УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүд хүүхдийн эмнэлгийн асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ дотоод зохион байгуулалт хийх байдлаар тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг байрлуулах, тэр дундаа мэргэжлийн хүмүүсийн санал болгосноор тус төвийн нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлгээр ашиглах боломж бий эсэхийг тодруулав.
ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг байна. Тус төвийн мэргэжилтнүүд гишүүдэд томуу болон томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг саналыг хэлэв. Шалтгаан нь ХӨСҮТ-д олон төрлийн халдварт өвчний эмчилгээ хийдэг. Тиймээс томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг энд байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй.
Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд гэнэтийн гоц халдвар дэгдсэн үед шуурхай ажиллах үүрэгтэй ганц байгууллагын байнгын бэлэн байдлын дэглэм нь алдагдана гэдгийг тооцох нь зүйтэй гэв. Үүний дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Тус эмнэлэг гамшгийн үед ажиллах төлөвлөгөөний дагуу улирлын чанартайгаар ачаалал ихсэх үед 100 ор нэмж байрлуулснаар хүүхдийн тасаг нь 125 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 122 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаа хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ танилцууллаа.