Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Энгийн хэрнээ агуу

Александр Абдуллов гэдэг Оросын авьяаслаг нэгэн залуу насандаа хорвоогоос буцсан, тэр бүр хүн мэдээд байдаггүй жирийн нэг жүжигчин байсан л даа. Эдгэшгүй өвчин тусаж хорвоод амьдрах хугацааныхаа хэмжээсийг мэдсэний дараа хэвлэлд ярилцлага өгснийг нь санаж байна. “Эмч намайг гурван сар амьдарна гэж байна. Одоо яая гэхэв дээ. Залуу насыг мөнх мэт мөн ч дэмий өнгөрөөж байж дээ. Нэгэнт энэ хугацааг уртасгаж чадахгүй юм хойно өргөн болгож амьдарна даа” гэж тэр хэлж байсан юм. Тэр дээд тэнгэрээс зааж өгсөн энэ бага хугацаандаа жүжиг, кинонд тоглож зохиол бичиж, бизнес өрнүүлэн ерөнхийдөө бужигнуулж байгаад хальсан. Түүнийг өнгөрсний дараа эхнэр нь бас ярилцлага өгсөн байсан. “Манай хүн тэр үлдсэн хугацаандаа гурван жил хийж байгаагүйгээрээ хөдөлмөрлөж өнгөрөөсөн юм шүү. Унтах, амрах, хооллох цагаа аль болохоор багасгаж охин бид хоёрыгоо гачигдах дутагдах зүйлгүй үлдээнэ гээд зүтгээд байж билээ. Хожим нэлээн бие нь муудаад хэвтэж байхдаа “Би урьд нь хийе гэсэн юмаа хийлгүй маргаашид найдаад яасан ч их үлдээдэг байсан юм бэ дээ, түүндээ л их харамсаж байна гэж хэлж билээ” хэмээн эхнэр нь дурссан байдаг. Үнэхээр чэнгийн хэрнээ агуу философи юм даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *