БСШУ-ны яамнаас Японд 1000 инженер бэлтгэх төслийг эхлүүлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд япон улсад суралцах шалгуур хангасан залууст БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр батламжаа авах юм байна. Уг төслийн талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд өмнө нь ярьж байсныг хүргэе.
-Япон улсад 1000 инженер сургах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-2012 он аравдугаар сараас Боловсролын яам, Японы Жайка байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь дэлхий дээр инженерийн чиглэлээр хүмүүсээ сайн бэлддэг улс гэвэл Япон, Герман хоёр. Германы хувьд Германы технологийн их сургуулийг бид монголдоо байгуулсан. Энэ ажил 2014 онд хүчээ авна. Барилга байшингаа ашиглалтад оруулчихлаа. Германаас хөтөлбөрийн дагуу багш нар ирж байна. Монголын компаниуд, яамдууд захилагаа өгч оюутнуудаа сургаж эхэлж байна. Ингэснээр Герман хөтөлбөр дээр инженер бэлтгэх ажил маань эхэлсэн. Мөн бид жил гурван сар Япон талтай оюутан сургах асуудлаар хэлэлцээр хийгээд МУ-ын Ерөнхий сайд Японд хийх айлчлалын хүрээнд санал тависан. Улмаар хоёр улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгаад энэ зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Инженер, технологийн дээд боловсрол” нэртэй энэхүү төслийн талаар Боловсролын яамны сайтад байршуулсан байгаа. тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Төслийн үр дүнд Японд 1000 гаруй залуучуудыг хоёр жилээр буюу богино хугацаанд сургана. Өөрөөр хэлбэл хоёр жил монголд, хоёр жилд Японд сурах хөтөлбөрийг бий болгоно. Нэгд, монголын инженерийн хөтөлбөрийг Японд хүлээн зөвшөөрөх түвшинд очно гэдгээрээ их ач холбогдолтой. Хоёрт, Японы сайн инженер бэлтгэж байгаа тогтолцоог өөрийн болгож авч байна. Гуравт, Японы сайн тогтолцоог маш богино хугацаанд маш олон залууст сургаж, манай улс инженерийн бүтэн шинэ үеийг бий болгох юм. Ер нь цаашид МУИС, ШУТИС-т Японы инжененрийн дээд түвшний сургалтыг хэрэгжүүлэх ирээдүй харагдаж байна. Одоо Боловсролын яам, Жайка байгууллага, Эдийн засгийн яам хамтран зөвшилцөлөө богинохон хугацаанд эцэслэж, Хаврын чуулганаар зээлийн хэлэлцээрийг их хуралдаа өргөн барихаар ажиллаж байна.
-Гадаад сурахад ар өврийн хаалганы асуудал их яригддаг. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулахаар төлөвлөж байна вэ?
-Шалгаруулалт хийх эрхийг бид Японы талд өгнө. Япончууд маш өндөр шалгуураар элсэлт авдаг онцлогтой. Гэтэл АНУ-д тодорхой болзол хангасан авах бол сургуулиуд нь элсэлт авах боломжтой болдог. Тийм болохоор хоёр жил суралцах хүсэлтэй суралцагч Япон талын шалгалтыг давах ёстой. Давах бэлтгэлийг энд монголдоо хоёр жил сурахдаа хийнэ. Тиймээс монгол талаас ар өврийн хаалгаар хүүхэд элсүүлэх гэдэг асуудал яригдахгүй. Японы шалгалтын системийг нь хөндөхгүйгээр хүүхдүүд шалгуулаад шууд элсдэг тэр боломжуудаар хангах юм.
-Дээрх суралцагчдын үр өгөөж Монгол Улсад хэзээнээс мэдрэгдэнэ гэж тооцоолж байна. Ер нь ямар үр дүн авчирах бол?
-Маш богино хугацаанд үр дүн мэдрэгдэнэ. Хэлэлцээр байгуулагдаад үйл ажиллагаа эхэлсэн цагаас МУИС, ШУТИС хоёрын инженерийн сургалтын хөтөлбөр нь Японы түвшинд очих юм. Бид Японоос багш нараа урина, тэдний санал болгож байгаа лабораториудыг бий болгоно. Монголоос багш нараа явуулж сургана. Ер нь дотоодын хоёр том сургуулийн инженерийн сургалтын орчин богино хугацаанд өндөр түвшинд хүрнэ гэж ойлгох хэрэгтэй. Хоёр жилийн хугацаатай явах учраас анхны инженерүүд гурван жилийн дараа төгсөөд ирнэ. Японоос ирж байгаа инженерийн тоо тав, арав биш 50, 100 гаараа байна. Хамгийн гол нь тэр инженерүүдийг ирэхэд угтаж авах дэд бүтэц, ажлын байраа бэлдэх хэрэгтэй. Японд суралцах докторууд, магиструуд сурлцаад ирлээ гэхэд энд эрдэм шинжилгээний ажил хийх дэд бүтэц хэрэгтэй. Тийм учраас бид бүх чадлаараа Шинжлэх ухаан руу анхаарлаа хандуулж байна.