Categories
мэдээ нийгэм

Бодлогын хүү өссөнийг мэдэгдлээ

Монгол банкнаас бодлогын хүүг нэг нэгжээр өсгөн, 13.0 хувь болгох шийдвэр гарсныг сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ. Монгол банкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдан, санал хураалт явуулж, олонхийн саналаар уг шийдвэрийг гаргасан байна. Энэ зөвлөл 14 гишүүнтэй бөгөөд Монгол банкны удирдлагууд ч нэмэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн аж.

Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахь жилдээ дараалан муудсаар байна. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байгааг Монголбанкнаас мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *