Categories
мэдээ спорт

Шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа аж. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Мөн тэрээр “Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна. Анхны жил зөвхөн нийслэлийн хүрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан. Өнөө жил сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглаад байна.

Шатар бол хүний хамгийн суурь чадвар болох бодох чадварыг хөгжүүлдэг оюуны спортын төрөл юм. Шатар тоглох нь хүний бодох чадвар, аливаа үйл хэргийн өрнөлийг урьдчилан тооцоолох, стратеги боловсруулах зэрэг чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилга гаргасны хүрээнд тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж,, түгээх зэрэг чиглэлд анхаарах нь чухал. Үүнд интернет ашиглан онлайнаар шатрын сургалт явуулах хэлбэрийг ашиглах нь оновчтой байж болно. 2014 онд болсон дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчдаас Г.Мөнхбаяр, Ү.Ажбилэг, Ү.Үүрийнтуяа нар алт, мөнгө, хүрэл медаль авсан. Ийнхүү манай шатарчдын амжилт жилээс жилд өсч байгаад энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй” гэв.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 315 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явагдсан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг 126 шатар сонирхогч оролцож буйгаараа онцлогтой. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд түрүүлсэн нэг хүнд Шатрын спортын дэд мастер цол олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *