Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй ХХААЯ-ны төлөөлөгчид энэ өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдож буй хөдөө аж ахуйн Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 7-р чуулга уулзалт”-д оролцож байна. Хөдөө аж ахуйн сайд хөтөлбөрийн дагуу албан ёсны уулзалтууд хийлээ. Энэ сарын 16-нд Беларусь улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Леонид Мариничтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд анхдугаар хурлыг зохион байгуулан хамтын ажиллагааны байнгын механизм бий болгох хүсэлтээ илэрхийлсэн. Дэд сайд ноён Леонид Маринич эл саналыг нааштай хүлээн авч цаашид хоёр орны хооронд хөдөө ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэх нөөц бололцоо бийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Беларусь улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлдээ Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдан авах хүсэлтэйг дурдаад Монгол улсаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэйгээ хэллээ. Мөн тэрээр Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр Беларусь улсад оюутан сургах саналыг тавьсан юм.
Харин Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Омаров Салахантай уулзсан уулзалтын үеэр яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулах, МУ-ын ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Казахстан улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулан Монголын Улсын цаг уурт дасан зохицсон тарианы үр сортыг нэвтрүүлэх чиглэлээр тохиролцлоо. Дэд сайд Омарав Салахан Монгол Улсаас мах импортлох асуудлыг дэмжээд Гаалийн холбооны гишүүн орны хувьд тус холбооноос Монголын 8 компанид тавьсан хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа амлажээ.
Мөн ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.В Федоровтой уулзсан нь сүүлийн гурван сард хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын түвшинд хийж буй 2 дахь уулзалт аж. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын коммисын Хөдөө аж ахуйн Ажлын хэсгийн анхдугаар хурлаас батлагдсан хамтын ажиллагааны механизмийг хэвээр хадгалах үүднээс уг Ажлын хэсгийн 2 дугаар хуралдааныг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан ОХУ-д зохион байгуулах манай хүсэлтийг Оросын тал нааштай хүлээн авч, Улаан-Үд, Иркутск аль нэгэнд нь зохион байгуулахаар боллоо. Мөн сайд Н.В.Федоров Монгол Улсад дахин үүдээ нээж буй Оросын худалдааны төлөөлөгчийн газрын Хорио цээрийн байнгын төлөөлөгчийг ОХУ-ын Засгийн газраас томилон ажиллуулах болсныг дуулгаад ингэснээр Монголоос тус улсад мах экспортлоход тулгарч байсан тодорхой хэмжээний хүнд суртал багасана хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Нааштай шийдвэр гаргаж буйд талархлаа илэрхийлээд 2 яамны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шат, “Таримлын үр сорт үржүүлэх хөтөлбөр”-ийн баримт бичгийн төслийг сайд Н.В. Федоровд гардууллаа. Мөн мэргэжилтнүүдийг ОХУ-д давтан сургах, Монголоос ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Айлчлалынхаа төгсгөлд ХХАА-н сайд Р.Бурмаа НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Грациано Да Силватай хоёр талын уулзалт хийв. Ноён Хосе Грациано Да Силва Монгол Улсын дэлхийн ядуурал тэр дундаа өлсгөлөнгийн эсрэг бүс нутагтаа явуулж буй бодлогыг үнэлж буйгаа илэрхийлжээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг 2016 он хүртэл ахлаж байгаа орных нь хувьд сайд Р.Бурмааг ирэх зургадугаар сард Италийн Ром хотноо болох тус байгуулагын Ерөнхий чуулганд оролцохыг урьсан байна.