Categories
ардын-цолтон мэдээ спорт

Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хацу башёд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 33 дахь удаагаа авч түүхэн дээд амжилтын эзэн болов.Ингэж хоёр мянга гаруй жилийн түүхтэй сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор дэлхий нийтэд эх орноо сурталчиллаа. Дэлхийн түүхэнд Есүхэйн том хүүгээр Монголыг мэддэг. Одоо болМөнхбатын бага хүүгээр л биднийг мэддэг болж байна гэхэд хилсдэхгүй. Монгол хүний зориг тэвчээр гэж юу байдгийг, юунд хүргэдгийгХакухо М.Даваажаргалын амжилт дэлхий нийтэд харуулсан. Яагаад зориг тэвчээрийн тухай ярьж байна вэ гэхээр сумо бол ерөөсөө л маш өндөр зохион байгуулалттай, хатуу чанга дэглэмтэй спорт. Зүгээр нэг биеэ хөөлгөөд махан бөмбөг болчихсон нөхдийн амжилт гаргах талбар биш. Бэлтгэлийн үеэр тэсвэр тэвчээр алдарсандаа нулимс унагана гэдэг хамгийн энгийн үзэгдэл. Үнэхээр шүд зуун тэвчиж чадсан хүн л сая нэг өндийдөг. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс сумогийн дэвжээг зорин очсон олон аавын хүү тэсэж гарч чадалгүй шантраад нутаг буцдаг. Дэлхийн эрчүүд барилдах нь бүү хэл, сумогийн ертөнцийн босгыг давж чадалгүй гэртээ харьж байхад Хакухо М.Даваажаргал монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг харуулж түүхэн дээд амжилтыг эвдлээ. Монгол хүн ийм байдаг юм гэдгийг дэлхий нийтэд бахархалтайгаар харууллаа.

Яг нэг сарын өмнө сониныхоо томилолтоор Япон руу явж мэргэжлийн сумод барилдаж буй монгол бөхчүүдтэй ярилцлага хийсэн. Тэр үед хамгийн түрүүнд их аварга Хакухотой уулзаж байлаа. “Миягино” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байхад нь урьдчилж тохиролгүйгээр шууд яваад очсон хэрэг.Сумочдын бэлтгэл ямар хүнд хэцүү болохыг тэгэхэд ойлгосон юм. Бөхчүүд зурагтаар гардгаас хэд дахин хүнд бэлтгэл хийж байсан.Нус, нулимстайгаа холилдсон бөхчүүдийг хараад “Яаж тэсдэг байна аа” гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Хөх махаа чичигнүүлэн зогсоо бөхчүүдийг харж өрөвдөөд арай л сэмхэн уйлчихаагүй.Манай бөхчүүд, тэр дундаа их аварга Хакухо М.Даваажаргал энэнээс ч хэцүүг даван туулсан болохоор өнөөдөр эх орныхоо нэрийг мандуулж байна. Ярилцлага авахаар дэвжээ рүү нь явж байхад Японы “Сумо” сэтгүүлийн гэрэл зургийн албанд 20 гаруй жил ажилласан В.Даваа ах “Урьдчилж тохироогүй ч гэлээ ярилцлага өгчих байх. Сумочид хар багаасаа зовлон үзсэн байдаг болохоор ямар ч өндөр цолонд хүрсэн элдэв зангүй байдаг юм” гэж хэлж байсан. Нээрээ л их аварга маань энгийн сайхнаар хүлээж авсан даа. Жолооч, туслахууддаа “Манай “Өдрийн сонин”-ыхон хүрээд ирчихэж” гэж хэлээд л. Аварга цаанаа нэг элгэмсүү дотно болохоор нөгөө хэдэн туслах нь ч найр тавиад сүрхий байсан. Ярилцлагынхаа үеэр Тайхо аваргыг нутаглуулсан газарт цэцэг өргөхөөр явсан. Тэр үедээ “Тайхо аварга бол сумогийн ертөнцийн аав минь байгаа юм. Барилдаж байхдаа сумогийн дээд амжилтыг эвдэх үү, эвдвэл хүмүүс юу гэх билээ гэж хааяа боддог. Энэ тухайгаа Тайхо аваргаас асуусан. Тэгсэн “Би болон үе үеийн аваргууд дээд амжилтуудад хүрэхийг мөрөөдөж, зүүдэлж явсан. Харамсалтай нь эвдэж чадаагүй. Рекорд гэдэг бол эвдэгдэх гэж байдаг зүйл. Хэрвээ түүнийг эвдэх боломж байвал өөрийгөө бүрэн дайчлаарай. Боломжийг ашигладаг юм шүү” гэж хэлсэн. Энэ үгэнд нь их баярлаад, ямар ч байсан 32 удаа түрүүлж намайг сумод хөтлөн оруулсан таны ачийг хариулна гэж хэлж байлаа” хэмээн ярьсан. Аварга хэлсэндээ хүрч Тайхо аваргын ачийг хариулсан. 32 удаа түрүүлчихээд зогсож байхад мөрөн дээрээс нь хүнд ачаа аваад хаячихсан мэт сайхан болчихсон гэж ярьж байлаа. Харин “Та 33 удаа түрүүлнэ. Энэхүү дээд амжилтаа тэмдэглэж найр хийх үү” гэж асуухад “Хүүе чи яасан хамаагүй ярьж байх юм. 33 удаа түрүүлнэ гэж айхтар итгэлтэй хэлж байх чинь” гээд баахан инээсэн дээ. Тэгснээ “33 удаа түрүүлбэл найр хийхгүй байх аа. Цаана нь 34 дэх, 35 дахь түрүү байгаа байлгүй дээ. Энэ л миний дээд амжилт гээд найр хийгээд байвал найз нөхөд маань байнга надад бэлэг өгөх хэрэгтэй болно. Мөнгө их орно шүү дээ” гэж хошигносон юм. Бас ярилцлагынхаа төгсгөлд “Чи байнга ирээд байж чадахгүй юм чинь 33 дахь түрүү гээд гарын үгсээ зураад өгчихдөг юм билүү. 33 удаа түрүүлсний дараа үнэд хүрэх байх” гэснээ “За больё. Хацу башё эхлээ ч үгүй байхад дэмий юм болж мэднэ” гээд “Хакухо V32” гэж бичээд дурсгал болгон өгч байсан юм.

Ганцхан сарын өмнө 33 дахь түрүүгээ мөрөөдөн ярьж байсан их аварга маань өнөөдөр магадгүй дахиж хэзээ ч давтагдахгүй байж мэдэх түүхэн амжилтын эзэн болчихлоо. Түрүүлчихээд зогсож байхдаа “Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү” гэж хэлсэн дээ. Тэр үед аваргын ярьж байсан нь бодогдож байв. “Намайг монголчууд япон эхнэртэй болсон гэж нэг хэсэг янз бүрээр л ярьсан. Магадгүй тэр эмэгтэйн хүчээр би өдий зэрэгтэй барилдаж байгаа ч юм билүү. Спортоор амжилт гаргахад сэтгэл санааны тайван байдал нэн чухал” гэж эр нөхрийн хувиар гэргийгээ өмөөрч байлаа. Бас “Би Японы иргэншилтэй болох тухай бодож байсангүй. Аавтай зөвлөсөн юм ч байхгүй. Гэтэл зарим нэг хэвлэлээр намайг бараг л Японы иргэн болчихсон мэт ярьдаг. Тэрийг нь уншихаар гомдмоор. Намайг түлхээд ч байгаа юм шиг санагддаг. Бүр паспортоо гаргаж үзүүлдэг юм билүү ч гэж бодох юм” гэж гомдолтойхон ярьж байсан даа. Харин өнөөдөр аварга маань эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтууллаа. Хэдхэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадорж монголчуудад сумог жинхэнэ утгаар нь сурталчилж байлаа. Монголчууд төдийгүй арлын улсын ард түмэнд үндэснийх нь спортыг улам сонирхолтой болгож өгсөн. Аварга маань өнөөдөр барилдаж байсан бол Хакухогийн өндөрлөгт хүрнэ гэдгийг бид мэдэж байгаа. Түүхэн амжилтыг эвдэх бүрэн боломж, бололцоо байсан. Гэвч замаасаа харамсалтайгаар буцсан. Харин их аварга Хакухо одоо ухаалаг байх хэрэгтэй. Ах аваргынхаа алдааг давтаж болохгүй. Япон үндэстнийг, сумогийн их ертөнцийг дээд зэргээр хүндэлдэг байх хэрэгтэй.Японд байхад тэдний ганц бахархал нь Хакухо юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Тэр ард түмний хайр, хүндлэлийг дааж явахаа аварга юу юунаас илүүтэй ухамсарладаг байх. Үг хэл, үйл хөдлөлөө хянаж байхын зэрэгцээ хамгийн гол нь барилдаж л баймаар байна. Хакухо М.Даваажаргал барилдаж байна гэдэг дэлхийд Монголын нэр гарч байна гэсэн үг. Япон улсыг мэдэхгүй хүн гэж дэлхийд байхгүй. Энэ улс бол дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон.Япон улс гэхээр ямар ч хүнд сумо төсөөлөгддөг. Сумог мэдэж байгаа хүнд их аварга Хакухо л бодогдож байгаа. Харин Хакухогийн цаана Монгол Улс байгаа юм. Ингэж дэлхий дахинд Монголыг сурталчилж, мандуулсан хүүгээ Монголын төр шагна­маар байна. Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё. Хөдөлмөрийн баатар цолны үнэ цэнэ яг энэ үед л оршино. Яагаад гэвэл монголчуудын ерөнхий үнэ­лэмжийг, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж байгаа манай суут хүүхдүүдийн манлай нь тэр юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

One reply on “Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *