Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрбээр өчигдөр орой Чехийн нийслэл Прага хотноо гал тэргээр хүрэлцэн очсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Төрийн тэргүүн галт тэргээр Чехэд айлчилж байсан явдал 30 жилийн өмнө гарч байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос “Euro City” галт тэргээр ийнхүү зорчин Прагад хөл тавихад Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил болж буйгаараа онцлогтой ажээ. Харин маргааш Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах ажээ.
Улмаар Швейцарийн Давос хотноо энэ сарын 21-24-нд болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна. Харин дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтын үеэр Уул уурхай металлургийн бодлогын удирдагчдын хуралдаан, Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын арга хэмжээ болон дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр, эдийн засгийн удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнд оролцох юм байна. Чуулга уулзалтын үеэр зарим улсын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцно.