Categories
мэдээ спорт

Жүдогийн шилдгээр Б.Ариун-Эрдэнэ, Ц.Наранжаргал нар шалгарав

Жүдо бөхийн 2015 оны УАШТ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Хот, хөдөөгийн 21 байгууллагын 296 жүдоч 14 жингийн ангилалд аваргуудаа шалгаруулсан юм. Спорт сонирхогчид Х.Цагаанбаатарт ихээхэн найдлага тавьсан ч тэрээр гарч ирсэнгүй. Эхний өдөр болсон хөнгөн жингийн барилдаанууд мэдээж хуран цугласан олныг гайхашруулсан олон өрсөлдөөнийг харуулсан. 60 кг-ын жинд бүхэлдээ шинэ залуу тамирчид хүч түрэн гарч ирсэн гэхэд болно. Харин 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг шилдэг гэдгээ дахин батлан алтан медаль зүүсэн. 73 кг-ын жингийн барилдаан хамгийн их сонирхол татсан. С.Мияарагчаа ур чадвар хурд, техникээрээ илт давуу байсан ч Г.Одбаярт ялагдаж мөнгөн медаль хүртсэн аваргалсан бол С.Ням-Очир хүрэл медаль дээр буусан юм. Эмэгтэйчүүдийн хувьд мөн л гал гарсан барилдаан үргэлжилж, залуу тамирчид туршлагатай тамирчидтай дэвжээнд хүч үзсэн. М.Бундмаа жиндээ номер нэг гэдгээ дахин баталсан бол Д.Сумъяа 57 кг-ын жиндээ илүүрхсэн юм.

63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид алтын төлөө Ц.Мөнхзаяатай барилдсан барилдаан тун сонирхолтой байсан. Жин өгсч барилдсан Ц.Цэрэннадмидын хувьд жиндээ шилдэг байсан Ц.Мөнхзаяаг буулган авч улсын аварга болсон нь энэ тэмцээний нэгэн онцлох үйл явдал байлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанаар тэмцээн үргэлжилсэн юм.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жилийн улсын аваргадаа барилдсангүй. Тэрээр “Миний хувьд бэлтгэл сайн хангагдаагүй байсан. Гэхдээ бэлтгэл сайн хангагдаагүй гэдгээрээ бус бусад тамирчдадаа, залуучууддаа боломж олгох үүднээс энэ удаад тэмцээнд оролцолгүй өнжлөө” гэсэн юм. Хүнд жингийн барилдаануудын хувьд мөн л залуус хүч түрэн орж ирсэн ч гавьяат тамирчин Ц.Цэрэнханд, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нарын хашир туршлагатай тамирчид жингээ өнгөлсөн юм. Хэдий спорт залуу насных гэдэг ч улсын аваргадаа хорь орчим жил барилдаж буй эдгээр тамирчид залуустайгаа эн зэрэгцээд медалийн тавцанд гарсан нь бахархмаар байв. Ц.Цэрэнханд “Би улсын аваргадаа тун чиг олон жил барилдаж байна. Хэдэн ч удаа түрүүлчихэв. Тоогоо алдчихлаа. Би энэ тэмцээнд түрүүлэх нь чухал биш залуучууддаа үлгэр дуурайлал болъё, хүн хичээвэл хэзээ ч амжилт гаргаж болдгийг харуулахыг хүслээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Б.Ариун-Эрдэнийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд найм дахь удаагаа түрүүлээд байна. Хүмүүсийн найдвар хүлээлгэж байсан жүдочдын нэг бол Б.Тэмүүлэн. Тэрээр нэмэх 100 кг-ын жинд өрсөлдөгчдөө илт давуу ялан алтан медаль хүртсэн.

Энэ удаагийн тэмцээний шилдэг тамирчдаар эрэгтэйчүүдээс Б.Ариун-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд түрүүлсэн Ц.Наранжаргал тодорсон юм. Ц.Наранжаргалын хувьд УАШТ-д удаа дараа амжилттай оролцож буй манай шилдэг тамирчдын нэг. Тэрээр шилдэг тамирчны цом авахыг олон жилийн өмнөөс хүсч байснаа биелүүллээ гэж энэшагнал гардах үеэрээ сэтгэгдлээ хэлсэн.

Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

2015 оны жүдо бөхийн УАШТ-ий медальтнуудыг танилцуулъя.

Эрэгтэй

60 кг-ын жинд

1.Г.Хэрлэн

1.Ц.Цогтбаатар

3.Н.Сэр-Од,

Д.Баярмагнай

66 кг-ын жинд

1.Д.Төмөрхүлэг

2.Б.Батгэрэл

3.Д.Алтансүх,

Б.Алтаннаран

73 кг-ын жинд

1.Г.Одбаяр

2.С.Мияарагчаа

3.Д.Дөлгөөн, С.Ням-Очир

81 кг-ын жинд

1.Ууганбаатар

2.Дагвасүрэн

3.Түвшинжаргал,

Баатархүү

90 кг-ын жинд

1.Цогтгэрэл

2.Отгонбаатар

3.Анхбаатар, Бат-Эрдэнэ

100 кг-ын жинд

1.Б.Тэмүүлэн

2.Бат-Орших

3.Б.Төгөлдөр,

Ө.Дүүрэнбаяр

Хасах 100 кг-ын жинд

1.Б.Ариун-Эрдэнэ

2.Энхбат

3.Д.Пүрэвдорж,

Лхагва-Очир

Эмэгтэй

48 кг-ын жинд

1.Э.Гэрэлмаа

2.Б.Хорлоодой

3.М:Долгоржав, Б.Хорлоо

52 кг-ын жинд

1.М.Бундмаа

2.Л.Буянхишиг

3.А.Цолмон, Ч:Аззаяа

57 кг-ын жинд

1.Д.Сумъяа

2.Т.Амаржаргал

3.Б.Бат-Эрдэнэ, Ц.Хулан

63 кг-ын жинд

1.Ц.Цэрэннадмид

2.Ц.Мөнхзаяа

3.Ш.Ганчимэг,

Б.Рэгзэдмаа

70 кг-ын жинд

1.Ц.Наранжаргал

2.Даваасүрэн

3.Алтанцэцэг, Хонгорзул

78 кг-ын жинд

1.Батцэцэг

2. Мөнхцэцэг

3.М.Ууганжаргал,

Жавзмаа

Нэмэх 78 кг-ын жинд

1.Д.Цэрэнханд

2.Жавзмаа

3. Нямтуяа, Гантогос

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *