Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа юм.
Хөтөлбөр хэрэгжиж гадна хашлага хийцийг дулаалсанаар 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Мөн хуучны барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн оролцоо чухал байгаа юм. Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах шаардлагатай. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэддээ дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа аж.