Categories
мэдээ нийгэм

Цахимаар газар олгох байршлыг дүүргийнхнээс асуулгүй шийджээ

-Багануур дүүргийнхэн салхин дээрээ гэр хороолол байгуулахыг эсэргүүцэж байна-

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10/39 дугаар тогтоолоор 52 байршилд цахим газар олголт хийхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу нийт 52 байршилд 15309 га газрыг 164620 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Эхний таван байршилд газар өмчлөх хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч сонгон шалгаруулалт явуулах ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 01-нээс 15-ны хооронд зохион байгуулсан билээ.

Энэ хугацаанд 1524 га газарт 14954 иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан байна. Үүний үр дүнд 12911 иргэн газраа өмчилж аваад байгаа ажээ.

Харин хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл ирэх 2015 оны нэгдүгээр сард явагдана. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14490 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна.

Иргэд өмнө нь цахимаар газар өмчлөх хүсэлтээ гаргаж, бүртгүүлэх талаар тодорхой туршлагатай учир хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт нэлээд дэвшилттэй болох байх. Харин энд нэг шүүмжлэлтэй хандмаар зүйл байгаа нь Нийслэлийн өмчийн харилцааны газрынхантай холбоотой.

Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Зураг төслийн хүрээлэн, Ерөнхий төлөвлөгөөний газрынхан иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх байршлуудыг тодорхойлохдоо цаг заваа хэмнэх гэсэндээ юу, эсвэл залхуурсандаа юу зарим дүүрэгт газар олгох байршлыг өөрсдөө дур мэдэн сонгосон байна.

Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт цахимаар газар олгосон. Одоо хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтаар мөн уг байршилд газар олгоно. Гэтэл энэ байршлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан Багануур дүүргийн удирдлага болон холбогдох байгууллага, иргэдтэй зөвлөлдөж, саналыг нь авалгүйгээр “дээгүүрээ” шууд шийдсэн юм байна. Нэг үгээр хэлбэл цахимаар газар олгох байршлынхаа талаар ямар ч судалгаа хийгээгүй, газар дээр нь очиж үзээгүй гэсэн үг. Тэнгэр харж байгаад л Тариан булаг гэдэг газар гурван байршилд газар олгоно гээд биччихсэн хэрэг л дээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар нийслэлийн холбогдох газар, албаны мэргэжилтнүүд сансарын JPS зурган дээр тулгуурлаад Тариан булгийн байршилд газар олгохоор зураглал хийсэн ажээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн сард Багануур дүүрэгт ажиллахдаа тус дүүрэгт цахимаар газар өмчлүүлэх байршлыг холбогдох байгууллагынхан хотоос шууд шийдвэрлэснийг сонсч, ингэж болохгүй гэдгийг хатуухан хэлжээ.

Дүүргийн төр захиргааны байгууллага болон оршин суугчидтай нь зөвшилцөхгүйгээр дээгүүрээ шийдвэр гаргаад хэрэгжүүл гэж байгаа нь амьдрал дээрээ нийцэхгүй байгааг Багануур дүүргийн удирдлагууд болон жирийн иргэд хэлж байна. Сансарын JPS зураг харж байгаад газар олгохоор шийдсэн Тариан булаг нь суурьшлын бүс байгуулахад тийм ч тохиромжтой бус. Дүүргийнхээ төвийн салхин дээр гэр хороолол нэмээд байх сонирхол багануурчуудад байхгүй ажээ. Энэ талаар Багануур дүүргийн иргэдийн санал бодлыг сонсоход бүгд л шүүмжлэлтэй хандаж байв.

Сүүлийн жилүүдэд Багануур дүүргийн гэр хороолол эрчимтэй тэлж, өвлийн улралд төв хэсэгтээ нийслэлээс дутахааргүй утаа ихтэй болоод байгаа гэнэ. Гэтэл дахиад салхин дээр нь орших Тариан булагт газар олгож гэр хороолол байгуулах юм бо Багануурын агаарын бохирдол улам нэмэгдэнэ гэж оршин суугчид нь үзэж байна.

Анхан, дунд шатны байгууллагуудтайгаа хамтарч ажилладаггүй, иргэд оршин суугчдынхаа санал бодлыг сонсдоггүй төрийн байгууллага, албан тушаалтнуудын амьдралаас хэт тасарсан шийдвэрийн нэг жишээ энэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *