Увс аймгийн Улаангом сумын газар хөдлөлт бүртгэх станцын геофизикч Болор-Эрдэнэ Оросын холбооны улсын Кызил хотоос 14 км-ийн зайтай газарт олон улсын цагаар 03 цаг 49 минут 10 секундэд, орон нутгийн цагаар 10 цаг 49 минут 10 секундэд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мэдээлжээ. Харин Увс аймгийн хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл огт мэдрэгдээгүй гэнэ.
Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн хоёр, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байжээ. Нийслэлийн Бага-Хангай дүүргийн хоёрдугаар хороо, Нуурын нэгдүгээр гудамжийн нэг тоотод иргэн Ж-н 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз, дотор тал эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өглөөний 07:54 цагт ирж, Аврах, гал унтраах 80 дугаар ангийн 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт 37-38 тоотын хөршийн хаалга шатаж байна гэсэн дуудлагыг урьд шөнийн 04:22 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ.
Булган аймгийн Хангал сумын “Чулуутын ам” гэдэг газар байрлах иргэн Б.Алтанхуягийн 5х4 метрийн харьцаатай зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:46 цагт Аврах, гал унтраах 56 дугаар ангийн зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
Голд цөмөрчээ
Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Халгайтын ам, Баянзүрхийн голд мөс цөмөрч, автомашин суусан дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11:10 цагт өгчээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 28 дугаар ангийн 10 албан хаагч, нэг автомашинтай очиход иргэн Х.Чингисийн УНН 93-01 улсын дугаартай “Huyndai H10” загварын автомашин голын мөс цөмөрч голд суусан байсныг татаж гаргасан байна.
Барилгын бэхжүүлэгч идсэн үхэр үхжээ
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжийн хоёр тоотод иргэн Чанцалдуламын хоёр үхэр үл мэдэгдэх нунтаг цагаан бодис идсэний улмаас хорогдлоо гэсэн мэдээлэл өчигдөр өдрийн 16:15 цагт ОБЕГт иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Хөхий ХХК-ний малын эмч Амарбуян, мэргэжлийн хяналтын байцаагч Соёл-Эрдэнэ нар очиж шалгахад хүнд нөлөөгүй барилгын бэхжүүлэгч нунтаг цагаан бодис идэж хорогдсоныг тогтоолоо.