Батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээрхамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд талууд бүх талаар хамтран ажиллах, худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангахад хамтран ажиллах юм байна.
Мөн батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудын техник, технологийн шинэчлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтарч гүйцэтгэхээр тохиролцлоо.
Энэ үеэр салбарын сайдууд болон дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөл үг хэлж, санал бодлоо хуваалцжээ.