэтгэл хангалуун байдаг. Нэгэнт л би тамирчин юм чинь өндөр оноо авахыг хичээдэг.

Монголд ирээд гурван жил боллоо. Монголоор дав­гүй ярьж сурсан гэж дуулсан?

-Би монгол хэл тийм ч сайн сураагүй. Нэг л сайжирч өгөхгүй байна. Бэлтгэл дээр манай багийнхан байнга хэрэглэдэг үгийг нь “Юу гэж байгаа юм бэ” гэж асуудаг. Тэр үгийг нь давтаж хэлдэг. Би монгол хэл сурах хэрэгтэй. Талбай дээр багийнхантайгаа ямар нэгэн харилцаа үүсгэж байх ёстой.

Монгол хэл сурах хэцүү байна уу. Өмнө нь хоёр жил Хятадад тоглохдоо хэлийг нь сурсан уу?

-Монгол хэл сурахад хэцүү. Хятад хэл бүр ч хэцүү юм билээ.

Хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Танай баг ямар амжилт үзүүлэх бол?

-Бидэнд одоо найман тог­лолт үлдээд байна. Тоглолт бүртээ хариуцлагатай хичээ­гээд тогловол плэй офф-т шалгарах боломжтой. Би багаа Супер лигийн эхний тавд багтах хэмжээний чадвартай гэж боддог. Манай залуучууд туршлагагүйн алдаагаа гарга­хаа байчихвал болох гээд байгаа юм. Гэхдээ манай баг эрч хүч дүүрэн байгаа. Плэй офф-т шалгарчихвал аваргын төлөө тоглох бүрэн боломжтой. Манай багийн хожигдсон тог­лол­тууд бага зэргийн алдаанаас болж 1-2 онооны зөрүүтэй ялагдал хүлээгээд байгаа. Энэ багийн төлөө би юу ч хийхэд бэлэн байна. Дасгалжуулагч надад юу гэж хэлнэ тэр бүгдийг хийх болно. Манай баг нэг учраа олоод эхэлчихвэл дийлдэхгүй шүү. Учир нь манай багийнхан ядарч цуцдаггүй, залуу эрч хүчтэй. Тамирчид маань тоглолтоос тоглолтын хооронд сайжирч байгаа.

Крис Лавсоны нүдээр монгол бүсгүйчүүд ямар харагдаж байна?

-Монгол бүсгүйчүүд дэгжин, хөөрхөн.

Та хүүхдэдээ маш хайртай гэсэн. Сагсан бөмбөгч болгох уу. Та ямар мэргэжилтэй вэ?

-Хүүгээ заавал сагсан бөм­бөгч бол гэж албадахгүй. Хамгийн гол нь зөв ухаантай, эрүүл болж л өсөх учиртай. Би нийгэм судлал, социологич мэргэжлээр их сургууль төгссөн. Яагаад социологи тэр дундаа хар тамхины талаар судлах болсон, энэ мэргэжлийг ямар учраас сонгосон бэ гэхээр манай аав, ээж хар тамхи хэрэглэдэг байсан. Би доороо хоёр дүүтэй. Аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэдэг байсан болохоор биднийг би хар тамхийг сонгосон. Тиймээс хоёр дүүг маань хамаатнуудад үрчлүүлж, ээжийн найз нь намайг өргөж авсан. Би айлын өргөмөл хүүхэд. Би том болоод яагаад аав, ээж маань өөрсдийн хүүхдүүдээсээ татгалзах болсон юм бэ гэдэг хариултыг олохоор шийдсэн. Тэр ч утгаараа энэ мэргэжлийг сонгосон.

Тэгээд хариултаа олж чадсан уу?

-Тэр хариултыг олсондоо одоо ч би харамсдаг.

Яагаад?

-Судлаад үзсэн чинь аав, ээжийн маань хувиа хичээсэн байдал бид гурваас илүү байж. Тиймээс бид гурвыг сонголгүй хар тамхийг сонгон, амьдралаа сайхан авч явъя гэсэн хүсэл эрмэлзэлгүй болсон байжээ. Сайхан амьдаръя гэсэн хүмүүс хар тамхи хэрэглэж байгаад шууд гарч чаддаг. Тухайн үед аав, ээж минь хар тамхинаас холдохыг хүсээгүй юм билээ. Энэ хариултыг олж мэдээд зүрх зүсэгдэх шиг болсон. Одоо аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэхээ больсон. Одоо хар тамхинаас татгалзаж чадсан байж тухайн үед яагаад хар тамхинаас гарч чадаагүй юм бэ гэж бодохоор л гомдох сэтгэл төрдөг юм.

Монголд мэргэжлээрээ ажиллах санал ирвэл ажиллах уу. Монголын иргэншил авах хүсэл бий юу?

-Мэргэжлээрээ Монголд ажиллах, Монголын иргэн бо­лоод удаан хугацаагаар Монголд байх бодол надад төрж байгаагүй. Би Монголд удаан хугацаагаар амьдарвал хүүгээсээ холдох болно. Хүүгээ аваад ирье гэхээр хүү маань ээжээсээ холдчихно. Тиймээс тийм боломж байхгүй.

Монголчууд танд ямархуу хандаж байна?

-Энд тэнд явж байхад хүүхдүүд хамт зургаа авахуулах санал тавьдаг. Саяхан 12 настай нэг хүүхэд тоглолтыг маань үзэх дуртай, уулзах гэсэн юм гэсэн санал ирүүлснийг хүлээн авч уулзан хоол хамт идсэн. Ер нь бол монголчууд намайг таньдаг болсон байна лээ. Хүүхдийн төлөө сайн сайхан зүйл хийх дуртай.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *