Categories
мэдээ нийгэм

Төр засагтаа хүргэх зарим санал

Мөхөс би Монгол төр маань мэргэн, алсын хараатай, хүчтэй байхыг сүслэн залбираад улсын эдийн засагт нэмэр болох дараах хэдэн санааг уламжлах гэсэн юм. Оршил болгож

• Мөнгө мөнгөө дагуулдаг.

• Мөнгө хаана үржих таатай нөхцөл байна тийшээ нүүдэллэдэг.

• Мөнгийг дагаж ажлын байр бий болж, технологи зах зээл хөгжиж байдаг

• Өөрийнхөө талаар мэдээлж сурталчлахгүй бол хэн ч чамайг олж харахгүй гэсэн хэдэн зарчмыг хэлээд дараах санаануудыг хэлье. Үүнд:

Төрд хандан санал болгох нь:

– Газар зүйн байршлаар Монгол улсын татварыг ялгавартайгаар тогтооё. Газар нутгаа татварын тойргуудад хувааж төвөөс алсрах тусмаа татварын хэмжээ багасна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт хамгийн өндөр татвартай. Баян Өлгий Дорнодод хамгийн бага татвартай гэх мэт. Энэ нь бэлэн мөнгөний урсгал алс бүсүүдэд сайжирч пүүс бизнесүүд хөдөө орон нутагт ажлын байр бүтээнэ. Эдийн засгийн бодисын солилцоо сайжирна. АНУ энэ татварыг хэрэгжүүлдэг.

– Казиног зөвшөөрөе. Дэлхийн стандартаар ажиллаж байгаа эсэхт л төр хяналтаа тавина. Монголчууд гадаадын казинод биеээр болон интернэтээр багагүй тооны мөнгөө “тушаадаг” нь нууц биш. Хичнээн хорьсон ч Монголчууд тоглосоор л байгаа. Казиног Төв, Дундговь ч юмуу аль нэг аймагт байгуулах хэрэгтэй. Тийш хүрэх зам нисэх онгоцны буудал байгуулах зөвшөөрлийг нь бас өгчих хэрэгтэй. Казино байгуулбал гадны баячууд Монголыг зорино. Дагаад мөнгө орж ирж аялал жуулчлалд нэмэртэй. 2011 онд АНУ казиногос 58 тэрбум доллар, Макао гэхэд 28 тэрбум долларын орлого олж байжээ.

– Монгол улс гадны пүүсүү­дэд татварын диваажин оф­шор бүс болоё. Мэдээж олон улсын хууль дүрэм стан­дартад бүрэн нийцсэн байх ёстой. Гадны пүүсүүд өрөөл нутаг оронд олсон орлого ашгаа Монголд шилжүүлж тайлагнадаг болно. Энэ нь манай улсын валютын урсгалд сайнаар нөлөөлнө.

– Гадаадын банкуудыг Монголд урья. Олон улсын банкууд байх учир хоорондоо өрсөлдөж Зээл моргэжийн хүү багасаж гадаад валютын бэлэн байдал ихсэж төгрөгийн ханш сайжран санхүүгийн дэлхийн түвшний үйлчилгээг монголчууд хүртэнэ. Сингапур улсад гэхэд 117 гадны банк ажиллаж байна.

– Монголд бизнес үйл ажиллагаа эрхлэх нь таатай, ашигтай талаар гадаадын нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ядаж улиралд нэг удаа нийтлэл бичиж байх. Зар сурталчилгааны зардал үр ашгаа заавал өгдөг. Нисэх онгоцны компаниудад зорчигчдод тавьж өгдөг сэтгүүл, олон хандалттай вэб сайт нь сайн боломж юм.

– Нэгэнт ашигтай, өөрсдөө хийж чаддагүй дэлхийн түвшний бизнесийн хувьцаанд Монгол улс хөрөнгө оруулж байх хэрэгтэй. Жишээ нь хүний хөгжлийн сангаар тараасан мөнгөөрөө (2-оос багагүй тэрбум ам.доллар) Apple компаний хувьцааг 2012 оны эхэнд авчихсан байсан бол бидний мөнгө өнөөдөр 88 хувь буюу бараг хоёр дахин өссөн байх байлаа.

– Үр ашиг багатай ТӨҮГ-уудыг хувьчлах нь зүйтэй. Төр өөрийн ачааллыг багасгах ба хувьчлагдсаных нь дараа ашгаас нь татвараа л аваад сууж байх хэрэгтэй.

– Монгол хүний дундаж нас (дунджаар 65 орчим) бага байгаа тул хүн тэтгэврийн наснаас өмнө эсвэл тэтгэврийн насанд хүрээд удаагүй байхдаа нас нөгчвөл эхнэр хүүхдүүдэд нь насаараа төлсөн НДШ зэрэг татварынх нь дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болоё. Ингэснээр төр ард иргэдийн урт наслахад анхаарах ба гэр бүлийн харилцаа батажна.

– Гадаадын том пүүсүүдэд богино хугацаагаар ч болов хямд цалингаар ажиллах хүч нийлүүлэх санал тавих. Тухайн пүүсийн нутаг оронд ажиллах болзолтой ба ингэснээр монгол хүний чадамж сайжирч эргээд тархины хөрөнгө оруулалт хийнэ. Ажиллах хүчнийг шалгаж авах ажлаа тухайн пүүс өөрсдөө хийх тул ар өврийн хаалганы хэрүүл гарахгүй шударга явагдана. Их Британи улсад гэхэд 2012-2013 онд 510000 хүн үйлдвэрлэлийн дадлага хийжээ.

– Татваргүй эсвэл нэг хувийн татваравах нөхцөлөөр Монголд гадаадын том брэнд пүүсүүд үйлдвэрлэлээ оруулж ирэхийг урья. Нөхцөл нь Монгол ажилчдыг сардаа ядаж 500 ам.доллараар цалинжуулах гэх мэт.

– Гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Цаг бол алт болсон энэ үед ямар ч их ачаатай ирсэн өдөртөө хил нэвтэрдэг байх нь чухал. Ачаа удаан саатах нь үнийн өсөлтөд нөлөөлж мөнгөний эргэлтийг сааруулдаг.

– Гаалийн байцаагч нь хүний ачааг гараар ухах биш харин ачааны машин вагоныг ч бүхэлд нь хардаг өндөр хүчин чадал бүхий сканнеруудыг байрлуулж хяналтын дэлгэцээр хяналт хийдэг байх хэрэгтэй. Энэ нь түргэн шуурхай бас өндөр хяналт болно. Батаар, ногоон дарь эх гээд олон эд өлгийн зүйл гаалийн хяналт ямар түвшинд байгааг илтгэж байна.

– Гадаадын том хүмүүсийн нэрэмжит сан байгууллагуудыг байгуулж тэдэнд энэ талаар мэдэгдэж ивээн тэтгэж хамтран ажиллахыг уривал тэд мэдээж баярлах ба гадны филантропи Монголд ирэх болно. 2012 онд АНУ нь 1,65 их наяд долларыг буяны үйлс буюу филантропид зарцуулжээ.

-Спорт бол маш том бизнес гэдгийг ойлгож том тэмцээн уралдаануудыг эх оронд явуулах талаар хөөцөлдөж ажиллах хэрэгтэй байна.

– 0 хувийн татвар эсвэл нэг хувийн татвараар томоохон дуудлага худалдаануудыг Монголд урья. Хосгүй үнэт эдлэлүүдийг үнэ хаялцахаар гадны мөнгөтэй хүмүүс Монголыг зорино.

– Гадаад улсуудад газрын зөвшөөрлийг нь өгөөд орон сууцны хороолол барихыг санал болгоё. Мэдээж татвар авахгүй. Тэд барилгаа бариад худалдаж орлогоо олог. Улсуудын хорооллууд зэрэгцэж сүндэрлэх тул тэд үнэ, чанар моргэжээр өрсөлдөнө. Нийслэлийн иргэдийн орон сууцны асуудал шийдэгдэж утаа ч арилна.

– Монголын өвлийг халуун орнуудад сурталчлъя. Аагим халуунаас залхсан гадны жуулчид Монголын цэнгэг сэрүүн агаар цас мөсийг үзэх гэж ирдэг болно. Эгээ л хүйтнээс дайжсан манай баячууд халуун оронд өвөлждөг шиг.

-Гадаадын том том их дээд сургууль номын сангуудыг салбараа Монголд нээхийг урья. Монгол тархинд асар их амин дэм болох буй за. Мэдээж татваргүй эсвэл билэгдлийн чанартай 0,5-1 хувийн татвартай. Дэлхийн түвшний мэдлэг соёл технологийг Монголдоо эзэмшиж нутагшуулах болно.

-Монголын хөрөнгийн биржэд гадны брокерийн компаниудыг урья. Тэд Монголд хөрөнгө оруулах сэдэл мэдээллийг гадаад зах зээлд түгээх суваг болох юм. Манай пүүсүүд ч гадны хөрөнгө оруулалтаар хангагдана. Хөрөнгөө оруулсан гадны хувьцаа эзэмшигч нар бизнесээ бүх талаар дэмжинэ. Тэд Монгол эздээс ч гэсэн хариуцлага ёс зүйг шаардан хяналтаа тавьсанаар манайхны бизнесийн хариуцлага, соёлын түвшин ч сайжирна.

Мөн хувийн бизнесүүдэд хандаж уриалах дараах зүйл байна. Үүнд:

• Мод тарьж ургуулах бизнес хийгээчээ. Мод маш их үр өгөөжтэй. Модон эдлэл барилгын түүхий эд болно. Самарнаас авхуулаад маш олон төрлийн бодисыг ялгаж авч болно. Цаас үйлдвэрлэнэ. Үзэсгэлэнт ойг амралт зугаалга эмчилгээний бизнес болгож болно. Бас экологийн талаасаа эх орны хувьд агуу гавъяат үйлс тул төр татвар авахгүй ч байсан болно.

• Өөрийн бизнесийг вэб хуудастай болгох. Вэб сайт дээрээ Англи хэл дээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээллийг байрлуулах нь гадаад зах зээл дээр гарсантай агаар нэг. Үүнийг үйлдээгүйгээс болж маш их орлого олох боломжийг манайхан алддаг. Жишээ нь шүүдэргэнэ ургамлыг ямар өвчинд уудаг ямар үр нөлөөтэй байгааг англи хэл дээр тавибал дэлхийгээр нэг байгаа өвдөж зовсон улс болон эмийн компаниуд манай Хөвсгөлийн залууст хандах болно.

Ард түмэндээ хандан тодруулж хэлэх нэг зүйл байна.Үүнд:

• Сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш ихээхэн унасан нь зөвхөн манай төрийн буруугаас болоогүй юм. АНУ-ын эдийн засаг сайжирснаас хамаарч дэлхий дахины хөрөнгө оруулагч нар Америкийн хөрөнгийн зах зээл рүү хошуурцгааж байна. Жишээ нь Евро 2013 онд 1.4 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 1.21 болж 14 хувиар унаад байна. Энэ үзэгдэл нь эдийн засгын потенциальтай Австрали Англи Япон Канад Швейцар Орос Хятад зэрэг орнуудын валютыг ч тойроогүй ба тэд нь ам.долларын эсрэг 15-20 хувийн ханшны уналтыг амсаад байна. Тиймээс бурууг дан ганц төр засагт тохох нь өрөөсгөл юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Эдгээр санаа нь харахад хэн хүний мэдэх мэдээжийн юм шиг санагдавч үүнийг хэрэгжүүлбэл ихээхэн мөнгө, соёл, ажлын байр бий болно. Үүнийг хэрэгжүүлбэл төр засаг, тухайн намын нэр хүнд ч сайжрахыг үгүйсгэхгүй. Бусдаас хоцрох, цаг алдах нь бидэнд л хохиролтой билээ.

Л.ДААЛХАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *