Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглахаар болсон. Гэтэл уг яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар тохижуулж, бэлэн болгоход 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Мөн тус яамныхан энэ барилгаасаа нүүхэд нүүлгэн шилжүүлэлтэд багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гээд байгаа юм. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. “Зам тээврийн яамныхан барилгаа хүүхдүүдэд өгөхгүй гэж харамлахдаа их тоотой мөнгө хэлж байна”, “Зам тээврийн яамныхан нүүх дургүй байна” гэж харж байгаа хэсэг байхад нөгөө талд “Үнэхээр 6.5 тэрбум төгрөг гаргаж яамны байрыг янзлах юм бол тэр мөнгөөр хүүхдийн шинэ эмнэлэг барьчихаж болно шүү дээ. Хуучин, хэзээ мөдгүй нурчих барилгыг булаацалдах хэрэг байна уу” гэсэн санал явж байгаа юм.
Дөрвөн давхар барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэсэн нь хэр үндэслэлтэй юм бол? Конторын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хэд хэдэн давуу тал байдаг талаар барилга, архитектурын “Modular house” ХХК-ийн архитектор Д.Ганзориг ярьж байна. Тэрээр “Энэ хоёр барилга нь хоёулаа коридорын системтэй. Конторын зориулалттай барилга нь коридорын системтэй учир эмнэлгийн зориулалтаар ашиглахад таарч, тохирох талаасаа арай ойролцоо нь. Хоёрдугаарт, оффисын барилга нь олон нийтийнх, олон хүн сууж ажилладаг гэдэг утгаараа нийтийн бие засах газрыг нь шийдсэн байдаг болохоор эмнэлгийн зориулалтаар ашиглахад дөхөм. Гэхдээ конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалттай барилгаар ашиглахад агааржуулалт, гэрэлтүүлгээс эхлүүлээд хүндрэл гарна. Эмнэлгийн өрөө бүрт угаалтуур байх ёстой. Хэвтрийн өвчтөний өрөөнд бие засах өрөө гаргах хэрэгтэй байдаг. Энэ талаасаа харахад оффисын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглая гэвэл сантехникээсээ эхлүүлээд ажиллагаа орно. Гэхдээ Зам тээврийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч янзлахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь арай л их тоо болов уу, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ өртгийг оруулаагүй бол шүү дээ. Тэр чинь канад технологиор 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих мөнгө шүү” гэлээ. Барилгын салбарын зарим төсөвчдөөс энэ талаар тодруулахад “Шууд хараад хэлэхэд маш хэцүү. Сууж, төлөвлөгөө гаргаж байж хэлэх тоо. Ямар үндэслэлээр тийм тоо гаргасныг мэдэхгүй. Барилгын анхны зураг төслийг харж байж л хэдий хэмжээний зардал гарахыг хэлдэг. Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад зардал их гарна. Нэлээд ярвигтай ажил. Ядаж л сантехникийн шинэ холболт явуулах учраас ажиллагаа их гарна. Гэхдээ яамны одоо байгаа засварын байдлаас хамаг зүйл шалтгаална. 6.5 тэрбум гэдэг том тоо шүү” гэсэн хариулт өгч байлаа.
Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байгаа анхны тохиолдол нь энэ биш юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг конторын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулаад 22 жилийн нүүр үзэж байгаа юм. Найман давхар уг барилгад 1985 онд Цалин, хөлсний хороо анх байрлаж байгаад 1992 онд Чингэлтэй дүүргийн эмнэлэг орсон юм байна. Хүүхдийн тасаг нь байнгын ачаалалтай. Уг нь 80 ортой ч өчигдрийн байдлаар 148 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Саяхан айхавтар ханиад гарахад хүүхдийн тоо 168 хүрч хэцүүдсэн гэнэ. Оргүй гээд буцаах хэцүү хандаж ирсэн хүүхэд бүрийг багтаахыг хичээж сувилагчдын өрөө, мэдрэлийн тасаг гэх мэт өрөөнүүдийг суллан байж хүүхдүүдээ хүлээж авсан талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч Х.Чинзориг ярилаа. Тэрээр “Хүүхдийн эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Манай эмнэлэг хэдий эмнэлгийн зориулалттай биш ч бид өөрсдийн нөхцөл бололцоогоороо ямар л боломж байна бүхнийг эрэлхийлж ажилладаг. Ариутгал, агааржуулалтыг тогтсон дүрэм журмын дагуу тодорхой хугацаанд тогтмол хийдэг. Яавал олон хүүхдийг авч эмчлэх вэ, өвчтөнүүдээ тав тухтай орчин хэрхэн эмчлээд гаргах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэсэн юм. Энэ барилгын өрөөнүүд анх томоос том цонхтой, цэлийсэн өрөөнүүд байжээ. Эмнэлгийнхэн улсын төсөв болон өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаж хүүхдийн өрөөнүүдээ боломжоороо тохижуулж, өрөө бүрийг нь сантехникт холбож эмнэлгийн дайтай эмнэлэг байлгаж авч явахын төлөө ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Зам тээврийн яамныхан “Биднийг яамныхаа барилгыг харамласан гэх утгаар нь хүмүүс хүлээгээд авчихлаа. Тэр 6.5 тэрбум гээд байгаа чинь Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо. 6.5 тэрбум гэж танилцуулсан нь үндэслэлгүй, яаран гаргасан тоо байна гэж зарим дарга шүүмжилсэн байна лээ. Харин тэр 200-300 сая гэдэг чинь манай яамныхны нүүлгэн шилжүүлэлтэд шаардах төгрөгийн хэмжээ юм” гэсээр угтлаа.
Нүүлгэлтийн иж бүрэн үйлчилгээ эхэлдэг газруудын тарифыг сонирхвол ачааны машин нь маркаасаа шалтгаалаад 70-160 мянган төгрөгийн үнэтэй үйлчилнэ. Дээр нь нэмэлт үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ширээ, шүүгээ салгаж, угсарна гэвэл мөнгө нэмнэ. Тэгээд зөөж байгаа эд хогшлыг хэдэн давхарт гаргахаас шалтгаалан давхар бүрт арван мянган төгрөгийн нэмэгдэл авна. Дунд зэргийн оффистой төрийн байгууллагыг нүүлгэлээ гэхэд ихээр бодоход хоёр сая төгрөг болдог юм байна. Гэхдээ очиж ямар бараа, эд хогшил нүүлгэх вэ гэдгээ харж байж үнэ хөлсөө тодорхойлж, шинэ хайрцаганд битүүмжлүүлэн зөөлгөх үү, яах уу гэж харилцан тохиролцдог юм байна. Ингэхээр ЗТЯ-ыг нүүлгэхэд хэдий хэрийн мөнгө зарцуулах бол гэж бодоход тодорхой хэмжээний тоо гарч ирж байна.
Багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоог тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд гаргажээ. “Энэ бол багаар тооцож гаргасан тоо. Нарийвчлан гаргаагүй л дээ. Аливаа айл нүүхэд гэр бүлийн аль нэг гишүүн нь “За манайх нүүхэд төдий хэрийн хэмжээний зардал гарах нь” гэж тооцоолдог шүү дээ. Тэрэн шиг л тооцоолсон. Манай яам хоёр тийш салж нүүх юм. Хоёр тал руу нүүнэ гэхээр нүүлгэлтийн зардал хоёр гарна гэсэн үг. Энэ зардалд ажилчдын компьютерийг сүлжээнд холбох, харилцаа холбооны, камержуулалтын гээд олон дагалдах зардал орж байгаа” гэж тус хэлтсийн мэргэжилтэн хэлсэн юм.
Зам тээврийн яамныхан Засгийн газрын шийдвэрийг бүрэн хүндэтгэн үзэж байгаа бөгөөд нүүхэд бэлэн гэцгээж байна. Гэвч Зам тээврийн яамны барилга буюу Засгийн газрын XIII байрны захиргаанаас уг барилгынхаа талаар танилцуулга бэлдэж, доорх хэдэн зүйлийг дурдсан байна.
Уг барилга нь 1986 онд ашиглалтад орсон. Угсармал шугаман суурьтай, цутгамал баганатай, зоорьгүй, дөрвөн давхар конторын зориулалттай, авто тээвэрчдийн хандив тусламжаар засвар хийгдсэн барилга юм байна. Дулааны шугамууд нь нимгэрч, даралт даахгүйгээс цооролт үүсч эхэлсэн бөгөөд шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсон, бөглөрсөн зэргээс халаалт доголддог гэнэ. Оффисын зориулалтаар ашиглагдахаас цаашгүй тус байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад нэг талаас Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дугаар заалтыг зөрчиж байгаа гэж үзжээ.
Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эрүүл мэндийн яамнаас ирсэн хэсэг албан хаагчид тус яамны байрыг таван минутад ч хүрэхгүй хугацаанд харсан төдий болж, зөвхөн гадна өнгө, машины зогсоол зэргээр нь үнэлсэн гэж үзэж байгаа аж. Тэгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж, буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа аж. Уг танилцуулгынхаа төгсгөлд Зам тээврийн яам 2012 оны наймдугаар сараас хойш энэ байрандаа нэг тэрбумаар зогсохгүй хөрөнгөөр засвар, үйлчилгээ хийсэн нь үр дүнгүй өнгөрөхөд хүрч байна гэсэн байна. Зам тээврийн яамныхан нүүрэн дээр засгийнхаа шийдвэрийг дагана, нүүнэ гэж байгаа ч энэ танилцуулга, байр сууринаас нь дүгнэхэд буурин дээрээ үлдэх сонирхол байх шиг. Байраа их муу, хуучны, хэзээ мөдгүй нурчихна, энэ харагдаж байгаа гоё засвар нь зүгээр өнгөн төдий. Жинхэндээ энэ барилга инженерийн бус аж ахуйн аргаар баригдсан, мэргэжлийн байгууллагаар паспортжуулагдаагүй байшин гэж ойлгуулахыг хүсч байгаа нь зарим хүнийг төөрөгдүүлж байна. Яригдаад байгаа 6.5 тэрбум, 200-300 сая төгрөг гээд байгаа тоонууд бол ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, сайд дарга нарынхаа өмнө хоосон цаас үзүүлэхгүй гэхдээ барагцаалан хэлсэн цифрүүд болж таарч байна уу.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН