Categories
мэдээ спорт

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг ингэж эрэмбэлжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2014 оны улсын баяр наадмын өмнө “Дархан аварга” цол хүртсэн Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудын цолны эрэмбийн талаар тайлбар нийтлэжээ. Учир нь хоёр аварга наадмын барилдааны үеэр жигүүрээ булаалдан хэсэг зогссон нь тэдний эрэмбийн асуудлаар үзэгч олныг талцуулахад хүргэсэн байдаг. Ингээд МҮБХ-ны тайлбарыг бүрэн эхээр нь нийтлэж байна.

Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг хэрхэн эрэмбэлсэн тухай

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бөхийг эрэмбэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг баримталсан. Энэ заалт нь бөхийг эрэмбэлэхдээ түрүүлж цолны болзол хангаснаар нь биш, харин хэн нь илүү амжилт гаргасныг нь өмнө нь эрэмбэлэхээр журамласан заалт юм.

Дээрх хоёр бөхийн тухайд ижилхэн даян аварга цолтой байхдаа нэг өдөр, нэг цаг хугацаанд дархан аварга цолыг зэрэг авч байгаа учраас өмнөх амжилтыг нь харгалзан эрэмбэлэх нь туйлын ойлгомжтой юм. Өмнө нь хоёр бөх хоёулаа ижилхэн даян аварга цолтой, гэхдээ Г.Өсөхбаяр улсын наадамд гурван удаа 8 давсан, дөрвөн удаа 7 давсан, А.Сүхбат улсын наадамд 8 даваагүй, гурван удаа 7 давсан амжилттай байсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь хэн ч эргэлзэх зүйл биш билээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт дархан аварга цол хүртсэний дараа барилдаж үзүүлсэн амжилтаар бөхчүүдийг дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн утгатай зохицуулалт юм. Ийхүү бид дээрх хоёр бөхийн эрэмбийг тогтоохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрмийн заалтыг баримталснаа дахин албан ёсоор нотолж байна.

Дашрамд тэмдэглэхэд, улсын наадамд түрүүлсэн амжилтыг тооцохдоо нэг удаа 10 давж аварга болсныг, нэг удаа 9 давж арслан болоод дахин 9 давж аварга болсонтой адилтган үздэг бөгөөд дээрх байдлаар тооцсон амжилтаараа улсын аварга Д.Сумъяабазар О.Балжиннямын өмнө, О.Балжинням С.Мөнхбатын өмнө, С.Мөнхбат Г.Эрхэмбаярын өмнө эрэмбэтэй байгаа болно.

Энэхүү тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн болно.

Монголын үндэсний бөхийн холбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *