Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ

М.Зоригт гишүүний өөрийнх нь нэрлэснээр”Коммандлагч” гэдэг зураг

М.Зоригт гишүүн УИХ-аар ямар ч чухал ажил хэлэлцэж байсан хайхрахгүй өөрийг нь сонгосон тойрог болох Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Сүүлийн үед шинэ замтай болсон гээд бүр их явж байгаа бололтой. Тэрбээр энэ өдрүүдэд ч гэсэн Сүхбаатар аймагтаа ажиллаж байгаа гэдгийг нь түүний твиттер, фэйсбүүк хуудаснаас мэдлээ. Харин ч тааваараа нутгийн телевизэд ярилцлага өгч, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан шиг нийслэлийн утаанаас холдон явааг нь харлаа. Одоо ч хөдөө очсон түүнийг “Дарга дээшээ, бид яахав” хэмээн өнгөтэй өөдтэйгээ өмнө нь барьж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь М.Зоригт гишүүн бол УИХ-ыг төлөөлж яваа төрийн түшээ тул тэгж хүндэтгэхээс ч яахав.

Гэхдээ мань хүнийг хараад байхад зөвхөн жиргэдэг, зураг авдаг л хүн шиг харагдах болсоор удлаа. Хүний хобби байж болох ч УИХ ямар ч асуудал хэлэлцсэн зургаа авсаар, гар утсаараа жиргэсээр байдаг юм. Нэг талаасаа талбайн зурагчид болон хэвлэл мэдээллийн бусад зурагчдыг үнэндээ ажилгүй болгосон гэхэд болно. М.Зоригт гишүүн ямар ч хаалттай хуралдааныг нээлттэй болгож чаддаг хүн. Түүнийгээ зүгээр л гэрэл зургаар өгүүлчихдэг.

Түүний жиргэсэн болон авсан зурагнуудыг нь харахаар бас л маапаантэй хөөний эр гэдэг нь харагдаад байдаг юм. Жишээ нь олны анхаарлыг татаад авсан уулан дээр үүлэн борооны ажил хийж байгаа хоёр хүний зураг юм. Эл зургаа “Ретвийт хийхгүй байж чадсангүй. Гоё зураг” хэмээн тайлбарласан бол “Mongolian Kama Sutra” хэмээн өөр нэг зургийг жиргэж байх жишээтэй. Өөрийг нь тасарчихсан хэвтэж байхад нь наад талд нь хоёр бүсгүй селфи хийж байгаа гэх мэтээр түүний элдэв зураг үргэлжилнэ. Хүмүүс түүнийг нээлттэй гишүүн гэдэг ч үнэндээ чухам юу хийж явдаг, ямар анзааны гишүүн бэ гэдгээ өөрөө л цахим хуудсаараа илэрхийлчихдэг гэхэд хилсдэхгүй. Ер нь энэ хүн гишүүнийхээ хувьд юу хийж явдаг нь бүү мэд. Төрийн ордноор чемодан чирэх моод дэлгэрүүлсэн гэж байгаа.

Нэг зүйл сонирхуулахад М.Зоригт гишүүний талаар нэг онигоо гарсан байна лээ. Тэр нь “Талбайн зурагчдыг хоёр ангилдаг. Тэгэхдээ ордонд байдаг, ордны гадаа байдаг” гэсэн онигоо гарчээ. Тэгэхээр манай хүн ордны зурагчин болж таарч байгаа юм.

Нөгөө хэдэн гишүүд нь эдийн засаг хүнд байгаа үед төсвийн тодотголоо хийх гэж шөнийн нэг хоёр цаг хүртэл ордонд сууж байгаа тухайгаа байнгын хороон дээр гомдоллон ярьж байхад тодотголоос холуур яваа гишүүн Сүхбаатар аймагт хутга тавилгүй мах идэж, хааяадаа ядам хуруугаараа сэржим өргөсөн шигээ явна. Ер нь бол энэ хүн үүнээс өөрийг хийдэггүй хүн л дээ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *