МАНАЙ ТАМИРЧИД 61, 113 ДУГААРТ УРАЛДАЖ БАЙНА
Эр зоригийн тулаан гэгдэх Дакар раллид Монгол Улсын төлөөлөл анх 2013 оноос оролцож эхэлсэн юм. 2013 оны нэгдүгээр сард Аргентин-Чили-Перу улсыг дамжин найман мянган гаруй км уралдах уралдаанд Монгол Улсын нэрийг гарган уралдсан. Манай улсаас Дакар раллиг зорьсон анхны тамирчид ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар байлаа. Д.Болдбаатарын хувьд эхний жил гараанаас 177-гоор гарч уралдсан. Анх удаа оролцож байгаа, бас бүртгэлийнхээ дарааллаар ийн хойноос гарсан болохоор олон тамирчдын тоосонд уралдсан гэсэн үг. Гэсэн хэдий ч өдөр ирэх бүр амжилтаа ахиулж бариагаа урагшлуулж байлаа. Зургаан өдөр уралдахдаа 100 руу нэлээн дөхөж байсан ч гурван анхааруулгатай жалган дээгүүр харайхдаа мотоциклийнхоо жолоог хугалснаар уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Н.Лхамаагийн хувьд техникийн саатал гараагүй ч найман өдөр уралдаад өөрийн хүсэлтээр тэмцээнийг өндөрлүүлсэн билээ.
Нэгэнт гаргасан жимийн дагуу өнгөрсөн жил манай тамирчид хоёр дахь удаагаа оролцсон. Д.Болдбаатар, Н.Лхамаа нар дээр ОУХМ Х.Батболд нэмэгдээд байв. Х.Батболд, Н.Лхамаа нарын тухайд тав дахь өдрийн гараа хүртэл уралдаж техникийн эвдрэлийн улмаас уралдаанаа өндөрлүүлсэн. Харин Д.Болдбаатар арван дөрвөн өдрийн гарааг амжилттай дуусгаж Дакар раллигийн барианд орж чадсан анхны монгол хүн болов. Түүний амжилт Монголын төдийгүй Ази тивийнх болж таарсан. Учир нь Ази тивийн тамирчид өмнө нь олон удаа Дакарт тоосоо өргөж байсан ч барианд орж, эхний 60 дугаарт бичигдэж байсан удаагүй юм. Харин энэ жил манайхаас Д.Болдбаатар, Ч.Анар нар мотоциклийн төрөлд оролцож байна. Ч.Анарын тухайд анх удаа уралдаж буй. Эхний зургаан гарааны байдлаар тэрээр 113-т бичигдэж байгаа. Харин Д.Болдбаатар гурав дахь жилдээ уралдаж буй туршлагатай тамирчин. Энэ жил тэрээр Аргентин-Болив-Чилийн нутгаар найман мянга гаруй км уралдах ёстой. Уралдаан эхэлснээс хойшхи зургаан өдрийн гарааны нийлбэр дүнгээр 61 дүгээрт явж байгаа. Тэрээр энэ жил механикгүй явсан. Хол газар болж буй уралдаанд оролцоход механиктай явахаар зардал мөнгө их гардаг. Тиймээс өдөр бүр уралдаж ирээд мотоцикльдоо гарсан эвдрэл гэмтлийг өөрөө засаж байгаа. Хэн нэгнээс ямар ч тусламж авалгүйгээр зүтгэж буй.
“Дакар-2015” уралдааны тухайд монголчуудад бас нэгэн онцлогтой жил болж байгаа нь манай улсын тамирчид автомашины төрөлд анх удаа өрсөлдөж байна. ОУХМ Н.Лхамаагаар ахлуулсан монголчууд унгарчуудтай нийлэн хамтарсан баг гаргаж Дакарт оролцож байгаа юм. Унгарын зүгээс “Ланд круйзер-200” маркийн автомашиныг иж бүрэн тоноглож раллид уралдахад бүрэн бэлдсэн. Энэхүү машиныг Н.Лхамаа жолоодож, чиглүүлэгчээр нь ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар уралдаж яваа. Зургаан өдрийн дараах гарааны нийлбэр дүнгээр Монгол-Унгарын хамтарсан багийнхан 92 автомашинаас 72 дугаарт бичигдэж байгаа юм.
Сонирхуулахад, Дакар раллид уралдаж буй мотоциклийн тамирчид тэмцээнд оролцох бүх зардлыг хувиасаа гаргадаг. Д.Болдбаатарын тухайд “Доктор” авто сүлжээ ХХК-ийн тамирчин бөгөөд компанийн зүгээс жил бүр шинэ мотоцикль 26 мянган еврогоор худалдан авч өгдөг. Харин Ч.Анар аль нэгэн компанид харьяалагддаггүй болохоор бүх зардлыг өөрийн халааснаасаа гаргаж байгаа. Тамирчид маань ирж буцах замын зардал, зочид буудал, сэлбэг, мотоцикль худалдан авах зэргээр нийт 127 сая төгрөг гарган Дакар раллид оролцож байна.
АДАЛ ЯВДАЛ ЭХЭЛСЭН ТҮҮХ
1977 онд Тиерри Сабине гэдэг мотоциклийн тамирчин Ливи улсад зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Мань эр азаар амь аврагдсан бөгөөд тухайн үедээ “Дакар” ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон гэдэг. Эсэн мэнд ирснийхээ дараа Францад буцаж очоод авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар “Дакар” ралли уралдааныг зохиох болжээ. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирчдын амь насаа дүйн өрсөлдөх тулааны талбар. Санаанд оромгүй бартаат замыг тамирчин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаанд үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил байж иржээ.
Хамгийн анхны уралдаан 1978 оны арванхоёрдугаар сарын 26-нд Францын Парис хотоос Сенегалын Дакар хүртэл 10 мянган км зайд болж байв. Дуулиан шуугиан дунд зохиогдож ирсэн уралдааны эхний жил 182 тамирчин гараанаас гарч байсан түүхтэй. Тэдний талд нь хүрэхгүй буюу 74 тамирчин барианд орж чадсанаар Дакар хатуу ширүүн гэдгээ харуулж эхэлсэн юм. Тухайн жилийн мотоциклийн ангилалд “Ямаха” брэндийн мотоциклиор уралдсан Сирил Невью, автомашины ангилалд Францын тамирчин Ален Женестие, Жозеф Тербио нар “Рэнж ровер”-оор тэргүүн байр эзэлжээ. Анхны тэмцээний дараагаас л автомшин, мотоциклийн томоохон брэндийн үйлдвэрлэгч нар өөрсдийн багтай болсон юм. Одоо харин үйлдвэрлэгч нарын өөрсдийн бүтээгдэхүүнийхээ чанар, бат бөхийг шалгах гол сорил нь “Дакар” ралли болжээ. Зохиогдсон цагаасаа хойш Францад болж байсан тэмцээн түүхэндээ ганцхан удаа буюу 2008 онд тасарсан. Тэр жил Францын дөрвөн иргэн гадны цэргүүдийн гарт амиа алдсаны улмаас тэндхийн гадаад хэргийн сайд Дакарыг Африк тивд зохион байгуулахыг хориглосон шийд гаргажээ. Улмаар террористууд Францын Засгийн газрыг сүрдүүлж байсан болохоор тамирчдын амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааны нээлт болохын өмнөх өдөр тэмцээн цуцлагдаж байв. Уг нь ралли уралдааны хамгийн тохиромжтой маршрут Мавританиагийн цөл байсан хэдий ч зохион байгуулагчид замаа өөрчлөхөөс аргагүй болсон байна. Яг энэ үед Өмнөд Америкийн Аргентин, Чили, Боливи болон Чех, Унгар зэрэг улс өөрсдийн газар нутгаар дамжин уралдах саналыг зохион байгуулагчдад тавьснаар өнөөдрийг хүртэл Өмнөд Америкийн элсэн цөлд уралдаан зохиогдож байгаа бөгөөд түүхэндээ дэлхийн 28 улс дамжин уралдсан байдаг ажээ. Уралдааныг “Amaury sport organization” гэж газраас зохион байгуулж байгаа.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Дакар ралли хамгийн хүнд ширүүн уралдаан. Энэхүү уралдаанд оролцох гэж яваад гэртээ буцаж ирээгүй олон тамирчин байдаг. Магадгүй спортын төрлүүдээс хамгийн эрсдэлтэйд ч тооцож болох юм. Учир нь уралдааны явцад осолдож гэмтээд амь насаа алдсан тамирчдын тоо бусад спорттой харьцуулахад хол давна. Бэртэл, гэмтэл авсныг бол бүр яриад ч хэрэггүй. Тиймээс уралдаанд оролцож буй тамирчид өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хариуцна гэсэн хуудсан дээр гарын үсэг зурж байж уралдах эрхээ авдаг. Гэсэн хэдий ч жилээс жилд зохион байгуулагчдын зүгээс тамирчдын аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хамгийн багадаа хоёр мянган хүн уралдааны аюулгүй байдлыг ханган ажиллаж буй. Тусламжийн багийнхан нисдэг тэргээр хяналт тавихын зэрэгцээ иж бүрэн үйлчилгээ бүхий машинтай дагаж явдаг байна. Тусламжийн машинд эмч нараас гадна тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л төрлийн техник, багаж хэрэгсэл, сэлбэгүүд байдаг ажээ.
ДЭЛХИЙ НИЙТ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ
Дакар уралдаан жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаа. Зөвхөн өнгөрсөн жилийн уралдааныг тоймлон хүргэвэл, “Дакар-2014” уралдаан 8734 км буюу сарыг бүтэн тойрох зайд болсон. Нийт 431 тээврийн хэрэгсэл уралдсанаас 174 мотоцикль, 40 куад, 147 автомашин, 70 ачааны машин өрсөлджээ. Тэдний 216 нь ямар нэгэн байдлаар уралдааны замыг дуусгаж чадаагүй байна. Харин уралдааныг зохион байгуулсан Аргентин, Боливийн төсөвт нийт 212.3 сая ам.доллар буюу Аргентинд 150 сая, Боливид 62.3 сая ам.долларын орлого оруулжээ. Уралдааны тухай мэдээллийг 70 телевизийн суваг 1200 цагийн хөтөлбөрөөр дэлхийн 190 орны үзэгчдэд хүргэсэн байдаг юм. Нээлтийн ажиллагааг нэг сая хүн газар дээрээс нь шууд үздэг бөгөөд тэмцээний турш буюу 14 хоногийн хугацаанд 100 гаруй сая хүнд хүрдэг ажээ. Интернэтээр буюу уралдааны албан ёсны хаяг болох www.dakar.com руу 81 сая хүн хандалт хийж 4.6 хүн youtube-ээр бичлэг үзэн 1.1 сая хүн фэйсбүүкээр уралдааны мэдээлэл авдаг байна.
С.АЛТАНЦЭЦЭГ