Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэдээлэл хийв

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн автобензин, дизелийн түлшийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын мэдээллийг сонсчээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тендерийн тухай хуулийг эргүүлэн татахаар болсноо мэдээлсэн байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ерөнхий сайд хэдэн зүйл дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-д өргөн бариад байгаа “Урт нэртэй” хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хуулиудын тухай хууль зэргийг чуулганаар яаралтай хэлэлцэх саналыг тавилаа. Мөн намын дотоод асуудал болон боловсон хүчний асуудлыг хэлэлцжээ. Улс төрийн шахаагаар боловсон хүчнүүдийг ажилгүй болгохгүй байхад анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Харин Тавантолгойн асуудлаар Монгол улсын сайд М.Энхсайхан ирэх даваа гаригт мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл хийх үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.

-Энэ долоо хоногт Өрийн удирдлагын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнд АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд Өрийн удирдлагын менежментийн асуудал ороогүй байгаа. МАН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцэж дуусаагүй байгаа гэсэн хариу өгсөн.

-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр цаашид дотооддоо бензин шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Бензин, шатахууны онцгой албан татварыг тогтоож байгаатай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нефть импортлогчидтой үнийн тогтвортой байдлын хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж буй учраас боломжууд бий болж байгаа гэж харж Засгийн газартай тохиролцсон. Иймээс энэ асуудлыг хөндөж тавьсан гэдгээ Засгийн газар тайлбарласан.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын баталгаа гаргах гээд байна. Засгийн газраар баталгаа гаргуулах компаниудын нэрсийг олон нийтэд ил болгох уу. Засгийн газраар баталгаа гаргуулсан компаниуд ямар нэг байдлаар дампуурах тохиолдолд төсвөөс шууд өрийг нь төлөх үү?

-Өрийн удирлагын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Харамсалтай нь МАН-ын бүлэг Өрийн удирдлагын хуулиар нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэсэн учраас тодорхой хэмжээгээр хойшлогдоод байна. Намуудын зөвшилцлийн хүрээнд яригдаагүй байна. Засгийн газрын баталгааны асуудал дээр нөлөөлж байгаа асуудал бий. Өндөр хүүтэй богино хугацааны зээл авахгүй гэсэн асуудлаас гадна өнөөдөр Монгол Улсын өрөнд багтаж байгаа, баталгаа гаргасан тэр хэсгийг л энэ хууль гарснаараа чөлөөлж, хувийн хэвшлийнхэн гаднаас хөрөнгө оруулалтыг авах боломжийг нээх юм. Энэ хуулийг АН-ын бүлэг батлуулахын төлөө ажиллаж байгаа. Бусад намуудын хувьд энэ хууль дээр ярих, ойлголтонд хүрэх шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *