Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Тэгвэл шийдлийн Засгийн газар оны хамгийн сүүлийн буюу 66 дахь хуралдааныг ирэх мягмар гаригт хийхээр болжээ. Учир нь даваа гаригт бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа юм. Мягмар гаригийн хуралдаанаар Боомтын нэгдсэн захиргааны талаар авах арга хэмжээний тухай, 2015 оны төсвийн тодотгол, яамдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэх гэнэ.
Энэ өдрийн хуралдаанаар МАН төрийн нарийн бичгийн дарга нараа танилцуулах сураг байна. Тэд шийдлийн Засгийн газарт таван төрийн нарийн бичгийн даргын квот авсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг,Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг,Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад UFC группын дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад МАН-ын даргын зөвлөх Г.Баясгалан юм уу эсвэлМАН-ын Хууль эрх зүйн газрын дарга хурандаа Д.Мөрөнг, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлж магадгүй гэх яриа байна. Мөн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зөвлөх байсан О.Одбаяр ч төрийн нарийн бичгийн дарга болж магадгүй сурагтай.