Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлж, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг явуулсан. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан сонгон шалгаруулалтад дөрвөн компани хүсэлтээ ирүүлснээр Тавантолгойд олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг нь хариуцсан стратегийн хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар тодорсон юм.
Газрын хэвлийн дороо асар их нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажил нэгдүгээр сарын 5-наас буюу ирэх даваа гаригаас эхэлнэ.
Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргах тал дээр хөрөнгө оруулагчид болон Монголын Засгийн газар санал нэгдсэн байна. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.
Харин ирэх даваа гаригаас эхлэх хэлэлцээр хөрөнгө мөнгө болон бусад асуудлаа ярилцах аж. Тавантолгойн ордод эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ стратегийн хөрөнгө оруулагчид амалсан байгаа.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч буюу Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцээр ил тод явагдана гэдгээ амалсан. Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад, х өрөнгө оруулагчдын зах зээлийн үнэ цэнийг нь сонирхуулахад, Чайна Шэнхуа Энержи групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол Сумитомо корпорацийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин “Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Бүгд Хөрөнгийн биржид бүртгэлтэй. a
Мөн Чайна Шэнхуа Энержи компани өөрийн төмөр замтай, өөрийн борлуулалт хийх зах зээлтэй. Сумитомо корпораци Ази, номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол Энержи ресурс нь 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан байна.