Categories
мэдээ цаг-үе

Барилгын компаниуд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгох санал гаргажээ

Сүүлийн таван жилд барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан гэх баримт байна. Энд тэнд осол гарч, хүн амиа алдлаа гэх мэдээлэл барилгын ид ажлын үеэр буюу дулааны улиралд дуулддаг. Цаашид энэ салбарт хууль эрхзүйн дорвитой өөрчлөлт хийж, хариуцлагын механизмыг нь тодорхой болгохгүй бол хэдэн ч хүн амиа алдаж, хичнээн ч компанийн үйл ажиллагаа доголдож болзошгүй болоод байгаа юм. Барилгын нэг компанийн үйл ажиллагаа зогсоход дунджаар 500 хүн ажилгүй болдог гэсэн судалгаа байдаг. Нэг хүний ард хичнээн ам хоол нэхэн хүлээдэг билээ. Энэ сарын 22-нд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ноцтой осол гарсан гэх компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ.

Салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гарсан компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг анх удаа хүлээж авсан нь энэ гэнэ. Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг шинэчлэн боловсруулж, өөрчлөхөд эдгээр компанийн саналыгтусгахын тулд ийн цуглуулсан юм байна. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хийх гол ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах явдал. Шинэчлэн боловсруулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд та бүхний сургамж, алдаа дутагдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлуудаас санал авч, тусгах саналтай байна” гэж онцолжээ. Яамны зүгээс цаашид барилгын салбарт ажиллаж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, барилгын салбарт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход онцгой анхаарч ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Уулзалтад оролцогчид одоогийн мөрдөгдөж байгаа журам, хууль эрхзүйн актад зөрчилтэй байгаа зүйлүүд болон өдөр тутамд тулгардаг бэрхшээлүүдийнхээ талаар ний нуугүй ярилцжээ. Дээрх компаниудын зүгээс олон санал хэлж байсан ч бүгд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгохыг хүсч, хууль тогтоомжиндоо энэ бүхнийг тодорхой тусгахыг санал болгосон байна.

Ийнхүү салбарын сайд нь томоохон сургамж авсан гэх компаниудын төлөөлөлтэй анх удаа нээлттэй ярилцсан нь авууштай юм. Компаниудын хэлж, анхааралдаа авахыг хүссэн хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгож өгөхийг нь хүссэн нь бүх юмны зангилаа л даа. Ямар нэгэн барилга дээр осол гарахад бүгд л буруутанг нь эрэхдээ нэр нь тод сонсогдож байгаа компаниу руу нь дайрдаг сөрөг хандлага нийгэмд бий болчихсон. Ерөнхий гүйцэтгэгч гэх нэр нь компаниудыг буруутгах үндэс болдог мэт. Ерөнхий гүйцэтгэгч гэдэг бол барилгын суурь, хана, хучилт, араг бүтээц, дээврийн гэх том, бүхэл, ерөнхий ажлыг нь хийдэг. Ингээд бусад ажил болох сантехник, цахилгаан, гадна, дотно заслыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэдэг. Ерөнхий гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд дараагийн компанидаа ажлаа хүлээлгэн өгнө. Гэтэл дараагийн гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан ослыг аль хэдийнээ ажлаа гүйцэтгээд өгчихсөн компанид тохож, буруу шийдвэрлэсэн хэд хэдэн жишээ гарсан билээ. Ийм үйлдлээс болоод ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг барилгын томоохон компаниуд хариуцлагын тогтолцоог ойлгомжтой шударга байлгахыг хүсээд байгаа нь энэ юм. 2014 онд нийслэлийн хэмжээнд барилгын хэд хэдэн осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн билээ. Осол гаргасан гэх хэдэн компани байсны нэг нь “Зуншин”. Тус компанийг тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдвээр дайрч, ослын буруутан хэмээн зарласан. Ингэж тус компани руу дайрсан нь өөрөө хууль бус үйлдэл л дээ. Хууль хяналтын байгууллагаас буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад мэргэжлийн бус хүмүүс хувийн дүгнэлт гаргаж, олон нийтэд ташаа мэдээлэл цацсан. Гэтэл цагдаа, хууль хяналтын байгууллага “Зуншин” компанийг буруугүй гэдгийг тогтоосон байдаг. Гэсэн ч тус компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлчихсэн байгаа. Үүнээс болоод зөвхөн энэ компани хохироод зогссонгүй олон мянган хүн ажилгүй болж, улсын төсөв ч тодорхой хувиар тасарчихаад байна. “Зуншин” компани ажилгүйдлийг бууруулахад өөрийн бодит хувь нэмрийг оруулж, жилд давхардсан тоогоор 1500-1600 хүнийг ажлын байраар хангадаг бол улсын төсөвт сүүлийн жилүүдэд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн татвар төлсөөр иржээ. Ерөөсөө барилгын салбар ч бус манай аль ч салбарт хууль тогтоомж нь алдаа мадагтай, хариуцлагын тогтолцоо нь ойлгомжгүй байдгаас энэ мэт үйлдэл гарсаар байдаг.

“Зуншин” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Оюунбилэгтэй уулзлаа. Тэрээр мөн л хариуцлагын тогтолцоонд эзэн холбогдогчийг нь тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнээс зарим зүйлийг тодруулав.

Танай салбарын сайд осол гарсан гэх компаниудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Та тэр уулзалтад оролцов уу. Уг уулзалтад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөллийг уриагүй. Уулзалтаар чухам юу ярив?

-Тухайн салбартаа биечлэн ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүмүүсээс нь санал авъя гэж уг уулзалтыг зохион байгуулсан юм билээ. Үүсч буй бэрхшээл, хууль эрхзүйн талаасаа ямар саад тотгор байна вэ, цаашид яавал осол эндэгдлийг багасгах вэ, энэ бүгдийг хууль эрхзүйн талаас нь өөрчлөлт оруулж зохицуулахад ямар санал байна вэ гэдгийг асуусан.

Уулзалтад оролцсон компаниуд ямар санал гаргаж байв?

-Барилга дээр туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гарч ирээд байгаа шүү дээ. Гэтэл Барилгын тухай хуулинд ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо байдаггүй. Барилгын ажил гүйцэтгэгч гэж л байдаг юм. Барилгын ажил гүйцэтгэгч нь дотроо үндсэн ажил гүйцэтгэгч буюу барилгын хана, тааз, дээвэр, үндсэн карказ, шат зэрэг гол араг бүтээцийн ажлыг гүйцэтгэдэг. Бусад сантехник, цахилгаан, гадна дотор заслын ажлууд нь үндсэн ажилд орохгүй нь байна шүү дээ. Тэгэхээр үүнийг туслан гүйцэтгэгчийн л хийдэг ажил юм байна гэж ойлгоод, туслан гүйцэтгэгч гэдэг нэр гаргаад ирсэн. Үндсэндээ бол үндсэн ажил гүйцэтгэхээс гадна тэр барилга дээр ажиллаж байгаа бусад компаниуд ч тэр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөхийн төлөө оролцдог. Барилгын тухай хуулинд “Барилгын ажил гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаа бүрэн хариуцаж ажиллана” гэсэн заалт байдаг. Энэ нь барилгын үйлдвэрлэлд оролцож байгаа бүх гүйцэтгэгч нарт хамаарах ёстой байтал “ерөнхий гүйцэтгэгч” гэсэн хуулинд байхгүй нэр томъёо зүүн үндсэн ажил гүйцэтгэгч компанидбүх хариуцлагыг үүрүүлж, бүгд л ерөнхий гүйцэтгэгч буруутай мэтээр ярьцгаадаг. Үнэндээ юунаас болж хэрэг гарав гэдэг дээр баттай мэдээлэл, хууль хяналтын байгууллагын буруутай этгээдийг тогтоосон шийдвэр гараагүй байхад ямар ч ул үндэслэлгүй буруутгадаг. Манай дээр яг ийм асуудал гарсан.

Танай дээр хоёр асуудал яригдсан?

-Өнгөрсөн жил “Макс”-ын барилга дээр осол гарсан. Манайх үндсэн ажлаа буюу цутгалт, хана, дээврээ гүйцэтгээд 2013 оны аравдугаар сарын 2-нд барилгын талбайгаа хүлээлгээд өгчихсөн байтал дараа жилийнх нэгдүгээр сард гадна заслынх нь ажлыг хийж байсан компанийн гаргасан ослыг л манай компани дээр ерөнхий гүйцэтгэгч гэдэг нэр зүүгээд тохчихсон. Тэгээд манай компанийг хэвлэл мэдээллээр буруутгаад байсан. Уг хэргийг манайд ямар ч хамааралгүй гэдгийг хуулийн байгууллага нь тогтоочихсон.Хамааралгүй гэдэг нь тогтоогдоод хэрэг нь аль хэдийнэ шийдэгдээд өнгөрчихсөн асуудал. Дараагийн осол нь гадна заслын ажил гүйцэтгэж байсан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас болж гарсан. Тэр компанийн гаргасан ослыг мөн л манай компанид хамаатуулаад буруутгасан. Ингэж яригдсаар байгаад эцэст нь юу болов гэхээр манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлчихсэн, бүтэн гурван сараар. Манай компани асар их хохирол амсч байгаа юм. Хуулиараа бол манайх тийм үүрэг хариуцлагыг хүлээх ёсгүй. Манайх үндсэн ажлаа хийсэн. Бусад ажлыг хийж байгаа тэр компаниуд ч хуулийн этгээд. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Ажил олгогч эзэд нь ажилчдынхаа болон тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж заасан байдаг. Ийм заалт байсаар байтал яагаад үүргээ биелүүлээгүй юм бэ. Тэр үүрэг, хариуцлагыг нь тус тусад нь тогтоох байтал яагаад манай компанийг ерөнхий гүйцэтгэгч гээд үүрүүлээд байгаа юм. Энэ тал дээр ерөнхийдөө санал гарсан л даа. Тус бүртээ, компани бүр хариуцлага үүрэх ёстой гэдэг хариуцлагын тогтолцооны талаар оруулж өгөх нь зөв юм. Үүнийг тодорхой болгож өгөх ёстой юм байна гэдэг дээр олон санал гарсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд гэж хүмүүс байна. Барилга дээр осол гарахаар л энэ хүмүүс дуудагдаж, хэрэгт татагдаж, хэрэг үүрдэг. Тэгсэн мөртлөө энэ хүмүүст тухайн талбай дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад хариуцлага тооцох эрх байдаггүй. Хатуухан хэлэхэд торгуулийн арга хэмжээ авч, ажлаас хөөх эрх байхгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд барилга дээр ажиллаж байгаа ажилчдад шаардлага тавихаар шаардлагыг нь хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэх нийтлэг дутагдал байсан гэв үү?

-Шаардлагыг биелүүлдэггүй. Шаардлагаа биелүүлэхийн тулд бид ажилчдад тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлэх ёстой болно доо, тэгтэл тийм хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байдаггүй. Хуулинд ёсыг нь бодоод “Онц ноцтой нөхцөлд ажлыг зогсооно” гэсэн мөр оруулаад өгсөн боловч тэр эрх нь бидэнд байдаггүй. Онц ноцтой нөхцөлд гэж байгаа боловч энгийн үед гардаг жижиг алдаа дутагдал болгонд, ажилчин бүр дээр очиж шаардлага тавьж “Та барилгын талбайгаас гар, яв” гээд хөөчих эрх нь бидэнд байдаггүй юм. Хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байхгүй байтал бидэнд баахан үүрэг хариуцлага тогтоогоод ажилчин бүрийг сахиж зогсч байх ёстой мэтээр ойлгодог.

Орон сууцны бүхэл бүтэн цогцолбор барилаа гэхэд тэнд 1500 гаруй хүн ажиллана. Сүүлд осол гарсан орон сууцны барилга дээр 370 хүн нэг удаагийн ээлжинд ажиллаж байсан байдаг юм. Тэр олон зуун хүнийг ганцхан ХАБЭА-н ажилтан нэг бүрчлэн дагаад явна гэж байхгүй. Тэгэхийнхээ оронд тэр бүхэнд хяналт тавиад хэн зөрчил гаргаж байгаад нь хариуцлага тооцоод явах юм бол хувь хүн “Би өнөөдөр ийм хариуцлагатай юм байна шүү. Би энэ хариуцлагаа биелүүлж чадаагүй болохоор ажлаасаа халагдлаа, торгууль хүлээлээ” гэж ухамсарлах болно. Ийм хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсноос энэ ажил хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Энэ талаар уулзалтад ирсэн мэргэжилтнүүд асуудал дэвшүүлж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгохыг хүссэн. Мөн хөдөлмөр хамгааллын зардлын асуудлыг хөндсөн. Захиалагч тал нь барилга бариулах гээд мөнгөө өгсөн л бол боллоо гээд хаячихдаг. Гэтэл хуулинд “Захиалагч тал нь хөдөлмөр хамгааллын зардлыг нэгээс доошгүй хувиар гаргаж өгнө” гээд заачихсан байдаг. Гаргаж өгсөн хөрөнгийг нь гүйцэтгэж байгаа байгууллага нь хөдөлмөр хамгаалалдаа зөв зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тэгтэл уулзалтын үеэр нэгэн захиалагч компани “Бид мөнгөө л өгсөн бол болоо биш үү. Хариуцлага үүрэх ямар үүрэгтэй юм” гэж ярьж байна лээ. Үгүй юм аа, шат шатандаа хариуцлага үүрэх ёстой. Гүйцэтгэж байгаа компани, ажилчдаа ахалж байгаа бригад, хэсгийн дарга, хувь хүн өөрөө ч хариуцлага үүрэх ёстой. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байж чадах юм бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой л байхгүй юу.

Барилга, хот байгуулалтын яамнаас цаашид энэ талаар хэрхэн анхаарч яаж ажиллана гэж байна вэ?

-Хуулинд өөрчлөлт оруулахад бидэнд асар их бэрхшээл тохиолдоно. Яагаад гэвэл аливаа хуулиуд хоорондоо зөрчилдөх асуудал гардаг. Гэхдээ бид хариуцлагын тогтолцоог нь тодорхойг болгож өгье, хөдөлмөр хамгаалалд байх ёстой зардлыг нь заавал гаргаж өгдөг, хэрэгжүүлдэг тогтолцоог нь бий болгож өгье, журмандаа тусгаж өгье гэдгээ сайд маань хэлсэн. Уулзалтын үеэр гарсан хамгийн гол санал бол ерөнхий болон туслан гүйцэтгэгч буюу тухайн барилгад оролцож байгаа бүх хүмүүсийн хариуцлагыг шат шатанд нь тодорхой болгож өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг заавал хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох. Ийм хоёр саналыг манай компани ч тэр, бусад компаниуд ч тэр тавьсан. Манай “Зуншин” компани “Бид барилгын салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байна” гэсэн уриатай. Бид энэхүү уриагаа биелүүлж, хэрэгжүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаандаа анхаарч ажилладаг гэдгээ энэ дашрамд уламжилъя гэлээ.

Ямартай ч шил шилээ даран гардаг барилгын ослыг бууруулах, багасгах тал дээр яам, хувийн компаниуд ийн хамтарч ажиллахаар болж байгаа нь зүйтэй. Хэрэв салбарт нь ажиллаж зовлон жаргал бүхнийг нь амсч яваа компаниудынхаа гаргаж буй саналыг төр засаг нь анхааралдаа авч, хууль эрхзүйн орчныг нь сайжруулаад өгчихвөл барилгын осол мэдэгдэхүйц буурах нь лавтай. Энэ бүхэн эцсийн эцэст хүний алтан амьтай холбоотой асуудал шүү дээ. Хувь ажилтан хүний өөрөөс нь гол нь шалтгаална гэдгийг дор бүрнээ өдөр болгон санаж ажиллах ёстой.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *