Categories
мэдээ туслах-ангилал цаг-үе

Зөв зүйн хүн

-МЭДЛЭГИЙН АРАЛ, ХҮНИЙ ТУЛХ-

Ажил үйл, зарчим нь анхнаасаа зөв, чин сэтгэлээсээ явсан хүн амьдралын сайхныг алгуураар боловч, төгс төгөлдөр бүтээдэг. Тун саяхан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртэж, төрдөө үнсүүлсэн Алмаликын Тлейхан гуайн амьдрал, замналын түүхийг харахад эрхгүй ингэж бодогдож байна. Түүний явсан зам, өрнүүлсэн үйлс бадрангуй, басхүү бахархмаар.

Тэрбээр эх орны баруун хязгаар Баян-Өлгийн Цэнгэл суманд аавын гэрт, хөх бууцын элгэнд төрсөн хүмүүн юм. Буянт малын өтөг бууц дулаан, халуун илчтэй. Тэрхүү дулаан илчит хөр нуугисан халуун ахуйд төрөхөд Алтайн сүндэрлэн зэвлэгч ноёлог уулс тунгалаг болоод зэрлэг салхиар наадан байсанд юун эргэлзэх. Энэ л утга үүтгэл нь түүнийг эрчим хүчний шинжлэх ухаан, үр өгөөж, бүтээмж, түүний аргачлал үйлдлийг залуурдахуйн үрийг өгсөн мэт санагдана аа.

А.Тлейхан гуай МУИС-ийг Үйлдвэрлэлийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр улирагч 1976 онд төгсөөд, улмаар 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг мөн Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр амжилттай дүүргэсэн юм. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэл хэмээх бүхнийг тэтгэгч баялгийг бүтээхүйг нэг мөр оюун тархиндаа дүүргэсэн, өвч эзэмшсэн билээ. Дулаан хангамж, эрчим хүч, эдийн засаг, энэ бүхэн чухамдаа алив улс орон, үндэстний оршихуйн амин тулгуур.

Залуу А.Тлейхан ажлын гараагаа IIIцахилгаан станцын зуухын цехэд ээлжийн мастераар эхлэв. Алив ажлын туршлагыг ширхэглэн мэдэх нь эхний шатаас эхлэх дамжиггүй. Сурах, бүтээлцэх, бүтээлчээр дадах он жилүүд нь ингэж эхэлсэн. Гал асах, дулаан ялгаруулах энэ анхны дамжлага ажилд нэг жил ажиллаад, улмаар мэргэжлээрээ ахин цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженерийг дөрвөн жил эрхлэн гүйцэтгэв. Цагийн, ур чадварын шалгуур хатуу тэр он цагт ийнхүү дэвшин ажиллах нь түүний уйгагүй эрэл, мэргэшин гүйцэтгэх төгөлдөршил, авьяаслаг ажилчин байсны тухайд л зүй ёсоор хамаарна. Үүнээс цааш тэрбээр өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж, зуухны хоёрдугаар цехийн дарга, станцынхаа үйлдвэр техникийн дарга, ерөнхий инженерийн ажлуудыг шат дараатай тогтвортой эрхэлсээр, дэвшлийг олсоор 1990 оноос таван жил станцынхаа даргын ажлыг хийлээ. Зуухан цехээс эхлээд дарга болтлоо дэвшихдээ бүхий өсөлтийн шат дамжлагыг дамжиж дулааны станцын залуурыг амьдрал практикт бүрнээ эзэмшив. Түүнчлэн станцын ХОТШ төвийн захирлаар ажиллав. Энэ амжилтыг эрдэм мэдлэг, бусдыг үлгэрлэн сайнд манлайлснаараа бий болгосоон. Энэ л сайхан.

1996 оноос А.Тлейханы авьяас чадварыг түлш эрчим хүчний салбарынхан бодлогын түвшинд ашиглахаар шийджээ. Энэ ч зүй юм. Тэр бол бүрэн итгэл даах шалгуурыг хөдөлмөрөөрөө харуулсан. Станцдаа Эдийн засгийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр ажилласан түүнийг мөн дараа оноос нь Эрчим хүчний удирдах газарт хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга болгов. Хоёр жил ажиллаад байтал Эрчим хүчний удирдах газрын Захиргаа удирдлагын албаны даргад итгэл хүлээлгэв. Мөн гурван жил ажиллатал Түлш эрчим хүчний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, улмаар Түлш эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч даргын албыг хашив, 2008 оныг хүртэл. Юутай бахархалтай он жилүүд, хөдөлмөрийн хүний яруу зам бэ гэж эрхгүй асуумаар. Нэг албанд хоёроос гурав, гурваас дөрвөн жил тогтвор суурьшилтай үргэлж өсөн дэвжсэн энэ хандлага нь үнэндээ өө, эвийг тэгш даран ээрүүлдэж, өвч төгс эмээл хазаар бэлдэхүйд боловсруулалт ханасан сур лугаа адил юм. Тэр салбартаа өөрийгөө тунхагласан, хүлээн зөвшөөрөгдөх бүх түвшинд зөвшөөрөгдсөний улмаас Монгол төр түүнийг эрх барих сэнтийд урьсан юм. Унаган намаасаа итгэл авч, 2008 оны сонгуульд нэр дэвшээд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон төрийн түшээ болов.

2008 оноос хойших А.Тлейханы үйлдэл хөдөлгөөн, үг яриа, итгэл үнэмшил бүх ард түмний өмнө ив ил боллоо. Тэр төрийн даацтай, туйлбартай, итгэл үнэмшил төгс, нэр цэвэр, ухаан төгөлдөр түшээгээр ажилласныг төр, түмэн олон дэмжээд эдүгээ хоёр дахь удаагаа парламентад сонгоод ажиллуулж байна. Монгол төрийн хөлгөн түшээ Д.Дэмбэрэл нэгэнтээ “Манай Тлейхан мэдлэгийн арал, хүний тулх том хүн. Энэ түүний ялан дийлэхийн, ихийг бүтээхүйн хөдөлбөргүй зам” гэсэн нь үе үе санаанд ороод байдаг. Энэ үнэн. А.Тлейхан гуай нэг зүтгэсэн итгэл үнэмшилдээ төгс байдаг хүн. Угаас багаас ягштал баримталсан зарчим нь болд мэт ширээгдсэн л дээ. Ямарваа санаачилсан хуулиа батлуулах, түүнийхээ ашиг тус, өгөөжийг байнгын хороод, Их хурал дээр авч гарахын төлөөх мэтгэлцээн, ойлгуулах чадвар тун сийрэг агаад ялалтаар төгсч харагддаг.

Монгол Улсын эрчим хүчний салбар, түүний лугшаа, судасны тэлэлт, чадамж бол төрийн түшээ А.Тлейханы сэтгэлийн, итгэл үнэмжшлийн бай юм. Энэ талаар төрийн бодлого аль болох зөв, менежмент төгөлдөр байхад хууль эрх зүйн орчны тусгалыг Тлейхан эх барьж буй гэвэл хилс үл болно. Бүгд зөвшөөрнө.

А.Тлейханы ажлын үзүү­лэлт парламентад чимэг л болно. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн ажлаа тоймлоод хэлэхдээ “Нэгдүгээрт, эр­чим хүчний салбараа либеральчлах, зах зээлийн харилцаанд шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг 2010 онд санаачилж, УИХ-ын 72-р тогтоол батлагдсан. Энэ нь салбарыг асар оновчтой харилцаанд шилжүүлэх, өнөөдрийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, улс орны хөгжил тулгуур болсон энэ салбарыг түлхүү хөгүүжлэх чиглэлээр бодлогын томоохон бичиг баримт болсон нь хэрэгжээд явж байна” өгүүлсэн байна лээ. Мөн тэрбээр эрчим хүчний хэмнэлтийн хуулийг санаачлахаар ажиллаж, эрчим хүчний нэгдсэн системийн 2040 он хүртэлх хөтөлбөр дээр бие оюун чилээж, үнэ тарифыг зохисжуулах гээд эх орны язгуур эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр, чөмгөө дундлан зүтгэж байна.

Тэрбээр чөлөөт эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөв зүйг эрхэмлэн, үндэст­ний үнэнхүү баялаг авч үнэгүйдүүлсээр буй арьс шир, ноос ноолуур, махыг боловсруулж, экспортод гар­гах чиглэлээр төрийн бодлоготны хувиар онцгой чармайн ажиллаж байгаа нь нэн тустай. Түүнийг гадаадад энэ чиглэлийн ажлаар, тэр дундаа аж үйлдвэрийн парк байгуулах ажлын гэрээ батлуулалцаж явах үед төр түүнийг аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар шагнасан нь чухам цагаа олсон хэрэг болжээ. Энэ тухайд тэрээр бэлгэшээн “Аж үйлдвэрийн парк байгуулах асуудал шийдэгдэж байх цагт төр аж үйлдвэрийн гавьяат болгосныг мэдсэн. Энэ их сонин тохиолдол боллоо” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Сонин тохиолдол” гэсэн түүний үгийн цаана, төр зүтгэж буй ажлын минь зөвийг харж, зөвийг хийж явах үед, зөв л үнсэв ээ дээ гэсэн агуулга харагдахаар. Даруу төлөвийн сайхан чанар түүнийх ээ.

А.Тлейхан гуайн бүхий л чанарыг нэгтгээд хэлэхэд аргагүй л мэдлэгийн арал, хүний тулх юм. Ухаантай хүн ухаантнаа танина гэж үг бий. А.Тлейхан түшээдээ илүү төгөлдөр, илүү саруулаар замнаж, эх орны илч гэгээ, өөдрөг дэвшлийг үргэлж залан чиглүүрдэж явахыг захих нь илүүц буй за. Ийм түшээг бэлтгэхэд, үр тосыг нь бүрнээ хүртэхэд үндэстэн лавтайяа хагас зуун жил зарцуулдаг байна. Саруул ухаан, сайхан үйлс тань илч гэрэл мэт бадарсаар байг.

З.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *