Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аливаа үйл хэргийг эхлүүлж, түүндээ амьдралаа зориулсан хүмүүсийг хог шиг гаргаж хаямгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ажлаа хүлээлгэн өгөх гэж буй талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. Түүний ойрын эх сурвалжийн ярьснаар бол дээрх мэдээлэл үнэний ортой бололтой. Хэрэв тийм бол харамсалтай.

Энэ хүн бүхий л ухамсарт амьдралаа энэ спорт, үндэсний бөх, Бөхийн өргөөнд зориулсан хүн шүү дээ. Их сургуулийн физикийн багш байсан хүн үндэсний спортоо хөгжүүлнэ гээд залуу халуун зүрх сэтгэл, амьдралаа зориулж, Бөхийн өргөөг барихад хэрэгтэй бүх зүйлд нойр хоолоо хасан байж зүтгэсэн байдаг. Бөхийн өргөө гэдэг ордныг босгох гэж энэ хүн газрын зөвшөөрлөөс нь эхлүүлээд бүгдийг нь хөөцөлдөж цаасан дээр төсөл байсан зургийг газар дээр бодит барилга болтол нь шантраагүй эр шүү дээ. Одоо та бүхэн хар л даа. Хөдөөнөөс ирсэн, гадаадаас айлчилсан хүмүүс “Би Бөхийн өргөөний дэргэд байна” гээд л өөрийнхөө хаягийг хэлж байна. Зохиолын байна уу, рок попынх байна уу ялгаагүй бүхий л уран бүтээлчид тэнд чуулж, Далай багш хүртэл айлдвараа хэлж суусан. Бөхчүүлийн босоо цагаан хийморь шингэсэн энэ хийморьтой ордон ямартай ч Монголын ард түмэнд муу юм үзүүлээгүй байх шүү. Бурхан багшийн дүйчэн өдрүүдийн ном айлтгал, цагаан сарын барилдааныг бид энэ л ордноос хүлээн авч тольддог.

Р.Нямдорж гэх энэ хүн зах зээлийн ороо бусгаа цагаас өдий хүртэл энэ бүхэнтэй зууралдаж байнгын орлоготой, хөл хөдөлгөөн тасардаггүй, бөхчүүлийн хийморь далласан байгууллага болтол хөгжүүлчихлээ, Бөхийн өргөө, бөхийн холбоог. Яах вэ сайны хажуугаар садаа мундахгүй. Алив зүйл сайн, муутайгаа л зэрэгцэн явдаг хойно түүнийг муучлах, муулах явдал тоймгүй. Ер нь юм хийж буй хүн л муулуулдаг. Биеэ оторлож бусдын олсныг зулгаадаг хүмүүс л үргэлж сүүдэрт отож хэвтдэг, муур шиг. Хаа сайгүй.

Р.Нямдорж тэргүүн ямартай ч элдвээр хэлүүлсээр Монголын үндэсний бөхийн холбоог 2015 он хүртэл удирдан жолоодсоор бидэнд авчирлаа. Гэтэл энэ хүн шахалтад ороод ажлаа өгөө юу эсвэл ажлаасаа халагдаа юу. Энэ хүн өнгөрсөн хорь, гучаад жилийн турш юуны төлөө зүтгэсэн юм бэ. Тэр хүнд залуу насаа элээн байж, амьдралын сайхан мөчүүдээ золин үндэсний спортынхоо төлөө зүтгэх ямар хэрэг байсан юм бэ.

Үүнээс харахад манайд патент, зохиогчийн эрхийн тухай хууль, энэ бүхнийг зохицуулах хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Насаараа зүтгэж үсээ гил хараасаа нь цал буурал болтол зүтгэж хөдөлмөрлөн махаа зовоон байж бүтээсэн үйл хэргээс нь хогийн тосгуур дээр гаргадаг тоос шороо шиг зайлуулах нь зүйд нийцэхгүй. Энэ бүхнийг зохицуулсан хууль үгүйлэгдэж байна. Р.Нямдорж гуай шиг ингэж хохирсон хүмүүс олон бий. Тэднийг ингэж хог шиг гаргаж хаяж байгаа бол нөгөө талд нь төрийн хууль гэх хүчирхэг зэвсэг хамгаалж, өмгөөлөлдөө авдаг баймаар. Р.Нямдорж гуайн жишээн дээр ярихад, ажилгүй хоцорсон ч Бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбооноос орж ирж байгаа орлогын тодорхой хэсгийг тогтмол авдаг байхаар хуульзүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Ийм замаар хувь хүртээдэг үзэгдэл Монгол байтугай, Ази, Европт өглөө нар манддагтай адил энгийн л зүйл болчихсон.

Дээр өгүүлсэн шиг ийм тохиолдол манайд зөндөө бий л дээ. Алив нэг байгууллагын тулгын гурван чулууг тавилцаж, үйл ажиллагааг нь дэмжиж бүхий л оргилуун насаа зориулж, байгууллагаа орлоготой, байнгын үйл ажиллагаатай тов хийсэн сайхан хамт олонтой болгож хаа ч очсон нүүр улайхгүй газар болгоцгоосон улс хот хөдөө, сум, багт зөндөө бий. Байгууллага нь олны талархал хүлээж, орон нутагтаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж амжилттай явж нэр нь мандаад ирэнгүүт тэр бүхнийг нь хэн ч юм, хаанаас ч юм гарч ирээд булаацалддаг айшгийн гэмээр үзэгдэл дэргэд ч болдог. Байгууллагаа мандан сэргээж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн сэтгэл, зүрхтэй хөдөлмөрч нэгнийг хэлэх хэлэхгүйгээр хараан зүхэж, муу муухайгаар бусдад сурталчлаад эхэлдэг. Үнэхээр ч тийм юм болов уу гээд бусад нь эргэлзээд эцэст нь нээрээ ч тийм юм байна гээд итгэж эхэлнэ. Ингэж л сүүдэрт хумсаа нуун хэвтсэн муурнууд босч ирнэ. Амьдралаа зориулж ирсэн талбараас нь тэр хүнийг найр хайргүй түлхэж хаяад хоолыг нь булаан иддэг. Эцэст нь сайн сайхны төлөө зүтгэж явсан хүн ажилгүй болоод л үлддэг.

Олон нийтийн болон төрийн өмчит байгууллагад ажиллахдаа алаг зүрхээ эцтэл нь зүтгэдэг хүн байдаггүй нь үүнтэй л холбоотой. Хүний хоолыг бэлтгэхийн төлөө хуруу, хумсаа хугалтал хөлсөө гаргах хэрэг байна уу. Ийм жишээ олон байна. Газар тариалан, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, одон орон, зам, барилга өөр юу байдаг билээ. Батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх, аж үйлдвэр гээд нэрлэвэл баршгүй. Тэр бүгдээс хамгийн тод, хүний нүдэнд ил гарч ирээд байгаа нь спортын салбарт буюу бүр тодруулбал үндэсний бөхөд гарч ирж байна. Тэр нь Р.Нямдорж гуай болж байна. Өнөө цагт зүрх сэтгэлээ зориулж зүтгэсэн байгууллагаасаа халагдахад элдэв ял шийтгэлгүй гарч байвал дээдийн заяа болох хандлагатай даг. Тухайн хүний хоолыг булаагчид суудлаас нь босгоод зогсохгүй, бусдын нүүрийг дахиж харахгүй болтол нь ичээхийн тулд элдэв хэрэг зохиож түүнийг эвгүй байдалд гарцаагүй хийдэг. Нуугаад яахав, өргөст торны цаана суулгахыг хэлж байна.

Ингэхээр энэ бүх бусармаг гэмээр муухай явдлыг бүгд ойлгож, ядарч явахад нь тусламжийн гараа сунгасан, төөрч явахад зам заасан эрхмүүдээ түлхэх ёсгүй л дээ. Жудаг гэж зүйл байна даа, монголчууд бидэнд (зарим үндсэрхэг гэхүү, эсвэл эрдэмтэй хүмүүсийн ярьснаар жудаг гэдэг утгатай энэ үг зөвхөн монголчуудад л байдаг гэсэн шүү). Тойлсоноо мөлжсөн яс шиг үүд рүү, банхар руу шидэж баймааргүй.

Хэрүүл уруул, тулга тойрсон хов, хэл амыг эмэгтэйчүүд л гаргадаг гэж хэзээнээс л ярьцгаадаг байв. Үнэндээ Монгол бөхийн үндэсний холбоо болон энэ спортоор хичээллэдэг эрчүүлийн дунд олон жилийн дунд өрнөж байгаа энэ хэрүүлийг харахад “Эрчүүл чинь эмэгтэйчүүдээсээ илүү хэрүүлч, хов ярьдаг юм биш үү” гэсэн эргэлзээ төрүүлнэ. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын таарамжгүй харилцаанаас улбаатай гэх энэ хэрүүл зуун дамжсаар энэ онтой золгоод арга буюу Р.Нямдорж гэх хүн ажлаа өгөх шийдвэр гаргачихаад байна уу даа. Ер нь тэгээд хэзээ баруун, халх Монгол гэж байсан юм бэ. Монголоор ярьдаг хүн бүр Монгол шүү дээ. Дэлхийд тархан суугаа монголчууд гэвэл хичнээн сая болдог билээ. Гэтэл Азийн цээжинд суух гурван сая Монгол нь ингээд чи, би-дээ тулах нь эвгүй. Үнэндээ арлагч, өвөрлөгч, төв, баруун байна уу хамаагүй. Тэр чинь зүгээр зүг чиг заасан үгс. Ойр зуураа эв түжингүй байдаг нь явсаар энэ үндэстнийг ганхаахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ховонд буснидаг Монгол төр гэж юу байхав.

“Монголчууд хэзээ ч хүнийг муулдаггүй ард түмэн. Нийгэм нь стресстэй болохоор л нэгнээ муухайгаар хэлж тайвширч байгаа юм. Хамгийн гол нь тэр нь сэтгэлээс нь гараагүй” гэдэг энэ үг үнэн. Биенээ муулах нь муу зүйл биш л дээ, уг нь. Хэрэв та их муулуулж байвал бусад тань таныг тэгж үнэлж байгаагийн илрэл. Гэхдээ алив зүйлийн үнэлгээ хүн бүрийн харах нүднээс хамаарч өөр. Тийм болохоор нэгнээ заавал өөрийнхөө нүдэнд таацуулах гээд муулаад, суудлаас нь буулгах зохимжгүй. Тэр хүн энэ суудалд очихын тулд түүнтэй тэнцэхүйц хөдөлмөрлөж, золиос гаргасан л байж таараа. Тийм болохоор үнэхээр хийсэн бүтээсэн байвал яаран буулгах гэж чичрээд яахав.

Нөгөө талд тэр хүн хорин настай хонгорхон зүстэйгээсээ л оюун бодлоо зориулж зүтгэж ирсэн энэ ажилдаа сэтгэлээ зориулсан нь мэдээж. Хэрвээ үүнийг хүн ёсны талаас нь ойлгож мэдэрч хүлээж авч чадахгүй бол төрийн хууль үйлчилж, зохицуулалт хийдэг байх хэрэгтэй. Аливаа үйл хэрэгт бүрэн амьдралаа зориулсан хүнийг түүнээс нь суга татан холдуулж болохгүй. Яагаад гэвэл тухайн хүн тэр хэргийг бодит болтол нь зүтгэсэн болохоор хөдөлмөр, сэтгэлийг нь үнэлээд холдсон ч хувь хүртээдэг шударга зарчим үйлчлэхэд гэмгүй санж.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *