П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг олон улсын стандартад нийцсэн вакуумжсан хагалгааны хоёр өрөөтэй боллоо. Тус өрөөг Эрүүл мэндийн яамны төсвөөс санхүүжүүлжээ. 803 сая орчим төгрөг зарцуулсан байна.”Тэнгэр, газрын хишиг” компани гүйцэтгэгчээр нь ажиллажээ. Ер нь эмнэлгийн өрөөний агааржуулалтууд Оросын хуучин технологитой байдаг гэнэ. Харин шинээр нээгдсэн вакуум хагалгааны өрөө олон улсын стандартад нийцжээ.
Ингэснээр хагалгаа хийхэд илүү баталгаатай болсон аж. Зүрхний хагалгаа наад зах нь зургаа, долоон цаг үргэлжилдэг гэнэ. Хагалгааны өрөөнд байгаа унтуулагч, хортой бодисууд ууршиж тэнд олон цаг хагалгаа хийгээд зогсож байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байж. Харин вакуумжсан өрөөнд100 хувь агаар сэлгэлт хийгдэх юм байна.
Хагалгааны өрөөнд амьсгалын аппарат, шаардлагатай хүчилтөрөгч, вакуум гэсэн гурван төрлийн систем суурилуулжээ.Энэ өрөөнд ирэх долоо хоногоос зүрхний хагалгаа хийж эхлэхээр төлөвлөжээ. Гуравдугаар эмнэлэг жилдээ 500 орчим зүрх судасны хагалгаа хийдэг юм байна.
Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир “Нэгдүгээр сарын эхээр Люксембургийн эмнэлгээс төслийн хүрээнд зүрхний мэс заслын баг ирж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн өрөө, тасалгаатай угтах болсондоо олзуурхаж байна. Япон, Франц, АНУ, Люксембургийн мэргэжлийн багууд жилдээ 16 удаа ирж бидэнтэй мэдрэлийн мэс засал, зүрхний мэс заслын чиглэлээр хамтарч ажилладаг. Өмнө нь хагалгаа хийж байгаа өрөө стандартад нийцээгүй гэх асуудлууд гардаг байсан. Гадны аль ч баг ирсэн хамтарч ажиллах нөхцөл бүрдсэн. Гуравдугаар эмнэлгийн өрөө Солонгос, Люксембургийн нээлттэй хагалгаа хийдэг өрөөтэй яг адилхан болсон” гэж ярилаа.
Дашрамд дурдахад Монголд зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийдэг байна. Харин зүрхний хавхлаг солих,зүрхийг түр зогсоогоод цусыг эргэлдүүлэх аппаратны хөлсний 50-60 хувийг эмнэлэггаргадаг юм байна. Үлдсэн зардлыг иргэд гаргадаг гэсэн. Нэг зүрхний хавхлаг зургаан сая төгрөгийн үнэтэй бол цусны эргэлтийн аппарат 2.2 сая төгрөгийн өртөгтэй аж. Зүрхний хагалгаа 8.2 сая төгрөг болдог байна.
Ирэх онд өндөр өртөгтэй иймэрхүү эмчилгээний зардалд зориулжэрүүл мэндийн даатгалаас 13 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт үзүүлэх юм байна. Гуравдугаар эмнэлэгт ихэнх санхүүжилт буюу 4.3 тэрбум орчимтөгрөгийг хуваарилжээ. Иргэдийн халааснаас гарч байсан их хэмжээний мөнгө хэмнэгдэж байгаа хэмээн эмч нар ярьж байлаа. Өндөр үнэтэй хагалгаанд орлоо гэхэд 75 хувийг ньэрүүл мэндийн даатгалаас 25 хувийг иргэн төлөхөөр зохцуулагдаж байгаа гэнэ.
Гуравдугаар эмнэлэгтөчигдөр зүрх судасны вакуумжсан хагалгааны өрөөнөөс гадна 4D хэт авианы оношилгооны аппаратны нээлт болсон юм. Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны тоног төхөөрөмжийг ч шинээр хүлээж авлаа.
Нүдний торлог шилэнцэрийн хагалгаа Монголд тэр бүр хийгддэггүй, ганцхан “Болор мэлмий” хийдэг байж. Ихэнх нь гадаадад очиж эмчлүүлдэг байжээ. Тус хагалгааны зардал нь 1.5-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Гуравдугаар эмнэлэг нүдний торлог шилэнцэрийн мэс заслын микроскопыг хүлээн авснаар хагалгаа хийх боломжтой газар ийнхүү нэмэгдлээ. Улсын эмнэлэгт нүдний торлог шилэнцэрийн хагалгааг хийгээд эхлэхэд иргэдэд даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломж гарч ирж байгаа юм байна.
4D эхотой болсон эмнэлгийн оношилгооны түвшин сайжрах нь. Улсын эмнэлэг анх удаа 4D эхотой болж байгаа нь энэ аж. Эхогоор харж болох бүх эрхтэнүүдийн оношилгоонд дэвшил гарчээ.
Ирэх жил тус эмнэлэг тархины мэс заслын вакуумжсан өрөөтэй болох саналыгЭрүүл мэндийн яаманд гаргажээ. Хагалгааны өрөөг тэрбум орчим төгрөгөөрсайжруулчихвал хагалгаанд чанарын маш том өөрчлөлт гарна хэмээн эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа.
С.АРИУНЖАРГАЛ