Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганаа хэлэхдээ “Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй, зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна” гэж тодорхой үнэнийг хэллээ. Тэргүүлэх эдийн засагчид Монголын банкуудаас барьцаалан зээлдүүлэхээс авсан шиг өндөр хүүтэй зээл авчихаад ямар компани нь дэвжиж, ямар үйлдвэрлэл хөгжих вэ дээ гэж гасалдаг. Хоногтоо цөөхөн цаг амарч, бусдад нь чөлөөгүй ажилладаг бизнесийнхэн ийм өндөр хүүтэй банкаас зээл аваад үйлдвэр байгуулж баялаг бүтээх байтугай байгаагаа ч нөхөж чадахгүй болсон тул гаднаас зээл хайх, эсвэл гадагшаа гарч бизнес эрхлэхийг судлах болжээ. Үнэндээ жилийн 24 хувийн хүүнд дарлагдсан тэд хэдийг нь өр зээлэндээ өгч, хэдээр нь олон зуун ажилтнуудаа тэжээж, бас хэр зэргийн ашиг олох болж байна аа. Байдал ийм байхад Монголд үйлдвэрлэл өргөжиж, хөгжих тухай санаад ч хэрэггүй. Ерээд оны үед ганзагын наймаа ид газар авч, мөнгөний эрэлт хэрэгтэй байх үед хүү нэлээд өндөр байсан байх. Урдаас авсан бараагаа хойшоо гаргаж нуга, хуга, суга ашиг хийдэг байсан үед болоод байсныг үгүйсгэхгүй. Харин одоо банкнаас авсан зээл нь ханшийн зөрүүгээс даруй 30 хувь уначихаад байхад ломбардны хүүтэй зээл аваад бизнесээ өргөжүүлж чадах шидтэн ч байхгүй. Монголд ломбард шиг хүүтэй, бас ломбардны эзэн шиг сэтгэхүйтэй банкууд олширчээ. Бас орц болгонд шахуу байрлаад элбэг гэж. Улстөрч-бизнесмэн болгон бараг хувьдаа нэг банктай болсон гэхэд хилсдэхгүй. Үүний учир нь эрүүл бус банкны тогтолцоотой холбоотой. Зээл хөөцөлдөөд банкаар явахаар хүч хөлсөө шингээж хийсэн төслийг нь зээл өгөх эсэхээ шийдэхийн тулд танилцаж байна гэсэн нэрийн дор боловсон гэгч нь дээрэмдээд авчихдаг. Хамаг санаа сэдэц, хөрөнгө оруулагчдаа булаалгасан хүмүүс дараагийн нэг алхамд өөрсдөө банк байгуулж аваад бусдыг харгислан шулах их ажилдаа орно доо. Монголын банкуудад олон улсын стандартад хүрсэн харилцагчийн нууцлалыг хамгаалах, итгэл үнэмшлийг хадгалах, бизнесийг дэмжих ёс зүйн хэм хэмжээ гэж хэдийнэ алга болсон. Алгаболсон ч гэж, ер байсан ч юм уу даа. Банк бол харилцагчийнхаа итгэлийг дааж, нууцлалыг хадгалах бат бөх хэрэм нь байх ёстой. Энгийнжишээ хэлэхэд манай сонин руу нэг банкнаас “Тэр банкны тийм тоот дансанд танай тийм хэмжээний мөнгө байгаа юм байна. Түүнийгээ манайд хадгалуулаач” гээд утасдаж байх жишээтэй. Тэгэхээр харилцагчийн мэдээлэлд яаж ханддаг нь дэндүү ойлгомжтой байгаа биз дээ.

Монголд банкны үйлчилгээ, банкны хүү ийм байхад бид том сайхан үйлдвэрүүдтэй болох тухай мөрөөдөх ч хэрэггүй. Үйлдвэрүүд байхгүй цагт бид хөгжинө гэж худлаа. Тэгэхээр ломбард шиг хүүтэй банкууд Монголын нийгмийн хөгжлийн хүлээс, чөдөр болж байна. Монголбанкнаас бодлогын хүүгээ 14 хувь болгоод нэмчихлээ. Тэгэхээр банкуудаас гарах зээл ч хумигдана. Зээл ч хомс байгаа нь өндөр хүүтэй болохоор бизнесийнхэн гаднаас мөнгө олж ирэх талаар толгой гашилгаж таарна. Гэтэл зээлжих эрх, рейтинг нь ингэж унасан монголчуудад гадаадаас зээл олдох болов уу. Урьд Засгийн газар нь баталгаа гаргаж өгдөг байлаа. Харин өнөөдөр Монголын Засгийн газрын баталгаа хөгшин ямааны ч үнэгүй болсон цаг. Тиймээс л өрийн таазыг өндөрсгөх талаар яриад байгаа хэрэг л дээ. Амьхандаа гаднаас мөнгө оруулж ирэхийн тулд аргацааж байгаа арга. Өнөөдөр бодит ийм нөхцөлд хүрсэн хойно бид бүхий л арга чаргыг олох ёстой. Уг нь талаар нэг тарж бутарсан банкууд нийлж үндэсний хэмжээний том банк болж нэгдэх ёстой. Олон улсын стандартад нийцсэн, нууцлал, итгэлцэл өндөр тийм банкийг. Бас хүү нь амжиж харилцагчаа шулж авах гэсэн зорилготой бус. Харин урт удаан хугацааны хамтын ажиллагаан дээр хамтдаа өсдөг хөгждөг зарчимтай баймаар. Гэвч тамын тогооны үлгэрээсээ салж чадахгүй монголчуудын хувьд энэ хувилбар жаахан урагш муутай. Нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч, стандарт дагадаг болтлоо багагүй хугацаа бидэнд хэрэгтэй. Хамтран бизнес хийж байгаа хүмүүс нэгэндээ итгэдэггүй, хөрөнгө оруулагчид гурваас илүүгүй жилийн дараа өмчөө хуваагаад хоёр тийш явчихдаг гэмтэй болохоор бид нэлээд л хичээж байж энэ зуршлаасаа салж таарах байх.

Дараагийн хувилбар бол гадаадын банкуудыг оруулж ирэх явдал. Гадаадын банкууд Монголд орж ирвэл ломбардны хүү газарт унаж, олон улсын зах зээлд бизнесийнхний хэрэглэдэг жишиг тогтоно. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад банкны жилийн хүү 3-4 хувь харин ядуу буурай орнуудад 20 орчим хувь байдаг гэлцдэг. Харин манайд хорь нь ч хол даваад явж байх жишээтэй. Хэрэв гадны банкууд ороод ирвэл бид гадаад зах зээлээс мөнгө татахын тулд рейтингээ өсгөх гэж зовоод байх ч шаардлагагүй болно. Олон улсын жишигт нийцсэн банк Монголд ажиллахаар болсон гэдэг нь өөрөө жишиг хэмжүүр байдаг. Тэгээд дээрээс нь Засгийн газраа барьцаанд тавьж баталгаа гаргаад байх шаардлагагүйгээр мөнгө орж ирнэ. Гадны том банкуудМонгол дахь салбарууддаа мөнгө илгээх хэрэг шүү дээ. Манайд салбараа нээх байр сууриа илэрхийлчихээд хүлээж буй “Bank of China”-гийн салбар нээгдлээ гэхэд 500 сая орчим ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо бий. Ингэснээр томоохон үйлдвэрүүдийг эхлүүлэх, мега төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм. Мэдээж хүү нь ломбардных биш, олон улсын банкны харилцагчдадаа олгодог тэр л боломжоор байж таарна. Харамсалтай нь манайд боломжийн хүүтэй зээл олгож, үйлдвэрлэлийг нэмж, хөгжлийг хурдасгах тухай бодохоосоо илүүтэй цөөхөн хэдэн төгрөгөө өндөр хүүтэй эргэлдүүлж, бусдыг шулах сэтгэлгээ нь дэндсэн учраас гадны банкуудыг оруулах сонирхол зарим хүмүүст алга. Арга ч үгүй биз. Мөнгө хүүлэх том зах зээлд нь шавар болох гээд байгаа юм чинь. Харин үүнийгээ Үндэсний банктай байх нь чухал, гадныхны халаасанд орж болохгүй хэмээн тайлбарладаг.

Ер нь үндэсний сайн банк гэж ямар банкийг хэлэх вэ гэдэг ойлголтоо бид нэг мөр болгох нь зөв биз ээ. Үндэсний сайн банк бол сайн банкны үйлчилгээ санал болгож, иргэд харилцагчдад хүртээмжтэй байх л ёстой. Хүмүүст банкинд бага хүү төлж, дарамтгүй шахалтгүй байх нь чухал болохоос Монголын гэсэн хоосон малгай хэрэггүй билээ. Олон улсад ч ийм ойлголт бий. Шинэ Зеландад бол Зеландын гэх банк байдаггүй. Тэнд Австралийн, Японы, Германы банкууд бий. Гэхдээ иргэд нь банкны сайн үйлчилгээг гадны банкуудаас авч чаддаг учраас сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ олон улсын зах зээлд ажилладаг банкууд ороод ирэхээр дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна хөрөнгийн бирж ч амилж эхлэх учиртай. Гадны хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэсэн банкаараа дамжуулж хувьцаа худалдан авч эхэлдэг гэдэг. Тэгээд ч Засгийн газар гадны банкуудыг үйл ажиллагааны хүрээгээр нь зөвхөн уул уурхай, үйлдвэрлэл гээд хязгаар тогтоож хянах механизм нь бүрэн байгаа үед худал тайлбараар нийгмийн хөгжилдөө чөдөр болох нь буруу юм.

Монголд хөгжил хэрэгтэй байна. Хөгжлийг үйлдвэрлэл авчирна. Үйлдвэрлэл үйлдвэрүүд байж явна. Харин үйлдвэрүүд мөнгө байж босно. Бидэнд мөнгө, тэр дундаа урт удаан хугацаанд бага хүүтэй зээлэх мөнгө хэрэгтэй байна. Тиймийн тул Монголыг хөгжлийн гадна байлгахыг хүсэгч дотоодын шулаач банкуудын эзэд, ашиг сонирхлыг эрүүл болгохын төлөө нийтээр тэмцмээр. Хэрэг дээрээ энэ нь хэд гуравхан хүн л бий шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *